Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Халуун рашаан гэх газар энэ сарын 4-ний 20.05 цагт сансрын дохиоллын тусламжтайгаар ойн түймэр дэгдсэнийг илрүүлжээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид өчигдөр 15.18 цагт түймрийн голомтод очсон байна. Газар дээр нь очиж ажиллахад түймрийн голомтын хойд талаар уулын ам дагуу хоёр километр орчим талбай угаартай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан гэнэ. Одоогоор алба хаагчид гурван бүлэгт хуваагдан түймрийн зүүн болон зүүн хойд хэсгийг унтраахаар ажиллаж байгаа хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.