Монголчууд Бүх нийтээр мод тарих үндэсний өдөртэй болоод 11 жилийн нүүр үзлээ. Улсын нийт хүн амын тэн хагас нь аж төрдөг, хотжилт, төвлөрлөөс үүдэлтэй түмэн бэрхшээлд дарлуулсан Улаанбаатарыг иргэдийн оролцоотой “ногооруулах”, орчны бохирдол, доройтлыг бууруулах зорилгоор анх санаачилж, Ерөнхийлөгчийн зарлигаар баталгаажсан эл өдрийг жил бүрийн хавар, намар Монгол орон даяар өргөн дэлгэр “тэмдэглэдэг” уламжлал хэдийн тогтсон.
Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 1.7 сая гаруй иргэн (нийт хүн амын 56.6 хувьтай тэнцэхүйц), 71.8 мянган аж ахуйн нэгж, байгууллага энэ санаачилгад нэгдэж, 13.7 сая мод, бут суулгажээ. Дунджилбал жилд 158.1 мянган хүн, 6.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага 1.2 сая мод тарьсан гэсэн үг юм. Нэг модны хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө, экологи, эдийн засгийн үнэлгээгээр тооцвол 1.2 сая гэдэг чамлахаар тоо биш. Гэвч эдгээрийн хэдэн хувь нь ургасан, хэчнээн нь үхсэн бэ гэдэг үзүүлэлт өнгөрсөн хугацаанд ч, одоо ч тодорхойгүй байгаа нь харамсалтай.
Мод, сөөгийг нэг газраас нөгөөд шилжүүлэн суулгах, хөрсөнд булах шиг хялбар ажил үгүй. Харин суулгаснаа арчилж тордон, идээшүүлэхэд нөр их хөдөлмөр шаарддаг. Тиймээс цөөн боловч “чанартай” мод тарих нь чухал, суулгасан бус, ургуулсан бут, сөөгийн тоогоор энэхүү өдрийн ач холбогдлыг хэмжих нь зүйтэй гэсэн шүүмжлэлийг жирийн иргэдээс авхуулаад ойн салбарын мэргэжилтнүүд, дендрологичид илэрхийлсээр ирсэн. Үүнээс үүдээд БОАЖЯ-ныхан мод бүрийн ургалт, арчилгааг хянах чип, бүртгэл, тооллогын мэдээллийн нэгдсэн сан бий болгох санаачилга гаргаж байв.
Тус яамны Ойн бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэнтэй хоёр жилийн өмнө уулзахад “Чипээр дамжуулан тарьсан модоо хянах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж буй. Аппликэйшнээ туршиж байна. 2020-2021 онд дуусгах төлөвлөгөөтэй. Нэгдсэн мэдээллийн системийн ажил дууссан. Хүлээлгэж өгөхөд бэлэн. Аль сум, баг, хорооны иргэд ямөр төрлийн, хэчнээн мод нэмж тарив, түүний хэдэн хувь нь ургасан зэрэг нарийвчилсан мэдээллийг тус системээс харах боломжтой” гэж байв. Харин одоо энэ ажил ямар шатанд байгааг тус газрын мэргэжилтэн Р.Ганбатаас тодруулахад “Иргэд хүссэн газартаа ямар ч хяналтгүйгээр мод тарьдаг одоогийн нөхцөлд чип байршуулах боломж хязгаарлагдмал. Байршуулсан ч үр дүнгүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Ногоон хэрэм” төслийн ойжуулалтын талбай зэрэг эзэнтэй, байршил нь тодорхой газруудад тарьсан моддыг нэгдсэн мэдээллийн санд бүртгэж болох ч орон нутгийнх боломжгүй. Энэ тийм ч амар ажил биш” гэв. Моддыг чипээр хянах, бүртгэх ажил урагшгүй байгааг түүний хариулт төвөггүй ойлгуулав. Товчхондоо бол өнгөрсөн хугацаанд тарьсан гэх 13.7 сая модны хэдэн хувь нь үхсэн, хэчнээн нь хөрсөнд идээшиж, ургасныг мэдэх боломжгүй аж. Монголчууд бүх нийтээрээ мод тарьсныхаа хэргийг гаргасан уу, үгүй юү гэдэг асуултын хариулт олдсонгүй.
Дэлхий нийтийг түгшээж буй цаг уурын өөрчлөлт, цөлжилтөд бусад орноос илүү өртөж буй нь хуурай ширүүн, эрс тэс уур амьсгалтай Монгол. Үүнээс улбаатайгаар байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, хор хохирол сүүлийн жилүүдэд эрс ихэссэн. Нэгэн малчны хоттой хонь ганцхан шөнийн дотор элсэнд булагдсан явдал хэдхэн хоногийн өмнө болов. Энэ бол монголчууд мод тарих, ойжуулах ажилд онцгой ач холбогдол өгөх хангалттай шалтгаан мөн. Гэвч холбогдох статистикаас харахад, мод тарих хүсэлтэй иргэдийн тоо жилээс жилд буурчээ. Эхэн үед буюу 2010-2015 оны Бүх нийтээр мод тарих үндэсний өдөрт 200-220 мянган иргэн хамрагдаж байсан бол үүнээс хойш 70-140 мянгын хооронд хэлбэлзжээ. Тарьсан модны тоо ч 2-3 дахин багассан байна. Мод тарих нь сайн дурын ажил боловч үүнд цаг нар, зүтгэл гаргадаггүй хойрго хүмүүст бүх нийтийн гэх тодотголтой энэ өдөр “гэмээ цайруулах” боломж олгодог гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Гэхдээ мод таривал тарьсан шиг тарьж, байгаль орчноо хамгаалан, орчны бохирдол, доройтолтой тэмцэхэд бодитой хувь нэмэр оруулахыг цаг үе биднээс “шаардаж” байна.
Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр эзэнгүй, үхсэн модны тоог олшруулахаас цаашгүй гэсэн шүүмжлэл байнга гардаг. Тэгвэл энэ гажуудлыг засах чиглэлд БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран ажиллахаар болсныг нийслэлийн Байгаль орчны газрынхан онцоллоо. Уламжлалт хуваариар бол 2021 оны Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр маргааш тохионо. Харин энэ удаагийнхыг “Өрх бүр хашаандаа мод тарья” уриатайгаар 15-22-нд илүү өргөн хүрээнд зохион байгуулж, зургаан дүүргийн 5000 өрхийг хамруулахаар болсон гэнэ. Гэр хорооллын өрхүүдийг тарьц, суулгацаар хангах ажлыг хариуцаж байгаа Ойн судалгаа, хөгжлийн төвийнхөн “Энэ жил эзэнгүй ганц ч мод тарихгүй. Айл болгонд хариуцуулна. Хэр зэрэг ургуулж, арчилснаас нь шалтгаалаад урамшуулал олгох тогтолцоог бүрдүүлсэн” гэсэн таатай мэдээ дуулгалаа.
Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн зорилгуудын нэг нь олон нийтийн экологийн боловсролыг дээшлүүлж, хандлагыг өөрчлөн, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг сурталчлах юм. Тэгвэл энэ зорилго биелсэн үү, монголчууд мод тарьж сурав уу, уг өдрийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд цаашид юунд анхаарах шаардлагатай вэ гэсэн асуултад хариу эрж, ойн салбарт ойр хүмүүсийн байр суурийг сонслоо.
ТАРЬСАН БҮХЭН УРГАСАН БОЛ УЛААНБААТАР НОГООН ХҮРЭМ БАЙХ ЁСТОЙ
Б.ЦЭНГЭЛ (МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн багш, доктор, профессор):
-Монголчууд цөөнгүй жил мод тарилаа. Тодорхой хэмжээнд ойлголттой болсон гэж найдаж байна. Гэхдээ жил бүр тарьдаг олон зуун мод, сөөгийн ургалт, амьдрах чадвар хэр байгааг тоон мэдээлэл, ногоон байгууламжийн хүртээмжээс дүгнэхэд хангалттай санагддаггүй юм. Өнгөрсөн 10 гаруй жилд тарьсан бүхэн ургасан бол өдийд Улаанбаатар ногоон хүрэм болсон байх ёстой. Гэтэл тийм болоогүй. Мод тарих нь хэн бүхний хийж чадах ажил боловч сайн ургуулахын тулд мэргэжлийн хүнээс заавар, зөвлөгөө авах шаардлагатай. Цаашид энэхүү арга хэмжээг үр дүнтэй байлгая гэвэл салбарын эрдэмтэн, судлаачдаа сонсож, мэргэжлийн хүмүүстэй хамтрах нь зүйтэй. Өнөө жил хэдэн мод тарив, түүнээс хэчнээн нь амьдарсан бэ, юунаас болж үхэв, аль бүсэд ямар төрөл зүйлийн бут, сөөг тохиромжтой вэ гэдгийг жил бүр судлан тогтоож, бодитоор үнэлэх хэрэгтэй. Ингэж байж үр дүнд хүрнэ. Мод, сөөг тарихдаа үржүүлгийн газарт үрээр ургуулсныг нь сонгох хэрэгтэй. Түүнчлэн хөрсний үржил шим, бичил орчныг харгалзах нь чухал. Тарьсан мод бүр ургадаггүй, үржүүлгийн талбайд сайн ургаж байсан атлаа өөр газарт шилжүүлэхэд үхчихдэг нь хөрсний бичил орчин таардаггүйтэй холбоотой. Нийтийн эзэмшлийн газар, албан байгууллага, орон сууц, сургууль, цэцэрлэгийн орчны ногоон байгууламжууд бүгд хоорондоо ялгаатай. Тухайлбал, цэцэрлэгийн гадаа өргөстэй, бага насны хүүхдийн дархлааны системийг дарангуйлах мод, сөөг тарихаас зайлсхийх хэрэгтэй. Харин цэцэглэдэг, тааламжтай үнэр ялгаруулдаг мод зохимжтой. Мод тарихад, ногоон байгууламж бий болгоход тодорхой стандарт, төлөвлөлтийг баримтлах нь юу юунаас ч чухал.
БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР БОЛ СУББОТНИК БИШ
Д.СЭРДАРАМ (ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор, цөлжилтийг бууруулах, олон нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Миний клуб”-ийг үүсгэн байгуулагч):
-15 жилийн өмнөхтэй харьцуулахад, монголчууд мод гэдэг зөвхөн түлэх зориулалттай зүйл биш, эрүүл амьдрал, ирээдүйн баталгаа гэдгийг ойлгодог болжээ. Хашаа, хотхон, зусландаа мод тарихаас гадна тэмдэглэлт ой, бурхан болоочдын гэгээн дурсгалд зориулж ийм санаачилга гаргаж байна. Амьдралын чухал үйл явдал, өдрүүдийг мод тарих үйлтэй холбодог сайхан уламжлал тогтож буйд баярладаг. “Миний клуб”-ийн залуус энэ өдөр олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгдөг учир маш завгүй, бидний утас лавлах шиг л ажилладаг.
Мод тарих өдрийг социализмын үеийн субботник шиг, эсвэл ганц хоногийн арга хэмжээ төдийхнөөр ойлгодог, үнэ цэнийг нь алдагдуулдаг хүмүүс бий. Бараг ургахгүй болов уу гэсэн итгэл үнэмшлээр хэдэн мод, сөөг булж орхидог тохиолдол бишгүй. Суулгасан модоо арчилж хамгаалахыг боддоггүй, эсвэл бусдын ажил гэж үздэг хандлага бий учраас өнгөрсөн хугацаанд тарьсан моддын ургалтын хувь бага байдаг болов уу. Зэт, альфа буюу орчин үеийн хүүхдүүд ихээхэн найдвар төрүүлж байгаа. Тэднийг үлгэрлэн дагуулж, энэ чиглэлд хамтран ажиллавал ирээдүйтэй. Мод тарих нь нэг өдрийн субботник биш, “цэвэр” сайн дурын ажил гэдгийг ойлгуулах нь чухал. Тиймээс цаашид байгууллага, хувь хүмүүс, хүүхэд, залуусыг сайн дурын эко ажил хийх хүсэл эрмэлзэлтэй болгох, ийм боломж олгох тогтолцоог бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Ер нь манай улсад дан ганц эко гэлтгүй бүх чиглэлийн сайн дурын ажлын эрх зүйн орчин байхгүй.
МОД ТАРИХЫН ҮНЭ ЦЭНИЙГ ХҮҮХДЭДЭЭ ОЙЛГУУЛАХ НЬ ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН ҮҮРЭГ
Н.ГАНТУЯА (Австрийн Вена хотын “Green garden” компанид ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт хариуцсан мэргэжилтнээр ажилладаг, цэцэрлэгч):
-Би 2018 онд Монголд очсон. Есөн жилийн хугацаанд Улаанбаатар их өөрчлөгдсөн байна билээ. Их тоос шороотой, агаар хэт хуурайшилттайгаас болоод нэг хэсэг харшилд дарлуулсан. Хотын гудамж, талбайд олон тооны эм улиас тарьснаас хаа сайгүй унгирал хөглөрч байсан. Эндээс би нэг л зүйлийг маш сайн ойлгож авсан юм. Манай хотод ногоон байгууламжийн хүртээмж, төлөвлөлт гэдэг зүйл ер алга, бараг нүцгэн шахам гээд хэлчихмээр санагдсан. Нийслэлийн ойр орчимд багахан ой, зуслангийн бүс бий тулдаа өдий зэрэгтэй байгаа хэрэг. Энэ ой үгүй болбол бүр ч дордоно. Тиймээс хотын төв, гэр хороолол гэж ялгалгүй бүх хэсэгт мод тарьж, ногоон байгууламжийн хүртээмжийг сайжруулах хэрэгтэй. Эрүүл мэндийнхээ, үр хүүхдийнхээ төлөө. Байгалийн ой хүний хөдөлмөрийн бүтээмжийг 30-40 хувиар дээшлүүлдэг бол хотын гудамж, ажлын байрны ойролцоох ногоон байгууламж 50-60 хувиар нэмэгдүүлж, ядаргаа, сэтгэл гутралаас хамгаалдаг гэсэн судалгаа бий.
Бүх нийтээр мод тарих үндэсний өдөртэй олон орон байдаг. Австрид ч бий. Энэ өдрийн ач холбогдлыг хүүхэд, залууст ойлгуулах нь чухал гэсэн бодлогыг энэ улс баримталдаг. Хөлбөмбөгийн талбай, цэцэрлэгт хүрээлэнд ихэвчлэн хүүхэд, залуусаар мод тариулдаг. Зарим нь эзэмшлийн газартаа тарьсан модоо үр хүүхдэдээ өвлүүлэн, хариуцуулдаг юм билээ. Мод тарьснаар ямар ач холбогдолтой, ургуулахын тулд хэр их хэмжээний хөдөлмөр зарцуулдгийг хүүхдэдээ ойлгуулах нь орчин үеийн эцэг, эхчүүдийн нэг чухал үүрэг гэж боддог.