“Оюуны инноваци” ТББ-ын судлаач П.Баттулгатай ярилцлаа.
-Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамж гаргаж, Дээд шүүхэд хүргүүллээ. Улс төрийн намыг тараах энэ мэт санал, санаачилга гаргах эрхийг хуулиар хэнд олгосон байдаг юм бэ?
-Хариулахаасаа өмнө улс төрийн намд тавих шүүхийн хяналтын талаар ярих нь зүйтэй болов уу. Тодорхой улс төрийн үзэл баримтлалд тулгуурласан хүмүүсийн сайн дурын нэгдлийг нам гэдэг. Энэ үүднээсээ нам бол хуулийн этгээд, тэр дундаа хувийн эрх зүйн хуулийн этгээд. Бусдаасаа ялгардаг гол онцлог нь нам төрийн сонгуульд оролцох, улмаар засгийн эрхийг барих боломжтой. Нам парламентад суудалтай болсноор төрийн удирдлагын нэгэн эд, эс болдог. Иймээс нам нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлж, улсын аюулгүй байдал, Үндсэн хуульт байгууллын үүднээс хөндлөнгийн хараат бус шүүхийн хяналтад байх шаардлага бий болж байгаа юм. Герман улс намын үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргах эрхийг Үндсэн хуулийн шүүхдээ Үндсэн хуулиараа олгосон байдаг. Энэ нь тус улс фашизмд “идэгдсэн” түүхэн сургамжаасаа улбаалан, нэг талаас улс төрийн намуудыг хамгаалах, оршин тогтнолыг нь баталгаажуулах, нөгөө талаас дарангуй дэглэмийг номлогч нам бий болгохоос сэргийлэх зорилготой.
Эл туршлагыг Болгар, Польш, БНСУ зэрэг орон авч, Үндсэн хуулийн шүүхдээ намын зорилго, үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцэж буй, эсэхийг хянах бүрэн эрх олгосон. Гэхдээ намыг тараах, үйл ажиллагааг нь зогсоолгох хүсэлтийг Үндсэн хуулийн шүүхэд гаргах субъект нь хязгаарлагдмал. Ийнхүү хязгаарлаж байгаа нь намын оршин тогтнох баталгааг алдагдуулахгүй байх зорилготой. Хэн дуртай нь намыг тараалгах хүсэлт гаргах эрхтэй байвал улс төрийн зохиомол хямрал бий болгох, манайхны хэлдгээр өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болох эрсдэлтэй.
Харин манай Үндсэн хуульд улс төрийн намыг бүртгэх, тараах талаарх зохицуулалтыг тусгаагүй. 2005 онд шинэчлэн баталсан Улс төрийн намын тухай хуульд намыг бүртгэх, тараах, эсэхийг Дээд шүүх шийдвэрлэхээр зохицуулсан. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн 23.2-т “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-т заасан хугацаанд улсын бүртгэлээс хасаж, нийтэд мэдээлнэ” гэх заалт бий. Гэхдээ намыг тараах тухай хүсэлтийг Дээд шүүхэд хэн гаргах, энэ тохиолдолд хэрхэн шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалт огт байхгүй. Хуулийн зохицуулалт нь маш бүрхэг, тодорхой бус. Өөрөөр хэлбэл, ийм хүсэлтийг хэн дуртай нь гаргаж болох юм шиг, эсвэл хэн ч гаргаж болохгүй юм шиг зохицуулалттай.
-Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад үүнтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт орсон уу?
-Сая баталсан Шүүхийн тухай хуульд намыг тараахтай холбоотой ямар ч зохицуулалт байхгүй. Ер нь өнгөрсөн хугацаанд үйлчилж байсан хуулиудад ч намыг тараахтай холбоотой зохицуулалт огт байгаагүй. Үүний талаарх заалт зөвхөн Улс төрийн намын тухай хуульд л бий. Харин намыг тараах, үйл ажиллагаанд нь хяналт тавих тухайд 1990 оны Улс төрийн намуудын тухай хууль одоогийнхоос хавьгүй илүү зохицуулалттай байсан гэж боддог.
