Архангай аймгийн Тариат суманд явж байсан “Хараацайн жигүүр” компанийн 59-28 УБЦ дугаартай “ФАЗ” автобус онхолджээ. Уг автобусанд 29 зорчигч явсан байна. “Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр 05.30 цагт осол гарсан.
Хүн бэртэж гэмтээгүй” гэсэн мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Үүнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга С.Батболдоос нягталлаа.
-Тариатад автобус онхолджээ. Юунаас болж ийм осол гарав?
-Өглөөгүүр жолооч нь үүрэглэж яваад замын хажуугийн жалга руу орчихсон байна лээ.
-Зорчигчид нь зүгээр гэдэг үнэн үү?
-Хүн бэртэж гэмтээгүй. Цахираас нааш 12 км зайтай газарт өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт энэ осол гарчээ. Тариат сумын цагдаагийн хэсгээс хүн очиж шалгасан. Одоогоор Цагдаагийн байгууллагын дүгнэлт манайд ирээгүй байна.
-Энэ автобусанд танай хяналтын камер байгаа юу?
-Үгүй. Дархан-Эрдэнэтийн чиглэлийн 50 автобусанд хяналтын камер суурилуулсан. Одоо 30 гаруй нь камертай явж байгаа. Хот хооронд зорчигч тээвэрлэхээ больсон автобусны камерыг өөр автобусанд шилж үүлэн суурилуулж байгаа.
-“Хараацайн жигүүр”-ийн автобус өмнө нь осолдож байсан уу?
-Өнгөрсөн хоёрдугаар сард Солонготын даваанд нэг машин унаж, нэг зорчигчийн мөр мултарч байсан.
Х.ИРМҮҮН