“Чулуун соёлын дижитал музей, нүүдлийн соёл, аялал жуулчлал”-ын цогцолборыг Ховд аймагт байгуулахаар болжээ. Эл бүтээн байгуулалтын ажлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлынхан болон Засаг даргын Тамгын газрынхан, Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, холбогдох мэргэжилтнүүд хуралдаж, санал солилцсон гэнэ. Хуралдаанаар Ховд аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, тогтмол зохион байгуулдаг арга хэмжээ, хүний нөөцийн тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцсон аж.
Хурлын үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх-II” төслийг танилцуулсан юм. Төслийн хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын нутагт Монголын анхны “Чулуун соёлын дижитал музей, нүүдлийн соёл, аялал жуулчлал”-ын цогцолбор болон дотоод, гадаадын жуулчдад зориулсан олон талын арга хэмжээ зохион байгуулах, нутгийн брэнд гар урлалын бүтээгдэхүүн худалдаалах боломжтой “Жуулчны гудамж”, мөн Хар ус нуурын Улсын тусгай хамгаалалттай газарт отоглох цэг болон шувуу ажиглах газрын байгуулах талаар танилцууллаа.