Манай улсад хэчнээн цагаан зээр бий вэ. Энэ асуултыг БОАЖЯ, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, улсын тусгай хамгаалалттай газрын “Дорнод” хамгаалалтын захиргааныханд тавихад гурван өөр “таамаг” хэлэв. Нэг нь 900 мянга орчим гэв. Нөгөө нь 700 мянга гаруй хэмээсэн. Удаах нь баттай тоо хэлэх боломжгүй гэсэн. Мэдээллийн зөрүүг нэг тийш болгох зорилгоор интернэт “ухаад” ч нэмэр болсонгүй. Хуучирсан, зөрүүтэй баримт дэндүү олон. Ийм байхаас ч аргагүй аж. Учир нь манай улс дэлхийд Монголоор овоглодог, олон улсын хэмжээнд устаж болзошгүй ангилалд багтаад 15 жилийн нүүр үзсэн цагаан зээрийнхээ тоо толгойн судалгааг сүүлийн 10 гаруй жилд огт хийгээгүй юм байна. Өөрөөр хэлбэл, Монголд яг одоо хэчнээн зээр байгаа нь тодорхойгүй. Гэтэл байгаль, цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөө, дарамтад ихээр өртөж, хорогдож буй амьтдын жагсаалтыг зээр “тэргүүлсээр” удлаа. Бид энэ амьтныг хамгаалах оновчтой арга хэмжээ авч, амьдрах орчныг нь сайжруулахын тулд тоо толгойг нь тогтоох зайлшгүй шаардлага тулгарчээ.
БОАЖЯ-ны Амьтны мэдээллийн санд “Одоогоос 80 жилийн өмнө 4.7 саяас их гэж үнэлэгдсэн. 1978-1979 онд 770 мянган зээр тоолсон бол 1980 оны ган гачиг, өвчний улмаас 150-180 мянга хүртлээ буурсан. 1981 онд популяцын тоо толгой өсөж, 300-400 мянга болжээ. Хамгийн сүүлд буюу 2002 онд үндэсний хэмжээнд хийсэн судалгаагаар Дорнод Монголын цагаан зээрийн нөөцийг 800-900 мянга гэж үнэлсэн байдаг. Өнгөрсөн 20 жилд зээрийн популяц 2.6 саяас 180 мянга хүртлээ эрс хэлбэлзжээ. Популяцын одоогийн хэмжээг нарийвчлан тогтоох буурьтай судалгаа шаардлагатай байна” гэжээ. Харин ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаачдын 2015 оны судалгааны тайланд “1830-аад оны үед Монгол, Орос, Хятадыг дамнасан тал хээр бүхий бүсэд 20-30 сая цагаан зээр байсан бол 2002 онд Монгол орны зүүн бүсэд 800-900 мянгыг бүртгэсэн. Тосон Хулстайн байгалийн нөөц газар буюу Дорнод, Хэнтий аймгийн зааг бүсэд 2000 онд 150 мянга гаруй зээр тоолсон бол 2013 онд 50 мянга хүрч буурсныг Оросын эрдэмтэд тогтоосон” хэмээн дурджээ. Холбогдох, гол байгууллагуудын мэдээллээс дүгнэхэд, манай улс энэ чиглэлийн үндэсний хэмжээний судалгааг 2002 онд хийсэн, тухайн үед 800-900 мянган зээртэй байж гэдгээс өөр барьцтай баримт одоохондоо үгүй аж.
Биднийг ийнхүү алгуурлах зуур зээрийн сүрэг бэлчээрийн доройтол, давхцал, ган, зуд, түймэр, халдварт өвчин, хууль бус ан, амьтанд ээлгүй дэд бүтцийн золиос болж, жилд хэдэн мянгаараа үрэгдсээр байна. Монгол орны зүүн бүс, зээрийн тархац бүхий газар нутаг өдрөөс өдөрт доройтож, унаган зүйл болох зэрлэг амьтдаасаа “нүүр буруулж” эхэлжээ. Хэдэн баримт дурдъя.
