Манай улсын уур амьсгалын дундаж температур тав болон есдүгээр сард Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр 15-20, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар найм, бусад нутгаар 8-14 градус дулаан байдаг. Харин зургаа болон наймдугаар сард Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, говийн бүс нутгаар 20-26, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-12, бусад нутгаар 13-20 градусын дулаан байдаг аж. Тэгвэл дулааны улирлын хамгийн халуун сар болох долдугаар сард агаарын температурын дундаж нь Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 20-28, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар 12-14, бусад нутгаар 16-20 хэм хүрдэг байна. Харин өнөө жил уур амьсгалын дундаж температур олон жилийнхээс (Олон жилийн дундаж-1991-2020 он багтана) дулаарах төлөвтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. 6, 7, 8, 9 дүгээр сарын агаарын дундаж температурын урьдчилсан мэдээллийг хүргэе.
Ерөнхий төлөв:
Зургаадугаар сард нутгийн зүүн хэсгээр, долоо болон наймдугаар сард ихэнх газраар олон жилийн дунджаас дулаан байх магадлалтай бөгөөд хур тунадас зүүн болон говийн бүсэд бага орох төлөвтэй байгаа нь гандуу байх нөхцөл бүрдэж болзошгүйг анхааруулж байна. Тиймээс зүүн болон говийн аймгуудын нутгаар шороон шуурга шуурах, гал түймэр гарах, цаг агаарын гамшигт нөхцөл үүсэж болзошгүй тул тухайн үеийн цаг агаарын урьдчилсан мэдээтэй цаг тутам танилцах шаардлагатай. Мөн зундаа үе үе олон хоног дараалж хэт халах төлөв ажиглагдаж байгааг анхаарна уу.
Зургаадугаар сар:
Агаарын температур: Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр 0-12, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорнодын зарим, Сүхбаатарын баруун өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 18-26, бусад нутгаар 12-18 градус дулаан байдаг аж. Тэгвэл ирэх сард агаарын температур Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн нутгаар олон жилийн дунджаас 1.5-2 градусаар дулаан, бусад нутгаар хэвийн байх төлөвтэй байна.
Хур тунадас: Олон жилийн дунджаар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Өвөрхангай,Төв, Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр 50-80 мм, Баян-Өлгий, Увс, Өвөрхангайн өмнөд, Завханы баруун хэсэг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар 8-30, бусад нутгаар 30-50 мм хүртэл хур тунадас ордог байна. Харин ирэх сард Завханы ихэнх, Увс болон Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр бага, бусад нутгаар хэвийн хур тунадас орох төлөвтэй байна
Долдугаар сар:
Агаарын температур: Энэ сард Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр 2-16, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 22-28, бусад нутгаар 16-22 градуст хүрч (олон жилийн дунджаар) дулаардаг байна. Тэгвэл энэ оны долдугаар сард Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээс бусад нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1.5-2.0 градусаар дулаарах төлөвтэй байна.
Хур тунадас: Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх нутаг, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хойд, Сэлэнгийн баруун, Хэнтийн, Дорнодын хойд болон зүүн хэсгээр 80-120, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Завханы баруун өмнөд хэсгээр 10-40, бусад нутгаар 40-80 мм хүртэл (олон жилийн дунджаар) бороо ордог байна. Тэгвэл энэ жил Увс, Баянхонгорын хойд, Завханы зүүн, Архангай болон Хөвсгөлийн баруун хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар бага, бусад нутгаар олон жилийн дундаж орчим орох төлөвтэй гэнэ.
Наймдугаар сар:
Агаарын температур: Энэ сард Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр 0-12, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 18-26, бусад нутгаар 12-18 (олон жилийн дунджаар) градус хүрч дулаардаг байна. Харин ирэх наймдугаар сард агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй гэнэ.
Хур тунадас: Олон жилийн дунджаар хур тунадас Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 70-100, Баян–Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Завханы баруун, Өвөрхангайн өмнөд хэсгээр 10-40 мм, бусад нутгаар 40-70 мм ордог байна. Тэгвэл ирэх наймдугаар сард Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Төвийн өмнөд, Өвөрхангайн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар бага хур тунадас орох төлөвтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар