Хэдэн өдрийн өмнө Гавьяат барилгачин цол хүртсэн нэгэн эрхмийг зочноорооо урилаа. Түүнийг Ламжавын Эрдэнэчимэг гэдэг. Монголын барилгын салбарын 95 жилийн түүхэнд арматурчдаас анх удаа Гавьяат болж, “салхи” хагалсан хүн нь эмэгтэй байж таарсан нь бас нэгэн онцлох үйл явдал юм. Санамсаргүй байдлаар барилгачин болох замыг сонгосноос хойш 40 гаруй жил энэ салбартаа тууштай, шаргуу хөдөлмөрлөснийхөө үр дүнг амсаж яваа Гавьяат барилгачин Л.Эрдэнэчимэг өдгөө “Жигүүр гранд” компанийн арматурын бригадын даргаар ажиллаж байна.
-Төрийн ордонд Ерөнхийлөгчөөс шагнал гардахдаа юу бодсон бэ. Зарим хүн сандарч балмагдаад юу ч бодоогүй гэдэг юм билээ. Та хэр байв?
-Үнэхээр сандардаг юм билээ. Энд тэндээс хүмүүс юм асуугаад л байсан. Дараа нь бодлоо, “Би юу гэж ярьсан бол” гэж.
-Гавьяат барилгачин болох замнал тань хэрхэн эхэлж, ямар учралаар энэ салбартай амьдралаа холбосон бэ. Хүсэж мөрөөдсөн сонголт байв уу, эсвэл хэн нэгний зөвлөснөөр явсан уу?
-Би Увс аймгийн Сагил сумд төрж, өссөн хүн. Наймдугаар ангиа төгсөөд, амралтаараа Улаанбаатар хотыг үзэх санаатай нийслэлд анх ирсэн юм. Тэгж байтал хамаатны маань нэг ах “Хотод барилгын техникумд сур” гэхээр нь юу ч бодолгүй зөвшөөрчихсөн. Багадаа шугам зургийн багш болно гэж хааяа боддог байлаа. Ингээд бодох нь ээ, барилгачинтай бага зэрэг дөхүү мэргэжил юм уу даа. Тэр сургуульд өрлөгчний мэргэжлээр хоёр жил сурч, 1978 онд төгссөнөөсөө хойш 43 дахь жилдээ барилгын салбарт ажиллаж байна. Өрлөгчнөөр 10 гаруй жил ажиллахдаа УНТЭ, ЭХЭМҮТ, Төмөр бетон заводын өргөтгөл, цэцэрлэг, сургуулийн барилга зэрэг улсын хэмжээний том бүтээн байгуулалтад оролцсон. Ингэж яваад 1990-ээд онтой золголоо. Тэр үед Югославын талтай хамтран “Чингис хаан” зочид буудал барих бэлтгэл ажил эхэлсэн байжээ. Ингээд биднийг югослав мэргэжилтнүүдийг дагалдуулан сургаж, зааж, зөвлөж, зарим нэгээр нь бригад удирдуулан ажиллах болсон юм. Намайг ТМС төгсөөд ирсэн 25 хүүхдийг ахлаад арматурын ажил хариуц гэсэн. Ингэж өрлөгчнөөс тэс өөр мэргэжлийн ажилд томилогдсон доо.
2000 оноос хойш “Жигүүр гранд” гэсэн том “айл”-ын гишүүн болж, олон ч сайхан барилгыг хамт олонтойгоо сүндэрлүүллээ. Үүний үр шимээр Гавьяат барилгачин гэсэн эрхэм хүндтэй цолоор мялаалгаад туйлын баяртай байна. Энэ ташрамд, группийнхээ ерөнхийлөгч Д.Баттөр, ерөнхий захирал Б.Халиун болон хамт олондоо талархаж явдгаа танай сониноор дамжуулан хэлье.
-Барилгын арматур зангидна гэдэг асар хариуцлагатай, хүнд хөдөлмөр. Энэ ажлын онцлог болон арматур зангидахад юуг анхаарах ёстой вэ?
-Барилгын ажил бүхэлдээ асар их хариуцлага, сэтгэл шаарддаг. Тэр дундаа арматур зангидах нь тулгуурыг босгоно гэсэн үг. Хүнээр бол хөл, гарыг нь “урлаж” байгаагаас ялгаагүй. Арматур зангидахад тухайн барилгын орц, хийц, норм, даац гээд олон зүйлд анхаарахын зэрэгцээ зураг, төсөл, тооцооллынх нь дагуу ямар ч алдаа мадаггүй хийж, гүйцэтгэх ёстой.
-30 жил энэ мэргэжлээр дагнан ажилласны хувьд арматурын чанарыг “үнэрлээд” л мэдэх байх. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаа нэг хэсэг зогсонги байдалд орж, урд хөршөөс энэ төрлийн бүтээгдэхүүн их хэмжээгээр импортолж байсан үе бий. Сүүлийн үед харин энэ чиглэлээр дотоодын үйлдвэрлэл сэргэж, зах зээлд өрсөлдөөн бий болжээ. Ер нь импортолсон нь найдвартай, найдваргүй гэхчлэн ярьдаг юм билээ. Чанартай, эсэхийг нь зангидах явцдаа мэдэх боломжтой юу?
-Төмөрлөгийн хатуу байдал, тайрах, матах явцад чанар нь ерөнхийдөө мэдэгдэнэ л дээ. Гэхдээ зарчмын хувьд бол арматурын чанарыг шалгасны дараа барилгын талбайд авчирдаг учраас энэ талаар бид дүгнэж ярих боломжгүй.
-Салбарын хэмжээнд арматурчин эмэгтэй хэр олон байгаа вэ?
