Манай улсад нутагладаг амьтны дунд ховордлын зэргээрээ мазаалайн дараа ордог борцгор хотонг хамгаалах уриалгыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан болон Хар-Ус нуурын цогцолборт газрын байгаль хамгаалагчид гаргаад байна. Нэн ховор зүйлд хамаарах эл шувуу нь Монгол Улсын хэмжээнд 110-120 орчим л байдаг гэх судалгаа бий. Сүүлийн жилүүдэд борцгор хотонгын тоо толгой нэмэгдэж, амьдрах орчин нөхцөл нь сайжрах төлөвтэй байгаа ч хууль бус агнуур болон элдэв бэртэл, гэмтлээс үүдэн хорогдох тохиолдол бүртгэгдэх болжээ. Хотонгын хошуугаар морины хусуур хийдэг тул эл амьтныг хууль бусаар агнах нь бий. Тиймээс Зүүн Азийн популяцийн үржлийн чухал гол бүс болох Хар-Ус нуур орчмыг хамгаалах, амьдрах орчныг нь сайжруулах шаардлага тулгараад байна.