Шинэ коронавирусийн цар тахлаас үүдсэн хямралын үед эдийн засаг, санхүүгийн олон үзүүлэлт уруудаж байна. Харин банкууд дахь хадгаламж өсөж буй нь сонирхолтой үзэгдэл юм. Санхүүчид хадгаламжийн өсөлт л мөнгөний нийлүүлэлтийг бүрдүүлж байна гэж ярих болов. Монголбанкнаас гаргасан статистик мэдээллээр, өнгөрсөн гуравдугаар сарын 31 гэхэд банкууд дахь хадгаламжийн хэмжээ 23.3 их наяд төгрөгт хүрчээ. Үүнээс жилийн өмнө хадгаламжийн хэмжээ 18.6 их наяд төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байв. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямрал эхлэхээс өмнө ийм хэмжээтэй байсан гэсэн үг. Хямралын жил хадгаламжийн хэмжээ 4.7 их наяд төгрөгөөр өссөн нь энэ.
Коронавирусийн халдвар тархахаас сэргийлж, байсхийгээд хатуу хөл хорио тогтоож буй энэ үед иргэдийн орлого буурч буй. Ялангуяа хувийн хэвшлийн салбарт ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлого үлэмж хэмжээгээр багассан. Орлогын эх үүсвэр нь огт байхгүй болсон иргэд ч бий. Орлогогүй болсон иргэдэд ашиг олоогүй нь мэдээж.
Ашиг олоогүй хүн хуримтлал үүсгэж чадахгүй. Гэтэл яагаад хадгаламж өсөөд байна вэ. Өсөх өсөхдөө жилийн өмнөхөөс 25 хувиар нэмэгдсэн нь ямар учиртай вэ. Ийм асуулт хариулт нэхэх нь гарцаагүй. Асуултын хариултыг хайхаас өмнө хадгаламжийг “задалж” харъя.
Банк дахь хадгаламжийн дансыг аж ахуйн нэгж, иргэдийн харилцах болон хадгаламжийн гэж хэлбэрээр нь хоёр хуваадаг. Үүнийг дотор нь төгрөг болон гадаад валютын данс гэж мөнгөн тэмдэгтийн төрлөөр нь хуваана. Цаашлаад данс эзэмшигчийг улсын, хувийн, бусад байгууллага, иргэд гэж хуулийн этгээдийн хэлбэрээр нь дөрөв ангилдаг. Үүнээс гадна хадгаламжийг хугацаатай болон хугацаагүй гэж ангилдгийг бид мэднэ. Аж ажуйн нэгж, иргэдийн харилцах данс дахь мөнгөний хэмжээ 5.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь жилийн өмнөхөөс 300 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт. Үүн дотор хувийн байгууллагын харилцах данс дахь төгрөгийн хэмжээ 600, иргэдийнх 529 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин улсын байгууллагын харилцах данс дахь мөнгө 379 тэрбум төгрөгөөр багассан байлаа. Мөн улсын байгууллагын харилцах данс дахь гадаад валютын хэмжээ 512 тэрбум төгрөгөөр буурсан дүн гарчээ.
Тэгвэл аж ахуйн нэгж, иргэдийн хадгаламжийн дансанд анхаарал татахуйц ямар өөрчлөлт гарсныг шинжье. Аж ахуйн нэгж, иргэдийн хадгаламжийн данс дахь мөнгөний хэмжээ энэ оны гуравдугаар сарын 31 гэхэд 17.8 их наяд төгрөгт хүрэв. Энэ нь жилийн өмнөхөөс 4.34 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Хугацаагүй хадгаламж 3.9 их наяд төгрөг болж, жилийн өмнөхөөс 1.4 их наядаар өссөн байв. Иргэдийн хугацаагүй хадгаламжийн хэмжээ 797 тэрбум төгрөгөөр дээшилсэн нь дээрх өсөлтийн голыг бүрдүүлжээ. Бусад хуулийн этгээдийн хугацаагүй хадгаламж ч тус тус өссөн байлаа.
