Хэнтий, Дорнод, Сүхбаатарыг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх ажлын хүрээнд Ерөнхий сайд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дээрх аймгуудад ажиллаа. Энэ үеэр аялал жуулчлалыг газар зүйн байрлал, байгаль, түүх, соёлын нөөцөд тулгуурлан бүсчилж хөгжүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хэллээ. Тодруулбал,
-Цэнгэг устай нуур, байгалийн үзэсгэлэнт газар бүхий Хөвсгөл,
-Олон ястны зан заншил, соёлын онцлог бүхий өндөр уулын бүсийн экосистемтэй Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай,
-Түүх, соёлын үнэт дурсгал бүхий Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Орхон,
-Эх газрын өвөрмөц, онгон байгаль, палеонтологийн олдвор, ховор ан амьтны олдвортой Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь,
-Их эзэн Чингис хааны түүхтэй холбоотой дурсгалт газар бүхий Дорнод, Хэнтий, Сүхбаатар,
-Улаанбаатар хот орчмын бүс буюу Дархан-Уул, Төв, Улаанбаатар гэж хуваан хөгжүүлнэ хэмээн танилцуулав. Мөн зүүн бүсэд түүх, байгаль, соёлын, ялангуяа түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх хөгжих өндөр боломжтой гэж үзэж байгаагаа дуулгасан юм.
Одоогоор улсын хэмжээнд стандартын шаардлага хангасан 1.046 зочид буудал, жуулчны бааз байдгийн 29 зочид буудал, 42 жуулчны бааз нь зүүн бүсэд байрладаг аж. Үүнээс Хэнтий аймагт 2.045 ор хоногийн хүчин чадал бүхий 10 зочид буудал, 36 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. 2019 онд тус аймагт дотоодын 65 мянга гаруй жуулчин 13.2 тэрбум, гадаадын 6.000 гаруй жуулчин 8.6 тэрбум, нийт 21.7 тэрбум төгрөгийн үр өгөөжийг аймгийн эдийн засагт оруулсан гэх судалгаа бий.