Нийслэл бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, гамшгийн үеийн улаан түвшин зарласан ч хот тохижилтын ажил эрчимтэй үргэлжилж буй билээ. Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хөл хорионы үед үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид иргэдтэй харилцахдаа ёс зүйтэй байж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх ёстойг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр сануулсан. Үүний зэрэгцээ гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаанд хот тохижилтын ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсөн юм. Тухайлбал, авто болон явган хүний замын заадас, ан цавыг нөхөх, засвар, шинэчлэл хийх, нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь тэмдэг, тэмдэглэгээ, хайс, хашлагыг сэргээн засах ажлыг хөл хорионы хугацаанд хийж дуусгахыг үүрэг болгосон билээ.
ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд авто замын засвар, арчлалтын хүрээнд 175 гудамж, орон сууцын хороолол доторх авто замыг засаж, арчлахаар төлөвлөжээ. Жишээ нь, төвийн зургаан дүүргийн гол 33 гудамж, авто замын 65 000 ам метр талбай бүхий нүхэн эвдрэл, 300 000 метр урт ан цав, заадсыг засна. Түүнчлэн нийт 65 359 ам метр талбайтай тэмдэг, тэмдэглэгээ, хайсын өнгө үзэмжийг сайжруулах аж.
Ачаалал ихтэй замуудын засвар, арчлалтыг хөл хорионы хугацаанд буюу хөдөлгөөн эрс багассан үед хийхийг хотын дарга холбогдох албаныханд үүрэг болгосон. Үүний дагуу нийслэлийн Авто замын хөгжлийн газар, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрынхан хамтран авто замын тэмдэг, тэмдэглэгээ, хайс, заадсыг засах ажлыг энэ сарын 13-наас эхлүүлэв. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөө буюу ХХААХҮЯ-ны уулзвар, Арслантай гүүр, Төв шуудангийн урд тал, Жуковын музейн ойролцоох замын заасдыг нөхөж байна. Мөн Чингисийн болон Энхтайваны өргөн чөлөө зэрэг хотын гол гудамж, талбайн авто замуудын тэмдэг, хайсын өнгө үзэмжийг сайжруулж, Гачууртын гүүрний даланг бэхэлж буй билээ. Эдгээрийг 10 бригадын 140 гаруй инженер, техникийн ажилтан гүйцэтгэж байгаа аж. Тэд хөдөлмөрийн аюулгүй байдал, коронавирусээс урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллаж буйг нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв.
ЗААДСЫГ НЭН ДАРУЙ НӨХӨХ ШААРДЛАГАТАЙ
Замын заасдыг нэн даруй нөхөн шаардлагатай бөгөөд цаг алдалгүй арга хэмжээ авах нь тухайн зам бүхэлдээ эвдрэхээс сэргийлдэг гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалт, хяналтын хэлтсийн дарга Д.Ганбат хэллээ. Өмнө нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал их байх үед шөнийн цагаар зам засдаг байв. Харин өдгөө хөл хорионы үед уг ажлыг өдрөөр гүйцэтгэснээр нэлээд эрчимтэй урагшлах болсон гэнэ. “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар”-ын дарга Б.Галхүү “Хяналтын инженерүүд шаардлага хангахгүй болсон тэмдэг, тэмдэглэгээг газар дээр нь сольж, угааж, цэвэрлэж байна. Төсвийн орлого тасарсан, эдийн засгийн байдал хүндэрсэн ч зам засварыг цалгардуулахгүй гүйцэтгэхийг хотын дарга үүрэг болгосон” гэж онцоллоо. Тус газрынхан энэ сарын 12-19-нд Энхтайваны өргөн чөлөө, нийслэлийн гол найман гудамжны авто замд үүссэн, нийт 85 563 метр урт ан цав, заадсыг зассан байна. Эхний ээлжид ийнхүү замын ан цав, заадсуудыг засаж буй бол ирэх сарын 10-наас томоохон хэмжээний нөхөөсүүд тавихаар болжээ. Мөн Гачууртын 18, 30 метр хоёр гүүрийг засаж буй бөгөөд ирэх сарын 1 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй гэнэ.
НИЙСЛЭЛ ӨНГӨ ОРЛОО
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар”-аас гүүрэн болон нүхэн гарцуудын гадна, доторх шилэн фасад, тоноглолуудыг угааж, цэвэрлэж байна. Тодруулбал, одоогоор Сансарын нүхэн болон Зуун айл, “Бөмбөгөр”, 120 мянгат, XIX хорооллын гүүрэн гарцын фасад, тоноглолуудыг бүгдийг нь угааж, цэвэрлэжээ. 23 ажилтан үүнийг гүйцэтгэжээ. Түүнчлэн 50 хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн бригад нийслэлийн төвийн зургаан дүүрэг дэх авто замын хайс, хашлагыг засаж, будан, замын тэмдэг, тэмдэглэгээг угааж байна. Үүний хүрээнд Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт 1077 метр урт хайсыг тэгшлэн засаж, 75 метрийг нөхөн байршуулжээ. Түүнчлэн 160 метр урт хайсыг угааж, будсан аж. Гол гудамж, замын эвдэрсэн хайс, хашлагыг засах, будах ажлын явц өдгөө 70 хувьтай гэнэ. Тэрчлэн Энхтайваны болон Чингисийн өргөн чөлөө, Их сургууль, Сүхбаатарын гудамжинд авто замын 1633 тэмдэг, тэмдэглэгээг угааж, Хан-Уул дүүрэгт 30-ийг шинээр суурилуулав. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэх, өнгө үзэмжийг сайжруулах чиглэлээр дүүргүүдийн ЗДТГ-аас өөр өөрсдийн онцлогт тохирсон ажлууд хэрэгжүүлж буй аж.
