Орчин цагийн Зэвсэгт хүчний байгууллагыг үүсгэн байгуулсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан ЗХЖШ-ын даргын тушаалаар зарим хүнд хурандаа цол олгов. Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Баянмөнх, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын Нэгдсэн ажиллагааны төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Эрдэнэбилэг, Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Дугарсүрэн нар өнөөдөр албан тушаалын зэрэглэлийн хурандаа цолоо авлаа. Хурандаа цолыг ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар нар гардуулан өгч, баяр хүргэсэн юм. Хошууч генерал Д.Ганзориг “Энэ сайхан цолыг хүртсэнээр цолоо дааж явах үүрэг, хариуцлага танд очиж байна. Цол хүртсэн гэхээсээ илүү дааж явснаараа та эрхэм цолныхоо эзэн болж чадна. Үүрэг хариуцлага, ачаа даах чадвараараа бусдадаа үлгэрлэж, харилцаа, хүндлэлээрээ хамт олондоо үнэлэгдэх учиртай юм шүү. Та бүхний цаашдын ажил, албанд өндөр амжилт хүсье” гэв.