-Та тодруулахгүй юу?
-Тухайн үеийн хуулиар Дээд шүүх дөрвөн хэлбэрээр намын үйл ажиллагаанд хяналт тавихаар зохицуулсан байдаг. “Нам үйл ажиллагаагаараа Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай БНМАУ-ын хууль, бусад хууль зөрчсөн, дүрэм, мөрийн хөтөлбөрөөсөө гажсан нь нотлогдвол зөрчлийн шинж чанараас шалтгаалан БНМАУ-ын Улс төрийн намуудын хуулийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу Иргэний хэргийн танхим уг зөрчлийг арилгахыг хугацаа заан шаардах буюу намын үйл ажиллагааг зогсоох тухай тогтоол гарган шийдвэрлэнэ”, “Улсын дээд шүүхийн Иргэний танхим намыг бүртгэх, үйл ажиллагааг нь зогсоох, намыг тараах тухай өргөдлийг хянан шийдвэрлэхдээ шаардлагатай гэж үзвэл намын гишүүдийн тоо, хөрөнгийн хэмжээ, эх үүсвэрийг шалгах, бүтэц, зохион байгуулалттай нь танилцах, шинжээч томилон дүгнэлт гаргуулах зэрэг зохих байцаан шийтгэх ажиллагааг Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар явуулна” зэргээр Дээд шүүх тодорхой тайлбар гаргасан байдаг.
-Ер нь өнгөрсөн хугацаанд намыг тараахтай холбоотой хүсэлт тавьсан тохиолдол гарсан, эсэх талаар судлаачийн хувьд танд мэдээлэл байна уу?
-Хоёр, гурван жилийн өмнө МАН-ыг тараалгах өргөдлийг хэсэг иргэн Дээд шүүхэд гаргалаа гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч байсан санагдаж байна. Түүнийг хэрхэн шийдвэрлэснийг мэдэхгүй юм. АН-ын дүрмийн 3.6.1.4-т буй “3.3.3 дугаар заалтыг зөрчсөн, эсвэл өөрийн нам дангаар болон хамтарч байгуулсан Засгийн газар, сонгогдсон Засаг даргыг намын шийдвэрийг зөрчин огцруулсан нь тогтоогдвол намаас хасах” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, эсэх талаар шийдвэр гаргуулахаар би 2014 онд Дээд шүүхэд хандсан. Харин Дээд шүүхээс “… Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д намын дүрмээр зохицуулах дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй гэж заажээ. Энэ төрлийн маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэдэг тул таны гаргасан гомдол шүүхийн харьяалалд хамаарахгүй” гэсэн хариу өгсөн юм. Үүнээс харахад нэгэнт намын дүрэм, мөрийн хөтөлбөр, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Дээд шүүх Үндсэн хуульд нийцсэн гэж үзэж бүртгэж авсныхаа дараа тухайн намын дүрэм, мөрийн хөтөлбөр Үндсэн хуульд нийцэж буй, эсэхийг хянахгүй байгаа юм.
-2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үеэр, үүнээс ч өмнө МАХН “Дээд Үндсэн хууль” гэх төслийн хүрээнд олон нийтээс санал авч байсан л даа. “Дээд Үндсэн хууль”-ийн төслийг харвал одоогийн засаглалын хэлбэр, төрийн тогтолцооноос тэс өөр зүйлийг санал болгосон юм. Гэхдээ тэд үүнийг өнгөрсөн хэдэн жилийн турш ярихад хэн ч анхаарал хандуулаагүй. Хэн ч санал, хүсэлт тавиагүй ч аз болоход “Дээд Үндсэн хууль” нь батлагдаж, ажил хэрэг болоогүй тул тэгсхийгээд өнгөрлөө. Улс төрийн нам гэхээр ийм зоргоороо байх ёстой юм уу?
