Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнд шинжилгээ хийх явцад 2,263 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 1,650 орон нутагт 613 тохиодол бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах долоон тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 17 хүртэлх насны хүүхэд 26.3 хувь буюу 500 гаруй хүүхэд коронавирусээр халдварлажээ. 18-59 насныхан 66 хувь, 60-аас дээш насныхан 7.8 хувийг эзэлж байгаа нь хүүхэд болон вакцин хийлгээгүй иргэд ихэвчлэн өвдсөн байна. Ингээд улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 77573 болов.
Харин халдварын улмаас найман иргэн нас барсан харамсалтай мэдээ байна.
Мөн хугацаанд 523 хүн сүүлийн 24 цагт эмнэлэг, гэрийн хяналтаас гарснаар нийт 57 025 хүн эдгэрчээ.
Халдварын улмаас 9,323 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 5,839
- Хүндэвтэр - 2,562
- Хүнд - 766
- Маш хүнд - 156 хүн байна.