Египетийн нийслэл Каирт энэ сарын 25-нд эсэргүүцлийн жагсаал болсон. Зургаан өдөр үргэлжилж буй эл цуглааны үеэр 100 гаруй хүний амь эрсдэж, Ерөнхийлөгч Хосни Мубаракийн 30 жилийн дэглэм ганхахад хүрэв. Олныг хамарсан эсэргүүцлийн жагсаалд нийгмийн дундаж давхарга болох өөрийн гэсэн орлоготой, боловсролтой залуус голчлон оролцсон нь эрх баригчдын анхаарлыг татаж байна.
Магадгүй, өлсгөлөн ядуус эсвэл үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон “Лалын шашинт ах дүүс” бүлэглэл ийм цуглаан зохион байгуулсан бол амжилт олох магадлал маруухан байсан тухай ажиглагчид онцолжээ. Эрх баригчдын үйл ажиллагаа хөгжлийг чөдөрлөж, хууль сахиулагчид ард түмний төлөө бус Засгийн газрын эрх ашгийн төлөө ажиллаж, үүнийг дагаад авлига газар авч буйг эсэргүүцсэн хэдэн зуун мянган египет залуу Засгийн газраа огцруулахыг хүсэж байна. Өнгөрсөн баасан гаригт цуглаан даамжирч, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсчээ.
Александрии, Суэц, Порт-Саид хотод ч эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, бямба гаригийн өглөө гэхэд орон даяар интернэт, гар утас, телевиз ажиллахгүй болсон. Засгийн газар орон даяар онц байдал зарлаж 16.00 цагаас хойш ямар нэг цуглаан зохион байгуулахыг хориглосон ч үймээн намжих янзгүй байна. Үйлчилгээний газрууд, Үндэсний ардчилсан намын байр, музей рүү хүмүүс дайрч, шатаажээ. Египетийн нийслэлд бүрэн зэвсэглэсэн цагдаагийнхан эсэргүүцэгчдийг тараахыг оролдож байна.
Дэлхий даяар тухайлбал, Вашингтон, Брюссель, Давост ч энэ асуудлыг хэлэлцэж буй. Харин нөхцөл байдлыг хэрхэн зохицуулах, ямар арга хэмжээ авбал зохих талаар улс орнуудын удирдагч нар тоймтой зүйл хэлсэнгүй. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Хүний эрх зөрчигдөхөөс сэргийлж, харилцан зөвшилцөлд хүрэхийг хичээх нь зүй” гэж мэдэгдэв. Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубарак “Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт хийж, ажлын байр бий болгох, авлигатай тэмцэх талаар дорвитой арга хэмжээ авна” гэж амласан ч босогчдын хувьд энэ нь хангалтгүй байна.
Үйл явдал цаашид хэрхэн өрнөх нь одоогоор тодорхойгүй байгаа ч ажиглагчид олон хувилбар дэвшүүлжээ. Эсэргүүцэгчдийн цуглаан даамжирч, Хосни Мубарак огцорч магадгүй. Гэхдээ олон жилийн дэглэмийг унагах оролдлого цус урсгасан тэмцэлд хүргэж, энгийн иргэд үүнд нь өртөнө гэж улс төр судлаачид үзэж байна. Эсвэл эвслийн Засгийн газар байгуулах. Нэг талаас энэ нь босогчдод ч, эрх баригчдад ч ашигтай хувилбар. Харин Ерөнхийлөгч Хосни Мубарак тэргүүтэй эрх баригчид үүнийг зөвшөөрөхгүй байгаа юм.
Мөн сөрөг хүчний нам болон ард түмний төлөөлөл Парламентад орлоо ч эсэргүүцэгчдийн шаардаж буй өөрчлөлт, шинэчлэлийг хийж, эдийн засгийн, улс төрийн хямралд цэг тавихад багагүй хугацаа шаардагдана гэж тоймчид үзэж буй. Хэрэв египетчүүд Ерөнхийлөгчөө огцруулж, Засгийн газраа татан унагавал Арабын бусад оронд энэ мэт эсэргүүцлийн хөдөлгөөн газар авах магадлалтай аж. Одоогийн байдлаар Иордан, Сирид хэдэн зуун хүн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай АР мэдээллээ.
Х.ОДОНЧИМЭГ