Ган, зудын улмаас 2017 онд гэхэд 5000 зээр үрэгджээ. Хулгайн анчид 2018 онд 36 000 орчим зээр агнасныг хууль, хяналтын байгууллагынхан тогтоосон байна. Судлаач, мэргэжилтнүүд 2016 онд төмөр зам дагуух өргөст торыг самнахад 5000 гаруй зээрийн сэг зэм илрүүлсэн аж. 2011- 2018 онд зээрийн тархац нутгаас 520 мянган га талбай хээрийн түймэрт өртжээ. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн газар нутаг түймрийн болон хуурайшилтын нэн эрсдэлтэй бүсэд тооцогдох болов. Тус амьтны тархац нутгийн 11 хувийг өнгөрсөн хугацаанд улсын тусгай хамгаалалтад авчээ. 60 жилийн өмнө зээр Архангай, Сэлэнгээс бусад аймагт өргөн тархсан байсан бол өдгөө манай орны зүүн бүс, тэр дундаа Дорнодын тал хээрт л хязгаарлагдаж байна. Малын тоо толгойн хэт өсөлт, бэлчээрийн давхцлаас улбаатайгаар Дорнод Монгол, Дагуурын бүс нутаг хээрийн унаган төрхөө гээх болов. Энэ бүгдийн уршгаар экосистемийн гинжин хэлхээ, байгалийн онцгой зохилдлогоо бүхий тал хээр, цагаан зээр хоёр бие биеэсээ улам бүр алсарсаар буй нь харамсалтай.
Өнгөрсөн өвөл нийслэлийн нутаг дэвсгэрт хоёр ч удаа зээрийн сүрэг орж ирэв. Хотын суурьшлын бүсэд ховор амьтан ирлээ хэмээн олон нийт ихэд бэлгэшээн, ам сайтай байна билээ. Холбогдох байгууллагынхан даруй арга хэмжээ авч зээрийн сүргийг “нутаг буцаахад” зарим нь “Хөөж тууж яадаг юм бэ. Тааваар нь орхичихгүй юу” гэж мэдэмхийрсэн нь ч бий. Гэвч энэ зүгээр нэг тохиолдол, таатай үйл явдал бус, тус амьтны эзэмшил нутагт аюул нүүрлэсний илрэл гэж судлаач, мэргэжилтнүүд тайлж “уншсан” юм. МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, доктор Н.Батсайхан “Өмхий шарилжаас өөр үмх өвсгүй болтол малд талхилуулсан Төв Монголын хээрээс амь тээн суурьшил бараадаж, таримал ногооны навч төдийгөөр өл залгуулах цагаан зээрийн гунигт хувь тавилан. Зээрийн догшин сүрэг өлдөхийн эрхээр хүний хаяа дэрлэв” хэмээсэн юм. Энэ бол хялганат хээрийн чимэг болсон цагаан зээр эзэмшил нутгаасаа алгуурхнаар шахагдаж буйн нэгэн жишээ.
Зэрлэг амьтдын хувьд тааваараа идээшлэх, өсөж үржих нутаг юу юунаас чухал. Тиймээс дэлхий нийт тухайн амьтны өсөлт, үржлийг дэмжихийн тулд амьдрах орчныг нь хамгаалах нь хамгийн үр дүнтэй гэдэгт санал нэгдэж, энэ чиглэлийн олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болсон. Харин манай улс энэ амьтныг зөвхөн Монголд байдаг гэж өмчирхөхөөс өөрөөр бодитой хамгаалж чадалгүй өнөөдрийг хүрчээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын судлаачдын 2019 онд хийсэн “Цагаан зээрийн тархац нутаг” судалгааны үр дүн үүнийг баталж байна. Тус судалгаанд “Зээрийн тархац нутаг 1930 оныхоос 50 хувиар хумигдсан. Цагаан зээрийн их нүүдэл Алтай, Тува, Монголын хялгана найгасан хээр талыг эзэгнэн дорно зүгт Их хянган, Шар мөрөн хүрч байсан бол одоо 2-4 сумынхтай дүйцэхүйц байна. Нас бие гүйцсэн зээрийн эзэмшил нутгийн хэмжээ 14-32 мянган ам км болтлоо багассаныг Монгол орны зүүн бүсэд хийсэн судалгаагаар тогтоов” гэжээ.
Түүнчлэн хилийн болон газар тариалангийн бүс дэх, төмөр зам дагуух өргөст тор зээрийн үхлийн гол шалтгаан болж буйг, туруутан амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд ихээхэн хор хохирол учруулдгийг тус судалгаанд онцлоод, “Хялганат хээрийн үндсэн туруутан амьтан болох цагаан зээр өргөст торонд өлгөгдөж үхэх эрсдэл нэмэгдсээр байгаа нь урт хугацааны тандалтаар нотлогдлоо. Өргөст торны хэрэглээ жилээс жилд өссөөр байгаа учир энэ асуудалд анхаарал хандуулж, нүүдэллэдэг, ялангуяа зээр, хар сүүлт, хулан зэрэг ховор амьтнаа хамгаалах шаардлагатай” хэмээн дурджээ. Бид сүүлийн жилүүдэд өргөст торны аюул арангыг өчнөөн ярьсан ч засаж шинэчилж, стандарт, жишигт нийцүүлж чадаагүй нь монголчууд байгаль, зэрлэг амьтаддаа хэр “санаа тавьдаг”-ийн бас нэг хэмжүүр юм. Ганцхан жилд 5000 гаруй зээр төмөр шорд сүлбүүлсэн гэхээр өнгөрсөн 10, 20 жилийн хугацаанд багадаа 50-100 мянган амь хорогджээ. Гэвч амьтан хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн, холбогдох байгууллагуудад энэ чиглэлийн судалгаа байтугай нэгдсэн сатистик, мэдээлэл ч алга.
