Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших Хараа гол үерлэж, нэг айл усанд автсан тухай дуудлагыг өчигдөр 10.25 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар дээрх аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид таван километр замыг туулан 10.37 цагт очиж иргэн А-гынха усанд автсан байсныг нэг цаг 58 минут ажиллан, хоёр том хүн, хүүхдийг усанд осолдохоос аварчээ. Одоогоор Баянгол сум дахь Галт түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газраас долоон ажилтан, тусгай зориулалтын нэг автомашинтай, орон нутгийн найман иргэний хамт үерийн усыг зайлуулах, далан босгох арга хэмжээ авч ажиллажээ.
Дээрхээс гадна тус аймгийн Мандал сумын нутаг орчмын Хараа голын үерийн усны түвшин нэмэгдэж, малчин Т, Т, Г-гын гэр бүлийн найман том хүн, зургаан хүүхэд, 374 бог мал, гурван гэр усанд боогдсон байсныг дээрх сумын Онцгой байдлын газрынхан аюулгүй болгожээ.
Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт орших Хараа голоос гадна Ерөө голын усны түвшин нэмэгдэж, үерлэсэн талаар Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлээд байна. Тухайлбал, Ерөө сумын малчин айлын 500 бог, 30 бод мал тус голын үерийн усанд боогдсон тухай дуудлагыг өчигдөр 13.00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, ангийн алба хаагчид, Ерөө сумын байгаль орчны улсын байцаагчаар ахлуулсан ажилтнууд 98 км замыг туулан 17.50 цагт очиж, дөрвөн том хүнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, 500 бог, 30 бод малыг Ерөө голоор гаргах арга хэмжээ аван ажиллаж байгаа гэнэ.
Үүнээс гадна хэд хэдэн айл үерийн усанд боогдсон тухай дуудлагыг ирүүлсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж, иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг сэрэмжлүүллээ.