Түүхэндээ хамгийн их үер амсаад буй Австралийн Куинзлэнд муж амсхийж амжаагүй байтал энэ долоо хоногт эргийн дагуух 1800 км газрыг хар салхи хоёр удаа дайран өнгөрөхийг “BBC” онцлов. Тэдний мэдээлж буйгаар Энтони хэмээх халуун орны хар салхи Таунсвиллийн өмнөд хэсгийг цагт 140 км-ийн хурдтайгаар дайран өнгөрөх аж. Үүнээс шалтгаалж боомт болон зорчигч тээврийн үйлчилгээг өнгөрсөн ням гаригаас түр зогсоосон байна.
Харин энэ сарын 6-нд болох хоёр дахь тохиолдол нь илүү хөнөөлтэй байхыг тус улсын Цаг уур судлалын товчооноос анхааруулжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш буусан үерийн улмаас Австралид 32 хүн нас барж, 30 мянган хүн орон гэргүй хоцорсны зэрэгцээ дэлхийд зартай нүүрсний уурхайнууд хаалгаа барихад хүрч, төмөр зам, ургац ихээр сүйдсэн билээ. Эдгээрийг сэргээн босгох ажилд нийт 4.97 тэрбум ам.доллар шаардагдах аж.
Б.ЦЭЦЭГСҮРЭН