Ил харагдах шарх сорвигүй үхсэн зээр энд тэнд таарах нь хэвийн үзэгдэл болжээ. Монголын шувуу хамгаалах төвийн нэгэн судлаач шувууны судалгаа хийхээр өнгөрсөн оны намар Дорнодод ажиллаад ирэхдээ “Мал болон зээрийн сэг зэм энд тэндгүй үзэгдэх юм билээ. Өлдсөн үү, өвчин туссан уу, бүү мэд. Малчид ч тоохгүй, орон нутгийн хүмүүст хэлээд ч нэмэргүй. Нядалгааны газарт яваад байна уу, Хялганат тал мөн үү гэж эргэлзсэн” хэмээн шогширч байв. Үүний дараа буюу энэ оны эхээр орон нутгийн нэгэн иргэн “Цагаан зээр хаа сайгүй үхсэн байна. Холбогдох байгууллагынханд хандахад ер тоосонгүй” гэж олон нийтийн сүлжээнд бичсэний дагуу БОАЖЯ болон орон нутгийн захиргааны байгууллагынхнаас тодруулахад “Тийм явдал болоогүй. Хэдэн жилийн өмнөх зураг нийтэлсэн байна” гэж үгүйсгэсэн юм. Харин тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан үүнийг үгүйсгээгүй бөгөөд өвс тэжээлийн хомсдолоос үүдэлтэй гэж оношилсноо хэлсэн.
Зээрийн тоо толгой буурахын хэрээр сүргийн зохистой бүтэц алдагджээ. Тодруулбал, хууль бус агнуурт ихэвчлэн ооно өртдөг аж. Эрээсээ хүч муутай учир баригдах нь амархан, мах ихтэй, огцом эргэлт, шилжилт хийхдээ тааруу зэргийг хулгайн анчид сул тал болгодог гэнэ. Зээрийн тоо толгойг тогтоохдоо сүргийн бүтцийг үнэлэх нь чухал гэдгийг Дорнод аймгийн БОАЖГ-ынхан онцолсон. Тэд “Зээр төллөхдөө гол төлөв нэг янзага гаргадаг. Бусад амьтан шиг ихэрлэх, 4-5 зулзага гаргах боломжгүй. Жилд хүлээн авсан нийт төлийн 40-50 орчим хувь нь л эсэн мэнд бойжиж, нас биед хүрдэг. 40-50 хувь гэдэг нь ч өндөр үзүүлэлт. Тиймээс сүргийн бүтэц алдагдана гэдэг цагаан зээрийн хувьд мөхөл гэсэн үг. 2010-аад оны үед Хавиргын боомт орчимд судалгаа хийхэд дан ооно үхсэн байсан. Ямар ч амьтны сүргийн бүтэц тогтвортой байж тоо толгой нь хэвийн өсдөг” гэв.
Өнгөрсөн оны сүүлчээр БОАЖЯ-ны Удирдлагын зөвлөл хуралдаж, ирэх жилүүдийн төлөвлөгөө, зорилтоо хэлэлцэхдээ ховор амьтан хамгааллын менежментийг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Тэр дунд хар сүүлт, цагаан зээр багтсан юм. Мэргэжилтнүүд цагаан зээрийн тоо толгойн судалгааг ойрын хугацаанд эхлүүлэхээ онцолсон. Гэвч цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ ажил тодорхойгүй хугацаагаар хойшилсныг тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрынхан хэлэв. Хэрэв энэ санаачилга ажил хэрэг болбол монголчууд өнгөрсөн хугацаанд хэчнээн зээр “хөнөөж”, хэдийг авч үлдсэн нь илэрхий болох юм. Мөн байгаль хамгааллын оновчтой арга хэмжээг хаана хэрэгжүүлэх чиглэлээ олно. Үгүй бол бид аль 10 жилийн өмнөх судалгаагаа “мөлжиж”, үхсэн зээрээ тоолох зуур үлдсэн хэд нь хорогдоод дуусах нь.