Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын бүсэд буусан 1.098 өрх, аж ахуйн нэгж байгаагаас 108 нь зөвшөөрөлгүй, 386 нь өмчлөх, 604 нь эзэмших эрхтэй байгаа аж. Үүнээс 383 байгууллага, аж ахуйн нэгжид үерийн аюултай бүсээс нүүж, газар чөлөөлөх мэдэгдэх хуудсыг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хүргүүллээ. Мөн Баянзүрх дүүргийн нутагт орших үерийн хамгаалалтын бүсэд буусан зургаан айлыг нүүлгэн шилжүүлээд байгаа гэнэ.
Өнгөрсөн удаад орсон үргэлжилсэн борооны улмаас усны түвшин нэмэгдэж, нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үер болж, зам, талбай, айлуудын хашаа, байшин усанд автаад буй. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар зам засвар ашиглалтын газрууд хамтран үерийн усыг зайлуулах шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.