Аж ахуйн нэгж, иргэдийн хугацаатай хадгаламж 13.9 их наяд төгрөг болж, жилийн өмнөхөөс 2,9 их наядаар нэмэгджээ. Үүн дотор төгрөгийн хугацаатай хадгаламж 2.5 их наяд төгрөгөө хувиар өссөн дүнтэй байна. Тэгэхээр гадаад валютын хугацаатай хадгаламжийн дүн 400 тэрбум төгрөгөөр өссөн гэсэн үг юм. Иргэдийн төгрөгийн хугацаатай хадгаламж 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байв. Эндээс хугацаатай хадгаламжийн өсөлтийн дийлэнхийг иргэд бүрдүүлсэн байна гэсэн дүгнэлт хийж болно. Харин хувийн байгууллагын төгрөгийн хугацаатай хадгаламжийн хэмжээ 350 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байлаа. Иргэдийн гадаад валютын хугацаатай хадгаламжийн хэмжээ ч 300 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм.
Иргэд болон хувийн байгууллагын хадгаламжийн хэмжээ нэмэгдсэн нь нийт хадгаламж 25 хувиар өсөхөд голлон нөлөөлснийг дээрх үзүүлэлтүүд харуулж байна. Ялангуяа иргэдийн хадгаламж ихээхэн нэмэгджээ. Эдийн засагчид иргэд болон хувийн байгууллагын хадгаламжийн хэмжээ нэмэгдсэн шалтгааныг “Өндөр орлоготой иргэн, аж ахуйн нэгжид эдийн засгийн хямралын үед шинэ хөрөнгө оруулалт хийх боломж хомс болсон. Тиймээс орлогоо бага хүүтэй ч хадгаламж хэлбэрээр байршуулж байна. Түүнээс биш, хадгаламж өсөж буйг нийт иргэдийн ашиг орлого нэмэгдсэн гэж харж болохгүй. Харин ч орлогогүй болсон иргэдийн хадгаламж буурч байгаа” гэж тайлбарлав. Товчхондоо, хадгаламж өссөн шалтгаан нь өндөр ашиг орлоготой иргэдийн мөнгө банканд “гацсан”-тай холбоотой байх нь. Харин орлого багатай иргэд үе үе хөл хорио тогтооход хадгалсан жаахан мөнгөөрөө амьжиргаагаа залгуулж ирсэн нь гарцаагүй. Тэгэхээр тэдний хадгаламж их хэмжээгээр өсөх үндэслэлгүй юм. Том зургаар нь харвал хадгаламжийн хэмжээ өссөн нь нийтэд хамааралгүй, хуурамч үзэгдэл аж. Хэрэв банканд “гацсан” мөнгө бодит эдийн засагт хөрөнгө оруулалт хэлбэрээр орж байсан бол эрүүл үзэгдэл болох байжээ.
Нийт хадгаламж эзэмшигчдийн 99.8 хувь нь 20 сая төгрөгөөс бага хадгаламжтай гэсэн судалгаа бий. Үүнд тулгуурлан 20 сая төгрөгөөс доош хадгаламжтай иргэдийн эрсдэлийг хамгаалахаар эрх зүйн орчин бүрдүүлэн Хадгаламжийн даатгалын корпорацыг байгуулсан. Судалгааны энэ баримт олон нийтийн биш, цөөхөн чинээлэг хүмүүсийн мөнгө хадгаламжийн хэмжээг өсгөснийг баталж байна.
Төрөөс хэрэгжүүлсэн халамжийн хоёр бодлого хадгаламжийн хэмжээг нэмэгдүүлэх нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Эхнийх нь хүүхэд бүрт сар тутамд 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн явдал. Энэ бодлогын хүрээнд жилд нэг их наяд төгрөг зарцуулж буй. Үүний тодорхой хэсэг нь хадгаламжийн хэмжээг нэмсэн нь гарцаагүй. Гэхдээ дорвитой нөлөө үзүүлээгүй гэдгийг онцлох нь зүйтэй. Удаах нь иргэн бүрт 300 мянган төгрөг тараасан явдал. Мөн л нэг их наяд төгрөгийн хөрөнгө гаргасан. Гэхдээ энэ мөнгө тараахаас өмнөх үзүүлэлтэд тулгуурлаж дүн шинжилгээ хийж буйгаа дурдъя. Хадгаламжийн хэмжээ өсөж буй нь нэг талаас сайн үзүүлэлт юм шиг. Гэтэл агуулгыг нь “задалж” харахад маруухан үзүүлэлт ажээ.