Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр хашаа, хайс цэгцлэх, орц, гарц гаргах, зөрчлийг арилгасны дараа зам засвар, тэмдэг тэмдэглэгээг байршуулах ажлын талаар Улаанбаатар зам засвар арчлалтын газрын дарга Б.Галхүү мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, талбайд 599 тэмдэг шинээр суурилуулсан. Эл ажлыг гүйцэтгэхэд зарцуулсан хөрөнгө өмнөхөөсөө 40 хувиар нэмэгдлээ. Одоогоор 30 мянган ам метр замын нөхөөсний ажлыг хийхээр төлөвлөж байна” гэв. Үүний хариуд Хотын дарга иргэдийг бухимдуулсан, дутуу ажил хийж болохгүйг санууллаа.
Дараа нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн талбайг нөхөн сэргээх ажлын явцын талаар нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр танилцуулав. Тэрбээр “Тендер зарлаж, хоёр компани оролцсон ч шаардлага хангахгүй байсан учраас цуцалсан. Энэ долоо хоногт дахин зарлана. Нөхөн сэргээх ажил эхэлсэн. Энэ жил 125 га-д техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн” гэв. Мөн Улаанбаатар хот орчмын түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалтын бүсийг тогтоолгох ажлын хэсэг байгуулсан талаар мэдээлэв.