Сар хүрэхгүйн дараа болох гэж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаар “цагаан сонголт” ч болов хийгээрэй, сонгогчид оо. Оролцохгүй байж хэрхэвч болохгүй.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72.2-т “Сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргаж, нийтэд мэдээлнэ” гэх заалт бий. Өөрөөр хэлбэл, санал хураалтад оролцсон хүмүүсийн л олонхын дэмжлэгээр Төрийн тэргүүн сонгогдож байна.
…Тухайн үед саналаа өгсөн хүмүүсээс “цагаан сонголт”-ын эздийг хасвал 1 107 022 сонгогч дахин сонгуульд оролцсон болж таарна. Энэ тохиолдолд нэр дэвшигч Х.Баттулгын цуглуулсан 611 226 санал 55.2 хувийн дэмжлэг болж өсөх нь. Өөрөөр хэлбэл, та бид санал хураалтад оролцоогүйгээрээ зөвхөн сонгуулийн ирц бууруулаад зогсохгүй тухайн нэр дэвшигчийн нийт сонгогчоос авсан дэмжлэгийн хувь хэмжээг автоматаар өсгөчихөж байгаа хэрэг…
Өнгөрсөн сонгууль ч ийм л байсан. Жишээ нь, 2017 оны сонгуульд саналаа өгөх эрх бүхий хүний тоо 1 990 797 (дахин санал хураалт явуулах үед). Тэдний 60.6 хувь нь л санал хураалтад оролцсон. Харин нийт сонгогчийн гуравны хоёрт ч хүрэхгүй тэднээс олонхын буюу 50+1 хувийн санал авч, Ерөнхийлөгч болсон хүн нь Х.Баттулга. Тэрбээр 50.6 хувийн дэмжлэг хүлээж, 611 226 хүнээс санал авсан гэж байгаа ч нийт сонгогчийн ердөө 30.7 хувиас нь л оноо цуглуулсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд санал өгөх эрх бүхий нийт сонгогчийн гуравны нэгт ч хүрэхгүй хувийн дэмжлэгээр түүнд төр тэргүүлэх эрх олгочихож байгаа юм. Нөгөө талд нь үлдсэн 70 орчим хувь буюу гуравны хоёрынх нь санал үлдэж буйг анзаарна биз. 2013 оны сонгуулийг жишээ болгоё. АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж 50.2 хувийн санал буюу 622 794 хүнээс дэмжлэг хүлээсэн ч энэ нь нийт сонгогчийн 33 хувьтай тэнцэнэ. Ийнхүү гурван сонгогч тутмын нэгийнх нь саналаар ялалт байгуулсан эрхэм Төрийн тэргүүн болж, “Би Монголын ард түмнээс сонгогдсон цор ганц хүн” гэж цээжээ дэлдэх нь шударга, эсэхийг бодоод үзээрэй.
Тогтолцооноос хамаараад УИХ-ын сонгуулиар ч энэчлэн санал гээгдэх, бүрэн төлөөлж чадахгүй байх дүр зураг ажиглагддаг. Тухайлбал, 2016 оны УИХ-ын сонгуулиар 76 суудлын 62-ыг нь авсан МАН саналаа өгсөн нийт сонгогчоос 80 гаруй хувийн дэмжлэг авсан байх ёстой мэт. Тухайн сонгуульд оролцох эрх бүхий 2 000 624 сонгогч байснаас 73.6 хувь нь саналаа өгсөн. Гэвч өнөөгийн эрх баригчид сонгуульд оролцсон нийт сонгогчоос 46.1 хувийн л дэмжлэг авсан байдаг. Үүнийг 62 суудалд нь дүйцүүлбэл МАН-ынхан сонгогчдын 50 хувьд ч хүрэхгүй санал цуглуулсан гэсэн үг. Авсан саналд нь хувьчилбал Ардын намд 35 суудал л ирэхээр байх жишээтэй. Тэд ч бас “Ард түмнээс сонгогдсон” гэж “агсамнах” дуртай.
Тиймээс л санал хураалтдаа оролц, цагаан, хар нь хамаагүй сонголт хий чийн сонгуулийн тухай хуульд “Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн, тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудсанд тооцно” хэмээн “Хэнийг ч дэмжихгүй” буюу “цагаан сонголт”-ыг тань баталгаажуулчихсан билээ. 2017 оны сонгууль хоёр шаттай болсон. Эхлээд АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга, МАН-ын М.Энхболд, МАХН-ын С.Ганбаатар нарын хэн нь ч санал өгсөн нийт сонгогчийн олонхын дэмжлэг аваагүй. Иймд арай ахиу санал авсан Х.Баттулга, М.Энхболд нарыг дахин өрсөлдүүлснийг уншигчид мэдэж буй. Эхний шатанд оролцсон нийт сонгогчоос 18.6 мянга буюу 1.3, дараагийнхад 99.4 мянга буюу 8.2 хувь нь нэр дэвшигчдээс хэнийг нь ч дэмжихгүйгээ илэрхийлж, саналын хуудсаа хоосон, цагаанаар нь үлдээсэн билээ.