Үүнээс гадна нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь сандал, хогийн сав зэргийг ч тогтмол угааж, ариутгаж байгаа гэнэ. Нийслэлийн Хот тохижилтын газрын Тохижилт, үйлчилгээний албаны дарга Ш.Ганчулуун энэ талаар “Хот тохижилтын газрынхан Улаанбаатарын 186.1 км зам, талбайг хариуцан ажилладаг. 700 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаанд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, хогийн сав, хөшөө дурсгалуудыг ариутгалын бодистой болон цэвэр усаар тогтмол хуваарийн дагуу угааж цэвэрлэж байна. Авто замуудын хайсыг сойзот төхөөрөмж буюу бага оврын машинаар угаадаг. Мөн дулааны шугам дагуух хогийг цэвэрлэж, авто замын зорчих хэсэг, автобусны зогсоолын сандал, хогийн сав зэргийг угааж, арчлан, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж буй. Ногоон байгууламжийн тухайд зүлэгт талбай, ногоон зурвас, ургамлан хашлагын цэвэрлэгээ, мод, бут усалгаа, хог ачих зэргийг тогтмол гүйцэтгэж байгаа” гэлээ.
ХӨШӨӨ ДУРСГАЛУУДЫГ СЭРГЭЭН ЗАСАЖ ЭХЛЭВ
Нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Махатма Гандигийн хөшөөг сэргээн засаж, орчныг нь тохижууллаа. Уг хөшөөний сууринд ус нэвчиж, эвдэрсэн, зарим газарт намаг үүсэн, хөрс нь суусан байжээ. Тиймээс суурийг байгалийн боржин чулуугаар сольж, хөшөө орчмын хэсэг газрын хөрсийг хуулж, нягтаршуулсан хавтан суулгасан аж. Мөн хөшөөний пайзыг шинэчилжээ. Түүнчлэн уржигдраас Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөөг засаж, орчныг тохижуулах ажил эхэлснийг тус албаны дарга Т.Гантөмөр мэдээлэв.
СТАНДАРТЫГ ЯГШТАЛ МӨРДҮҮЛНЭ
Нийслэлийн Засаг дарга саяхан А/276 дугаар захирамж гаргаж, стандарт, норм, дүрмийн хэрэгжилтийг сайжруулах үүрэг, чиглэлийг нутгийн захиргааны байгууллагынханд өгсөн. Иргэд эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангахын тулд хот байгуулалт, нийтийн аж ахуйн салбарын ажил, үйлчилгээнд стандарт, норм, дүрмийг ягштал мөрдүүлэх шаардлагатайг тэрбээр онцолсон билээ. Амьдрах орчинд үүссэн эрсдэл, аюулгүй байдлын талаар иргэдийн ирүүлсэн гомдол, өргөдлийн тоо жилээс жилд нэмэгджээ. Тиймээс иргэд аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах ажлыг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга “Иргэдийн амьдрах орчныг сайжруулахын тулд дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа барилгын болон бусад зорилгоор ухаад орхисон нүх, овоолсон шороо зэргийг цэгцлэх ажлыг зохион байгуулж буй. Тухайлбал, барилгын түр хашааг стандарт, норм, дүрэмд нийцүүлэх, нэгж талбараасаа илүү талбай хашсан, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь орц, гарц, явган хүний зам хаасан зэрэг зөрчлийг арилгууллаа. Түүнчлэн ил задгай цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулах, өнгө үзэмжгүй, эвдэрсэн самбаруудыг цэгцлэх, стандарт, норм мөрдүүлэх ажлыг газар дээр нь хэрэгжүүлж байна” хэмээсэн юм.
Хот байгуулалт, нийтийн аж ахуйтай холбоотой ажил, үйлчилгээний стандартын хэрэгжилтийг сайжруулах, холбогдох мэргэжилтэн, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, чанарын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн 61 төрлийн удирдамж, арга зүйн баримт бичгийг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас боловсруулжээ. Тэдгээрийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээнд ашиглахад бэлэн болсон гэнэ. Тухайн салбар, чиглэлээр хийх ажил, үйлчилгээг стандарт, нормын дагуу төлөвлөх, гүйцэтгэх, хяналт тавих, хүлээн авах талаарх нэгдсэн удирдамж, заавар, шалгуур үзүүлэлтүүдийг жишээ, зураглалын хамт тэдгээрт оруулсан юм байна. Энэ нь хэрэглэгчдэд энгийн, ойлгомжтой, хүртээмжтэй, цогц мэдлэг, мэдээлэл олгох боломжтойгоороо онцлог аж. Стандартын удирдамж, арга зүйн баримт бичгүүдийг үйл ажиллагаандаа хэрэглэж, хариуцсан ажлуудаа үр дүнтэй зохион байгуулах талаар цахим сургалт нийслэлийн ЗДТГ, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрынхан хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн: М.Оч