Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлээд байгаа билээ. Төслийн хүрээнд Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтын олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Үүний хүрээнд Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалын гол бүс болох Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам тавихаар төлөвлөөд байгаа аж. Мөн Хатгал орчимд найман авто зогсоол байгуулахаар төлөвлөн, инженерийн нарийвчилсан зураг төслийг боловсруулж, экпертизээр батлуулан, магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсан гэнэ.
Төслийн авто замын зургийн хяналтын зөвлөх зургаан сарын хугацаанд ажиллаж нийт 13 боть бүхий “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ”, “Инженер-геологийн судалгаа”, “Археологи, Палеонтологи, Угсаатны зүйн судалгаа” болон гурван чиглэлийн авто зам, авто зогсоол барих инженерийн нарийвчилсан зураг төслийг боловсруулж, хэрэгжүүлэх нэгжид нь өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өгсөн хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд мэдээлэв.