Хэрэв эдгээр 99.4 мянган иргэн хэнийг ч дэмжихгүй юм чинь гээд санал хураалтад оролцоогүй бол үр дүн хэрхэн өөрчлөгдөх байсныг тооцох гээд үзье. Тухайн үед саналаа өгсөн хүмүүсээс “цагаан сонголт”-ын эздийг хасвал 1 107 022 сонгогч дахин сонгуульд оролцсон болж таарна. Энэ тохиолдолд нэр дэвшигч Х.Баттулгын цуглуулсан 611 226 санал 55.2 хувийн дэмжлэг болж өсөх нь. Өөрөөр хэлбэл, та бид санал хураалтад оролцоогүйгээрээ зөвхөн сонгуулийн ирц бууруулаад зогсохгүй тухайн нэр дэвшигчийн нийт сонгогчоос авсан дэмжлэгийн хувь хэмжээг автоматаар өсгөчихөж байгаа хэрэг. Угтаа нэр дэвшигч Х.Баттулгын цуглуулсан 611 226 санал хэвээрээ байгаа атал түүний авсан дэмжлэгийн хувь даруй 4.6-гаар нэмэгдэхээр байгаа юм. Магадгүй тэр 553.6 мянган санал цуглуулахад л олонхын дэмжлэг хүлээх нөхцөл үүсэх хэрэг. Энэ хэрээр тухайн сонгуулиар Ерөнхийлөгч болох босго 57.7 мянган сонгогчийн саналаар намсана гэсэн үг. Иймд сонгогч та санал хураалтдаа заавал оролц. Нэр дэвшигчдийн хэнд нь ч, байж болох хамгийн бага сонгогчийн саналаар Ерөнхийлөгчөөр сонгогдох боломж бүү олго. Сонголтгүйгээс гадна Төрийн тэргүүнээр тодруулж болохооргүй нэр дэвшигч байна гэж бодож байгаа бол тэр тусмаа сонгуулиас хойш суух эрхгүй. Төр тэргүүлэх учиргүй тэр хүнд таны “цагаан сонголт” тээг болж, илүү олон хүнээс санал цуглуулах шаардлага үүсэх учиртай.
2017 оны сонгуулиар хэдхэн хоногийн зайтай болсон санал хураалтад “цагаан сонголт”-ын тоо тав дахин өссөн юм. Өмнө нь ийм зүйл болж байсангүй. Сонгогчдын ирц хамгийн өндөр буюу 92.7 хувьтай, 1993 оны анхны сонгуулиар хүчингүй санал (эхний сонгуулиудад нэгээс олон сонголт хийсэн, эсвэл юу ч тэмдэглээгүй бол хүчингүйд тооцож байсан) 3.5 хувьд хүрснийг эс тооцвол ийм үзүүлэлт хоёроос хэтэрдэггүй байв. 2013 оны сонгуулиар гэхэд л 16 мянган хүн “цагаан сонголт” хийсэн нь саналаа өгсөн иргэдийн 1.3 хувьтай тэнцэх юм. Өнгөрсөн сонгуулиас эрчээ авч, эчнээ танил болсон “цагаан сонголт” энэ удаа ч анхаарлын төвд орж чадвал улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ илүү хариуцлагатайгаар тодруулж, олны хүлээлтэд аль болох нийцэх нэгнийг эрж, хайх эхлэл байх болов уу.
Ер нь Ерөнхийлөгчийн гэлтгүй бүх шатны сонгуулийн ирц сүүлийн 30 шахам жилд тасралтгүй буурч ирсэн. Манайд төдийгүй дэлхий даяар сонгогчдын ирц буурч байгаа бөгөөд энэ нь төр, засгаа гэх иргэдийн итгэл буурсан, хэнийг нь ч, алийг нь ч сонгоод нэмэргүй гэх хандлага хаа сайгүй газар авч буйтай холбоотой хэмээн судлаачид тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, сонгуульд огт оролцохгүй байгаа нь ч “цагаан сонголт”-ын нэг хэлбэр, “Сонгох хүнгүй байхад саналаа өгөөд яах билээ” гэх хандлагын илрэл гэж хэлж болно. Гэлээ ч санал хураалтдаа оролцох нь л чухал, ямар сонголт хийх нь таны хэрэг.
Тэр тусмаа энэ удаагийн сонгууль цар тахлын үед болж буй бөгөөд сонгогчдын хөл, хэлийг нь ч “хорьж” байгааг ч анзаарах нь зүйтэй биз ээ. Бидэнд цар тахлын үеэр сонгуульд оролцсон туршлага бий. 2020 оны УИХ-ын сонгуулийн ирц нэмэгдсэн ч цар тахлын нөлөөнд ихээхэн нэрвэгдсэн ардчилсан үйл явц бол сонгууль гэдгийг олон улс хүлээн зөвшөөрч байна. “Ковид-19” дэлхийн хэмжээнд ардчилалд үзүүлсэн нөлөөллийн урьдчилсан үнэлгээг Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (АСДҮОУХ)-гээс хийсэн бөгөөд үүгээр цар тахал нь үндсэндээ ардчилсан ухралт, үйл явцыг улам гүнзгийрүүлжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Манай улс Коронавируст халдвар (“Ковид-19”)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон өндөржүүлсэн бэлэн байдалтай үед сонгуулиа явуулсаар байна. Ингэхдээ иргэдийн цугларах эрх чөлөөг түр хугацаагаар хязгаарлаж, сонгуулийн үйл явц, кампанит ажил нь ардчилсан зарчмыг бүрэн, дүүрэн хангасан, эсэх нь эргэлзээ дагуулж буй билээ. Засгийн газар энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой түр журмыг батлаад байна.