Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос ХӨСҮТ-ийн эмч нар PCR шинжилгээг хуурамчаар үйлддэг үү ? гэх сэдвээр дараах мэдээллийг өглөө. Мөн коронавирусийн цар тахлын үед ажиллаж байгаа эмч нарын нөхцөл байдлын байдлаар мэдээллээ.
Энэ үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа хэлэхдээ “Манай улсад халдварын нөхцөл байдал амаргүй байна. Сүүлийн өдрүүдэд халдварын нөхцөл байдал хүндэрч өдөрт нас барах хүний тоо нэмэгдэж, нөхцөл байдал хүндхэн байгаа юм. Ийм үед хууль хяналтын байгууллагаас эцэслэн шийдэгдээгүй асуудлыг хөндөж, олон нийтэд ХӨСҮТ-ийн эмч нар хуурамч шинжилгээ гаргадаг гэх буруу ойлголтыг мэдээлж байгаад харамсалтай байна. Хэрэв энэ асуудал нь үнэн бол эцэслэн батлагдсаны дараагаар олон нийтэд мэдээллэх нь зүйтэй. Эрүүл мэндийн салбарынхан 100 хувь алдаагүй ажиллана гэсэн ойлголт байхгүй. Зарим хүмүүс ёс бус алдаа гаргасан байхыг гүйсгэхгүй. Хууль, хяналтын байгууллагаас үнэн эсэхийг тогтоох байх.
Цар тахлын үед нойр хоолгүй бараг хоёр жил шахам ажиллаж байгаа салбарын нийт 56 мянган гишүүний сэтгэлзүйг битгий унагаач ээ. Битгий нэр хүндийг нь харлуулаач ээ гэдэг үүднээс мэдээллийг өгч байна" гэсэн юм.
ХӨСҮТ-ийн үйлдвэрчний хорооны дарга Н.Баатарчулуун өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "ХӨСҮТ-д Тагнуул, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгалт орсон. Шалгалттай холбоотойгоор Livetv.mn сайт дээр зохиолтой, эмч нарыг буруутгасан нэвтрүүлэг гарсан. Бодит байдлаас илт гуйвуулсан энэ нэвтрүүлэг ХӨСҮТ-ийн ажилчдад маш хүнд цохилт болсон ба сэтгэл санааны маш хүнд байдалд орлоо. Ажлаа хийх ямар ч хүч тэнхэлгүй болчихлоо. Яагаад хоёр жил зүтгэчхээд хийсэн ажлынхаа хариуд буруутгагдаж байгаа юм бэ? Уг мэдээлэлтэй холбоотойгоор цахим хаягуудаар мэдээллийг батлагдсан мэтээр мэдээлж байна. Түүнчлэн 50 мянган хүний хариуг 80 мянган төгрөгөөр сөрөг гаргасан гэх мэдээлэл гарч байна. Энэ бол зохион байгуулалттай улс төрийн гүтгэлэг гэж харж байна. Өөрөөр хэлбэл, Халдварын нөхцөл байдал хүндэрч байгааг ХӨСҮТ рүү санаатайгаар чихэж байна. Биднийг өдийг хүртэл хоёр жил ажиллахад Засгийн газрын шийдвэр зөв байсан юм уу. Дарга нарын гаргасан шийдвэр оновчгүй байсан учраас цар тахал ингэж хүндэрлээ. ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч нарыг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Цар тахлын голомтод ажиллаж байгаа төрийн алба хаагчид, эмч нар халдвар авч нас барж эхэлсэн. Цар тахлыг даван туулахын тулд нэг сэтгэл зүрхтэй ажиллахыг байхыг хүсэж байна" гэлээ.
Мөн Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс эрүүл мэндийн салбарын ажилчдын нэр хүндэд санаатайгаар халдаж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболдод дараах мэдэгдлийг хүргүүлж, хариуг дөрөвдүгээр сарын 30-ны дотор ирүүлэхийг хүсэж буйгаа мэдэгдсэн юм. Мэдэгдэлд:
- Гэмт буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад тодорхой нэр бүхий мэргэжилтнийг нийтэд зарлаж салбарын эмч ажилчдын нэр хүндэд бүдүүлгээр халдсаны эсэргүүцэхийн зэргээ, эмч ажилчид холбогдоод буй асуудлын үнэнийг олж тогтоон салбарын ажилтнуудын нэр хүндийг сэргээх
- Салбарын ажилтнуудын цалин, илүү цаг зэрэг хөдөлмөрийн хөлсийг бүрэн олгохгүй бол эмнэлэг бүрд хөдөлмөрийн маргаан үүсгэх
- Дээрх асуудал шийдвэрлэгдэхгүй хэвээр үлдвэл Нийслэл болон орон нутгийн эмч ажилчид улсын хэмжээнд эсэргүүцлээ илэрхийлж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх тул уг асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг сайдаас хүсэж байна гэсэн агуулгатай байв.