Вакцины хоёр дахь тунг хийлгэх иргэд ХӨСҮТ-ийн гадаа хүлээн зогсож буй. Гэвч нийтийн тээврийн хөдөлгөөнийг өглөө 07:00-10:00 цаг, оройны 17:00-20:00 цагт явуулахаар албаныхан зохицуулсан. Тиймээс энд дугаарлаж буй иргэд гэр лүүгээ хэрхэн буцахаа мэдэхгүй байна гэж мэдээллээ. Тодруулбал, ХӨСҮТ-д зөвхөн хавдартай иргэнд вакцины 1,2-р тунг хийж байгаа бөгөөд эдгээр хүмүүс Баняхошуу, Баруун салаа, Хорооллын эцэс гэх газруудаас өглөө 7, 8 цагийн үед ирсэн аж. Зарим иргэд “Бид эрүүл саруул бус хавдартай хүмүүс шүү дээ. Зарим нь явж ч чадахгүй байхад гадаа хүйтэнд дугаарлаж зогсоогоод байх юм. Тэсэж байгаад дархлаажуулалтад хамрагдлаа гэж бодъё. Дараа нь гэртээ яаж харих вэ. Би баруун салааны эцсээс ирсэн. 17 цаг хүртэл хаана, юу хийж автобус хүлээхээ мэдэхгүй байна. Ядаж байхад хувийн машинаар бүр явуулахгүй юм билээ” гэв.