2021.01.12 Хөвсгөл аймгийн Ханх сумын нутгаас 26 км зайд газар 6.5 магнитудын хүчтэй хөдөлж, чичирхийлэл нь нийслэл болон 11 аймгийн иргэдэд мэдрэгдсэн. Үүнээс хойших 12 цагийн хугацаанд тухайн хэсэгт 3.5-5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт 300 гаруй удаа бүртгэгдсэн байдаг. Уг үзэгдлийн улмаас Ханх сумын ЗДТГ, ерөнхий боловсролын сургууль, Хатгалын ХААН банк, Мөрөнгийн 14 дүгээр цэцэрлэгийн байрны хана, тааз цуурч, ан цав үүсэн, заримынх нь дээвэр нурсан. Судлаач, мэргэжилтнүүд “Хүчтэй газар хөдлөлтийн дараа давтан хөдлөлт үргэлжлэх нь түгээмэл. Сул чичирхийлэл хэсэгтээ мэдрэгдэнэ” гэж мэдээлж байв.
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөл судлалын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Ц.Батсайхан “Газар хүчтэй шилгээсний улмаас үүссэн геологийн орчны эвдрэл хэвийн байдалдаа эргэн орох хүртэл сул чичирхийлэхийг давтан хөдлөлт гэдэг. Энэ үйл явц тухайн орчны онцлогоос хамаараад сарын турш ч үргэлжилж болно. Ханх суманд болсон газар хөдлөлтийнх хагас сар орчим хугацаанд үргэлжилж, дуусах байх” хэмээн олон нийтэд анхааруулсан юм. Гэвч түүний “зөгнөснөөр” болсонгүй. Хөвсгөлд газар хөдлөх нь хур тунадас орохоос ч түгээмэл үзэгдэл болов. Нэгдүгээр сарын 12-ноос хойших хугацаанд (энэ сарын 5-ны байдлаар) тус бүсэд 62 034 удаа газар хөдөлсөн бөгөөд 3.5 магнитудаас дээш хүчтэй “савлалт” 200 удаа бүртгэгджээ. Тодруулбал, хоногт дунджаар 500 гаруй удаа газар хөдөлсөн гэсэн үг.
6.3 магнитудын (өмнөхөөс 0.2-оор бага) хүчтэй газар хөдлөлт энэ сарын 3-нд Ханхад дахин давтагдав. Дээрх хүрээлэнгийн судлаачид “Яг өмнөх газар хөдлөлтийн голомтод боллоо. Өнөөдрийг хүртэл үргэлжилж буй давтан хөдлөлтөөс хамгийн хүчтэй нь энэ удаагийнх байлаа. Хүнд мэдрэгдэхээр хэмжээний хүчтэй чичирхийлэл сүүлийн дөрвөн сарын хугацаанд 129 удаа бүртгэгдсэн” гэж мэдээлсэн юм. Давтан хөдлөлт одоо ч үргэлжилж байгаа гэнэ. Ингэснээр энэ оны эхээр Ханхад бүртгэгдсэн газар хөдлөлт Хөвсгөл нуурын орчимд сүүлийн 30 жилд тохиогоогүй хүчтэй, мөн хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн үзэгдэлд тооцогдох болов.
Хөвсгөлд газар яагаад ойрхон давтамжтай хөдлөөд байна вэ, юу нөлөөлөв гэсэн асуулт олон нийтийн дунд үүсээд буй. Тэгвэл ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн судлаачид нөхцөл шалтгааныг нарийвчлан тогтоох судалгааг ид хийж байна. Давтан хөдлөлт үргэлжилсээр буй учир судалгаа шинжилгээний ажил тэр хэрээр удааширч байгааг мэргэжилтнүүд онцоллоо.
Газрын чичирхийллийн нөхцөл шалтгааныг хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй болон байгалийн гаралтай гэж ангилдаг аж. Байгалийн хүчин зүйл дотроо хамгийн хүчтэй нь тектоник хөдөлгөөн. Энэ хөдөлгөөн (ойртох, холдох)-өөс үүдэлтэй хүчний долгион тархах, мэдрэгдэх өндөр магадлал бүхий бүсийг газар хөдлөлтийн идэвхтэйд тооцдог юм байна. Харин Хөвсгөл хэзээнээсээ ийм бүсэд тооцогддог аж. Далай ээж ч газар тэлэх үзэгдлийн үр дүнд үүссэн гэж газарзүйч, геофизикчид үздэг. Гэхдээ тус бүс өнгөрсөн жилүүдэд харьцангуй тайван, аюулгүй байсан гэдгийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Хөвсгөл аймаг дахь “Хатгал” салбарын эрхлэгч Ц.Даваадалай хэлэв.
