Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар, Олон улсын хатуу хог хаягдлын холбооны үндэсний гишүүн, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Д.Батжаргал нар хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн гол зорилго нь дахин боловсруулах салбарын аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх тогтолцоог боловсруулж, холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэх гэнэ. Мөн хог хаягдал дахин боловсруулах, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр төсвийн болон хандивлагч улс орнуудын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хамтран биелүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр сургалт сурталчилгааны болон олон нийтийн нөлөөллийн арга хэмжээг хамтран зохион байгуулна хэмээн Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос мэдээлэв.
Үүнээс гадна хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд дахин боловсруулах үйлдвэрүүд болон дахивар нөөц худалдан авах цэгийн байршил, худалдан авах үнэ зэрэг холбогдох мэдээллийг хамруулсан апплейкшныг хамтран хийж, дахин боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, нөлөөллийн ажлыг зохион байгуулахаар болжээ. Уг апплейкшинд дахин боловсруулах 60 үйлдвэр, дахивар нөөцийн 130 цэгийн мэдээллийг оруулахаар төлөвлөөд байгаа аж.