-Анх арматурчин болох үед минь тийм ч олон байгаагүй. Түрүүн ярьсан, ТМС төгсөөд миний удирдлагад ажиллаж эхэлсэн 25 хүүхдийн 12 нь эмэгтэй байлаа. Одоо бол цөөнгүй байх. Миний удирдлагад өдгөө хоёр бүсгүй энэ мэргэжлээр ажиллаж байна. Хүмүүс “Арматурчин байх хэцүү юү” гэж асуудаг л юм. Миний хувьд хүнд хэцүү санагдаж байгаагүй. Харин маш их хариуцлагатай, “нүд хуурчихна” гэсэн асуудал байж болохгүй ажил. Тиймээс мэдэхгүй, эсвэл эргэлзэх зүйл гарвал заавал асууж, зөвлөж байхыг залуучууддаа захидаг. Ер нь гүйцэтгэл болгоныг шалгаж, хянадаг байх ёстой.
-Барилгын чанарын талаар сайн, муу янз бүрээр л ярьдаг. Ялангуяа орон сууцын дулаан алдалт их байна, хана, шалнаасаа сийгдэг, таазнаас дусаалга гоождог гэхчлэн гомдол тасардаггүй. Энэ юутай холбоотой бол?
-Энэ бол гүйцэтгэгч байгууллагын хариуцлагатай шууд холбоотой асуудал. Материалын болон гүйцэтгэлийн чанар бас их чухал. Үүнээс гадна ур чадвараас илүүтэй сэтгэл шаарддаг ажил. Манай компанийн хувьд материалын хамгийн чанартайг нь сонгодог. Үүн дээр гүйцэтгэлийг сайн хийдэг учраас л эрэлттэй, хүмүүс ам сайтай байдаг гэж боддог.
-Барилгачны аз жаргал юу вэ?
-Хийж, бүтээсэн нь өдөр бүр нүдэн дээр нь ил болохоор харж баярлахын зэрэгцээ хүмүүст орон гэр, хүүхэд, багачуудад цэцэрлэг, сургууль “бэлэглэдгээрээ” бахархдаг.
-Таны оролцсон бүтээн байгуулалтаас хамгийн нүсэр ажил нь юу вэ?
-Төмөр бетон заводын өргөтгөлийн ажил нэлээд нүсэр байсан. Залуу байсан болоод тэр үү, их сүрлэг санагддаг байж, үйлдвэрийн барилга болохоор. Их хэмжээний талбайд, худалдаа, үйлчилгээний төв, оффис, цэцэрлэг, сургуультай цогцоор нь барьж, байгуулдаг болохоор “Жигүүр гранд”-ын бүтээн байгуулалтууд ерөнхийдөө нүсэр талдаа.
-Барилгын компани их ашигтай. Багадаа гэхэд баг болоод явахад ажил тасрахгүй, мөнгө сайн олдог гэх юм билээ. “Зах зээлийн” гэж тодотгодог нийгмийн шилжилтийн үед ингэж өрх тусгаарлаж ажиллах бодол байсан уу?
-Ёстой тийм бодолгүй явж иржээ. Нийгэм солигдоод, хаана ч ялгаагүй ажил хомс, хэцүү болсон цаг үед би “Жигүүр гранд” компанитай холбогдсон. Компанийн захирал “Барилгын компаниудын жишгээс илүү цалин өгнө, манайд ажилла” гэж итгэл хүлээлгэсэн. Үүний хариуд би хүний итгэлийг алдахгүй сайн ажиллахыг л хичээж ирсэн. Цаашид ч хамт олонтойгоо тууштай хичээх болно.
-Хүн өөрийн мэргэжлийн үүднээс ижил төстэй зүйлд, тухайлбал, оёдолчин хүн хувцасны оёдол, шидээс, даавууны чанарыг анзаарч, шүүмжлэлтэй, өөнтөгч хандах нь бий. Та гадуур явахдаа барилгуудыг хараад юу гэж бодож, хэр өөнтөглөдөг бол?
-Гадна талаасаа гоё харагддаг барилга манайд олон байгаа, өнгөний хослол, хийц, үзэмж, тохижилт, цэцэрлэгжүүлсэн байдал зэргээрээ. Тэр дундаас манай компанийнх яалт ч үгүй тодорч харагддаг. Бусдын ажлыг шүүмжлэх нь зохисгүй л дээ, гэхдээ хааяа “Ийм өнгөөр будах дэмий юм байна” гэх зэргээр дотроо шүүмжилчихдэг л юм. Түүнээс биш доторхыг нь ийм тийм гэж хэлэх боломжгүй.
-Өрлөгчин, арматурчин гээд барилгын “арьс, яс”-ыг 40 гаруй жил босголцсон хүнээс асуухад, иргэд сүүлийн үед орон сууцын дотор ханыг нурааж засвар хийх, үйлчилгээний зориулалтаар гадагш нь хаалга гаргах зэргээр дураараа “нүхэлдэг” нь ямар нэгэн эрсдэлтэй юү. Аюулгүй байдал талаасаа үүнийг хориглох хэрэгтэй юү?
-Хуучны барилгуудыг тэгж оролдож болохгүй. Яагаад гэхээр, голдуу тоосго, эсвэл хоёр тэнхлэгийн хооронд хавтан тавьчихсан, даацын чадвар муутай байдаг. Харин бүрэн цутгамал барилгын хувьд зөв хэсэгт нь нураахад харьцангуй боломжтой.
-Хүний мөрөөдөлд хязгаар үгүй гэдэг. Одоо та юу мөрөөдөж байна вэ?
-Мөрөөдөл гэхээр том санагдаад “аймаар” юм. Мөрөөдөл биш, хүсэл гэвэл эрүүл, саруул байж үр хүүхдүүддээ ачаа, тээг болохгүй амьдрах.