-Ер нь манай улсад үйл ажиллагаа нь шүүхийн хяналтад ордоггүй ганц субъект байдаг нь улс төрийн нам гэж би хувьдаа дүгнэдэг. МАХН гэлтгүй МАН, АН-ын аль аль нь Үндсэн хууль зөрчсөн гэж болохуйц үйл ажиллагаа өдий төдий явуулж байгааг ярьж ирсэн. Тухайлбал, Б.Чимид багш “2004 оны сонгуулийн дараа намуудын зөвшилцлийн хэд хэдэн гэрээ гарсан. Тэр гэрээнд эхний хоёр жил би энэ суудлыг, дараагийн хоёр жил чи тэрийг нь ав гэх агуулгатай заалтууд байсан. Гэтэл Үндсэн хуульд Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэсэн заалт л бий. Тэгээд тэвчээгүй. Ц.Элбэгдоржийг арай өмнө нь унагасан” гэж дурдсан байдаг. 2008 оны сонгуулийн дараа МАН, АН хоёр олонх, цөөнх болсон ч “хамтарсан” нэртэй Засгийн газар байгуулсан нь Үндсэн хууль зөрчиж буйг нэлээд ярьсан, бичсэн. Түүнчлэн УИХ, Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах асуудлыг МАН Удирдах зөвлөлөөрөө, АН Үндэсний бодлогын хороогоороо эхэлж хэлэлцэн шийдвэрлээд, улмаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгдөг, дараа нь төрийн шийдвэр болгон ёсчилж байна гэсэн шүүмжлэл ч байнга гардаг шүү дээ.
-Улс төрийн намыг Дээд шүүх нь бүртгэдэг энэ тогтолцоо манайд хэр үр дүнтэй хэрэгжиж байна гэж та хэлэх вэ. Ер нь Дээд шүүх бүртгэж, тараах ёстой юу. Сонгуулийн төв байгууллага нь намаа бүртгэдэг улсууд ч бий.
-Үүнийг төрийн байгууллага, албан тушаалтанд үзүүлэх улс төрийн буюу намын нөлөөлөл, томилгоо, дарамт шахалттай холбож тайлбарладаг. Ялангуяа манайд намчирхсан байдал хэт хавтгайрсан энэ үед намын бүртгэлийг аль нэг агентлагт хариуцуулах нь эрсдэлтэй. Намын бүртгэлийг хариуцаж байгаа байгууллагад тавих гол шаардлага нь бие даасан, хараат бус байх явдал. Энэ шаардлагыг хангана гэвэл Сонгуулийн ерөнхий хороо ч бүртгэж болно. Дээд шүүх намыг бүртгэж байгааг эл шаардлагын үүднээс үзвэл зөв юм. Харин нам, түүний дүрэм, нэмэлт, өөрчлөлтийг бүртгэх үйл явц, татгалзсан тохиолдолд яах вэ гэдгийг зохицуулсан эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Намыг Үндсэн хуулийн үнэт зүйл, зарчмын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр тараах, эсэхийг ямар ч тохиолдолд хөндлөнгийн, хараат бус шүүх шийдвэрлэх ёстой. Манай улсад Үндсэн хуулийн шүүх буюу Цэцэд уг асуудлыг харьяалуулдаггүй нь үүнийг шийдвэрлэх эрх хэмжээг Үндсэн хуулиар тус байгууллагад олгоогүйтэй холбоотой. Иймээс намыг тараах, эсэх асуудлыг Дээд шүүхэд харьяалуулах нь байж болох хамгийн зөв хувилбар гэж харж байна. Уг нь хууль тогтоогчид, бүр тодруулбал, засгийн эрхийг барьж байгаа намд хүсэл зориг байвал намыг тараах хүсэлт, өргөдлийг хэн гаргах, Дээд шүүх түүнийг хэрхэн шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт бий болгоход амархан.