Нийслэлийн Засаг даргын А/338 дугаар захирамжийн дагуу иргэдийн амрах, зугаалах, чөлөөт цагийг ая тухтай, зөв боловсон өнгөрөөх орчин нөхцөлийг бий болгох зорилгоор “Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах концепц, загвар зураг боловсруулах уралдааныг өнгөрсөн сард зарласан билээ. Уралдааныг 21 хоногийн хугацаанд зарласан бөгөөд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуусын хамтарсан нийт найман баг бүтээлээ ирүүлсэн юм. Бүтээлүүдийг тавдугаар сарын 20-23-ныг дуустал Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудсанд байршуулж иргэд, олон нийтээс санал авсан бөгөөд 7.500 хүн санал өгчээ. Олон нийтийн ирүүлсэн саналаас гадна нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уралдааныг дүгнэх комисс удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу бүтээлүүдийг дүгнэж, нэгдсэн үнэлгээг гаргаж, шилдгүүдийг тодрууллаа.
Уралдааны тэргүүн байранд “Riverside Paradise” баг, дэд байранд шалгарсан “Оюут” компанийнхан шалгарчээ. Шагналыг нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн болон Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нар гардуулж өгчээ.
Тэргүүн байранд шалгарсан багийн гол үзэл санаа нь Туул голын эко системийг хамгаалах, байгалийн нөхөн сэргээлт хийж, тогтцыг хадгалан, бүх насны болон зорилтот бүлгийн иргэдэд зориулсан олон нийтийн амралт, зугаалгын ая тухтай орчныг бүрдүүлж, гадаргын усыг хуримтлуулан нуур, цөөрөм үүсгэхийг зорьсон шийдэл байжээ. Шилдгээр шалгарсан бүтээлийн концепц, үзэл санааны дагуу тохижилтын ажлын зураг, төсвийг хийх гэнэ.
Тэргүүн байрт шалгарсан “Riverside Paradise” багийн бүтээл