Түүнтэй холбогдож, сүүлийн үеийн нөхцөл байдлыг тодруулахад “Хөвсгөлийн газар нутгийг Бүсийн голын, Дархадын, Хөвсгөл нуурын хотгор гэсэн гурван мужлалд хуваадаг. Хөвсгөл нуурын хотгорт ийм хүчтэй газар хөдлөлт түүхэндээ болж байгаагүй. 1950-иад оны үед Мөнх сарьдагийн зүүн хормойд, дараа нь 2014 онд 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн нь дээд үзүүлэлтэд тооцогдож байв. Олон удаагийн давтамжтай ингэж хөдөлсөн тохиолдол ч байхгүй. Бүсийн гол, Саяны уулсыг дагасан хагарал бүхий хэсэгт сүүлийн жилүүдэд газар хөдлөлт идэвхжиж байна гэсэн мэдээллийг оросууд өгч буй. Сүүлийн тохиолдлууд үнэхээр эдгээр хагарал бүхий голомтоос үүдэлтэй юү, төв цэг нь хаана вэ гэдгийг тодруулахаар нуурын ойр орчимд дөрвөн станц нэмж байгуулсан. Нэлээд нарийвчлалтай тогтоох боломжтой болсон. Хамгийн сүүлд буюу энэ сарын 3-нд болсон 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт өмнөхөөс харьцангуй аюул багатай өнгөрлөө. Манай аймгийн 23 суманд чичирхийлэл хүчтэй, Хөвсгөл нуурын хотгороос зайдуу, Завханы газар нутаг руу “түрсэн” Цэцэрлэгт сул мэдрэгдсэн” гэв.
Газар хөдлөлт бол байгалийн гамшигт, аюултай үзэгдэл. Нэг магнитудын хөдлөлт зургаан кг тэсрэх бөмбөг дэлбэлсэнтэй дүйх хэмжээний хүчтэй бол гурван магнитуд 198 кг, дөрвөн магнитуд зургаа, таван магнитуд нь 199 тоннтой тэнцдэг гэнэ. 6.3, 6.5 магнитуд гэдэг бол төв суурин газарт барилга байгууламжийн чанарыг жинхэнэ “шалгаж”, багагүй хохирол, аюул учруулах хэмжээний хүч гэдгийг мэргэжилтнүүд хэлэв. Хөвсгөл алслагдмал бүс учраас нийслэлд аюул хохирол багатай өнгөрчээ. Харин Улаанбаатарт гамшгийн хэмжээний хор хохирол учруулж болзошгүй, газар хөдлөлийн идэвхтэй бүсэд тооцогддог Дундговь аймгийн Дэрэн, Булганы Могод, Сэлэнгийн Бүрэн, Бүтээлийн нуруунд газар ийм хүчээр шилгээсэн бол нийслэлд нөхцөл байдал бидний төсөөлж буйгаас ч хүндхэн болох байв.
Газар хөдлөх тоолонд олон нийт наргиан хөгжөөн болгоод өнгөрөх нь элбэг. “Газар хөдлөхөд монголчууд юу ч мэдэрсэнгүй дахиулъя гэдэг бол гадаадынхан дахиж бүү хөдлөөсэй гэж залбирдаг” гэсэн шог яриа үүссэн нь учиртай. Энэ нь монголчууд газар хөдлөлтийн аюулын талаар ойлголт, мэдлэггүйтэй холбоотой. Хэрэв урин дулаан цагт, Хөвсгөл нуур гэсэнгэ үед газар ийм хүчтэй (6.3-6.5 магнитуд) хөдөлсөн бол цунами болох аюултайг судлаачид хэллээ.
“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн зэрэг байгууллага хамтран саяхан зохион байгуулсан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” цахим хэлэлцүүлгийн үеэр дээрх хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Саранцэцэг “Хөвсгөлд болсон газар хөдлөлтийн чичирхийлэл тус аймгийн бүх сум, нийслэл болон 11 аймгийн 1300 цэгт 3-5 баллын хүчээр тархсан. Нуур хөлдөөгүй байсан бол үүсэх аюул, хохирлыг тооцоолох аргагүй. Цунами болох эрсдэл өндөр” гэв.
Үзэсгэлэнт байгальтай учраас хүмүүс Хөвсгөлийг “Монголын Швейцар” хэмээн зүйрлэн ярьдаг. Харин судлаач, мэргэжилтнүүдийн өгсөн мэдээлэл, одоогийн нөхцөл байдлаас харахад, Хөвсгөл аймаг “Монголын Япон” болжээ. Иймд тус бүсэд газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ хийж, урьдчилан тандах, мэдээлэх (олон улсад амжиж анхааруулах систем гэдэг) шинжлэх ухаан, технологийн шийдлийг хөгжүүлж, нутагшуулах цаг нь болжээ.