Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хооронд 2007 онд байгуулсан “Үй олноор хөнөөх зэвсэг, түүнийг тээвэрлэх систем, холбогдох материалыг далайд дэлгэрүүлэхийг хориглох талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хүрээнд Монголын далбаатай хөлөг онгоцонд нэвтрэх асуудлаар сургалт семинар болжээ.
Сургалтад ТЕГ-ын дарга Р.Болд, Монголын Терроризмтай тэмцэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүн байгууллагын төлөөлөл, АНУын Төрийн болон Хууль зүйн департаментын төлөөлөгчид оролцсон байна. Оролцогчид цаашид Монгол Улсын далбаатай хөлөг онгоцыг хамтран шалгах болон далайн тээвэрлэлтэд хориг тавихтай холбоотой эрх зүйн актууд, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай журмын талаар санал солилцжээ.
Үй олноор хөнөөх зэвсгийг ашиглах сонирхолтой улс, бусад этгээдийн хоорондын агаарын болон усан зам ашиглан дамжуулах үйл ажиллагааг дэлхийн улс орнууд хамтын хүчээр таслан зогсоох санаачилгыг 2003 онд АНУаас гаргасан бөгөөд 11 улс тус улстай хамтран ажиллах хэлэлцээр байгуулсны нэг нь Монгол Улс аж.
Г.ЦОЛМОН