Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны “Нэхмэлийн шар” гэх 20 байрыг буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гарсан. Тэгвэл тус дүүргийн 2 дугаар хороонд байрлах Нэхмэлийн шар болон “Нутгийн буян” хотхоны дунд барилга хоорондын зай талбай стандартын шаардлага хангахгүй байгаа талаар иргэд гомдол гаргажээ. Тиймээс хотын удирдлага тухайн орчинд барилга барихаар зөвшөөрөл авсан ч үүргээ гүйцэтгээгүй “Марта Грийн” ХХК-ийн барилга барих зөвшөөрлийг цуцалж, өөр байршилд газар олгох захирамж гаргав. Хотын дарга Д. Сумъяабазар сар хүрэхгүй хугацааны өмнө дээрх газрын нөхцөл байдалтай танилцаж, оршин суугчдад ногоон байгууламж барьж өгөхөө амласан. Ямартай ч иргэдийн хүсэлтээр газрыг чөлөөлсөн нь энэ аж.