МИДАС, “Бодлогод залуусын хяналт”, “Нээлттэй нийгэм форум”, “Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв”, “Глоб интернэшнл төв” зэрэг төрийн бус байгууллага нэгдэж, “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-г байгуулан, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хөндлөнгийн ажиглалт, хяналт хийж байгаа. Санал авах өдрийн, санхүүжилтийн, цахим сүлжээн дэх сурталчилгааны, сонгогчийн нэрийн жагсаалтын, автоматжуулсан системийг сонгуульд бэлтгэх үйл явцын гэсэн дөрвөн чиглэлээр тэд мониторинг хийж эхэлжээ. Дээрх сүлжээний гишүүн байгууллагуудаас өнгөрсөн баасан гарагт энэ талаараа мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотод сонгуулийн 457 хэсэг байгуулснаас 50-д нь санал авах өдөр хөндлөнгийн ажиглалт хийхийг “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын төлөөлөл хэлэв. Мөн Төв, Баянхонгор, Увс аймаг, БНСУ-ын Сөүл, Японы Токио, АНУ-ын Нью-Йоркт ажиглагч ажиллуулахаар төлөвлөжээ. Тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Т.Энхжаргал “Сонгуулийн зардлын дээд хэмжээг 8.1 тэрбум төгрөг гэж Үндэсний аудитын газар (ҮАГ) тогтоосон. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь зөвхөн нам, эвслүүд зардлын тайлангаа гаргана. Тавдугаар сарын 27-ноос өмнө нам, эвслүүд сонгуулийн зардлын дансны дугаараа бүртгүүлсэн байх ёстой. Харин долдугаар сарын 24-нөөс өмнө зардлын тайлангаа хувийн аудитын байгууллагаар баталгаажуулж, ҮАГ-т хүргүүлэх хуультай. Түүнээс хойш 60 хоногийн хугацаанд ҮАГ хяналт, шалгалт хийж, аудитынхаа дүнг танилцуулна. Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлэг ил болсон. Сонгуулийн зардлын тайланд хийсэн аудитын дүнгээ ҮАГ дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагатай. Мөн нам, эвслүүд тус газарт хүргүүлсэн тайлангаа өөрсдийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой. Үүнийг хуулиар хориглоогүй” гэв.
Үндсэн хуулиар олгосон ялгаварлан гадуурхалтаас ангид байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зэрэг хүний эрх, эрх чөлөө цахим сүлжээнд хэр зөрчигдөж буйд “Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв”-өөс мониторинг хийж буй аж. Цахим сүлжээн дэх мэдээллийн тархац сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр нэлээд өссөн бол аажмаар буурах хандлага ажиглагдаж байгаа гэнэ. Түүнчлэн цахим сүлжээнд эерэг мэдээлэл нь давамгайлж буйг тус төвийнхөн хэлсэн бөгөөд зохион байгуулалттайгаар, ижил утга агуулга бүхий мэдээллийг түгээсэн, эсэхэд хяналт тавьж байгааг дуулгав.
Хамгийн олон үзэгчтэй таван телевизээр түгээж буй мэдээ, мэдээлэлд “Глоб интернэшнл төв”-өөс дүн шинжилгээ хийж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу радио, телевизүүд нь сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийг түгээх үүрэгтэй бөгөөд өмнөх сонгуулиудтай харьцуулахад ийм төрлийн контентын тоо өссөнийг хэллээ. Мөн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт хөндлөнгөөс дүн шинжилгээ хийж түгээх, хууль сурталчлах, таниулах төрлийн контентыг хязгаарлах гэсэн хандлага ажиглагдаж буйг дээрх төвийн хуульч Б.Пүрэвсүрэн өгүүлэв.
МИДАС төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал С.Энхжаргал “Сонгуулийн автоматжуулсан системийг өөрчилж, шинэчилсэн буюу 5.14 гэсэн хувилбартай болгосон. Уг системийн эрхийг эзэмшигч “Доминион вотинг” компанийнхантай СЕХ, төрийн бус байгууллага, улс төрийн намууд, ТЕГ-ын төлөөлөл цахимаар уулзаж, дээрх шинэчилсэн хувилбарыг туршсан. Мөн “хар машин”-ыг туршиж, шалгах хуваарийг гаргасан бөгөөд үүний дагуу нам, эвсэл, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл саналын хуудсыг өөрсдөө бөглөн, эсвэл бөглөснийг нь уншуулж, дүнг нь үзэх боломжтой” гэв. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр зарим нэр дэвшигчийн саналын тоо таслалтай гарсан. Тэгвэл энэ нь төхөөрөмжөөс дэлгэц рүү дамжуулах хооронд гарсан алдаа бөгөөд зургадугаар сарын 5-нд үүнийг туршиж үзэх боломжийг СЕХ-ноос олгохоо тэдэнд мэдэгджээ. Санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө сонгогчийн нэрийн жагсаалтыг нам, эвслүүдэд нэг удаа олгох бөгөөд ийм богинохон хугацаанд үнэн, эсэхийг нь шалгах боломжгүйг С.Энхжаргал онцлов.