Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найман удаагийн шилдэг оролцогч, Монгол Улсын цэнгээнт бүжгийн 26 удаагийн аварга “Хатантуул” хамтлагийн бүжигчин, спортын мастер Б.Батманлайг “Уран бүтээлч” буландаа урилаа.
-Хэзээнээс, хэрхэн бүжгийн спортод дурлав?
-Дунд сургуулийн сурагч байхдаа янз бүрийн дугуйлан, секцэд идэвхтэй суралцдаг байлаа. Ахлах ангидаа Багануур дүүргийн “Бүжиг, бүжиг” чуулгад суралцсанаар бүжигт дурласан даа.
-Ер нь урлагт дуртай хүү байв уу?
-Би дуу хөгжим цангинасан, урлагийн гэр бүлд өссөн. Аав, ээж минь дүүргийн хэмжээнд зохион байгуулдаг хоршил дууны уралдаанд оролцож, үргэлж шагналт байрт шалгардаг байв. Би хоёр ахтайгаа гэрт байдаг хиймэл цэцгүүдээ бариад л Соёлын төвд очиж тэднийгээ дэмждэг байлаа. Аав минь хөгжимчин хүн л дээ. Том ах Батхүслэн минь дууны уралдаанд оролцдог, тэр болгоныхоо тэргүүн байрыг эзэлдэг, бага ах Батзолбоо дунд ангидаа “Зуслангийн найзууд” хүүхдийн кинонд тоглож байлаа. Хоёр ах минь ахлах, дунд ангийнхны дунд зохион байгуулдаг “Дэвжээ” тэмцээнд удаа дараа тэргүүн байр, шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарч байв. Би ах нараасаа үлгэр дуурайл авна. Гуравдугаар ангиасаа аэробикээр хичээллэж, хот болон улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Ах нарынхаа оролцож байсан “Дэвжээ”-д ч өрсөлдөж, тэргүүн байр болон шилдэг эрэгтэй дүрийн эзнээр тодорч байв. Харин аравдугаар ангид ордог жил ангийн минь охин Оюунсувд намайг ятгаснаар “Бүжиг, бүжиг” чуулгад цэнгээнт бүжгээр хичээллэж эхэлсэн юм. Энэ ташрамд, найздаа их баярлаж явдгаа хэлье.
-Тэнд таныг ямар багш нар тосож авсан бэ?
-Балжинням, Нандин-Эрдэнэ гэсэн маш чадварлаг багшаар цэнгээнт бүжиг анхлан заалгаж, энэ спорттой амьдралаа холбосон. Манайд энэ чиглэлээр мэргэжил олгодог сургууль байхгүй шүү дээ. Амжилт үзүүлж яваа мундаг бүх тамирчин олон улсын болон Монголын шилдэг багш, дасгалжуулагч, шүүгчдийн сургалтад хамрагдаж, өөрсдийгөө бие даан хөгжүүлж яваа. Би ч тэр зарчмаар л суралцаж, мэргэшиж байна.
-“Хатантуул” хамтлагийн бүрэлдэхүүнд хэзээнээс багтав?
-Би ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийг металл судлах технологийн чиглэлээр дүүргэж, дараа нь нягтлан бодогч мэргэжлээр суралцсан. Одоо АШУҮИС-д эмзүйчээр суралцдаг. 2008 онд ХААИС-ийн оюутан болж, урлагийн үзлэгт цэнгээнт бүжгийн төрлөөр оролцсон юм. Тэр үед “Хатантуул” хамтлагийн Л.Цолмон багш санал тавьсан. Хөл газар хүрэхгүй баярлаж билээ.
-Олон улсын уралдаанд ямар, ямар амжилт үзүүлсэн бэ?
-Монгол Улсын баг, тамирчид 2010 оноос олон улсын уралдаан, тэмцээнд амжилттай оролцож байна. “Хатантуул” хамтлаг стандарт, “Стар” хамтлаг латин америк бүжгийн төрлөөр Монгол Улсаа төдийгүй Ази тивээ төлөөлөн ДАШТ-д өрсөлддөг. Би их сургууль төгссөнөөсөө хойш гурван жил гаруйн хугацаанд БНХАУ-д бүжигчнээр ажиллаж, ур чадвараа дээшлүүлээд, 2015 оноос “Хатантуул” хамтлагтайгаа бэлтгэлээ эргэж базаан, 2017-2019 онд олон улсын тэмцээнд оролцсон.
-Хэр удаан бэлдэж байж энэ төрлийн уралдаанд оролцдог вэ. Бэлтгэлээ хэрхэн базаадаг бол?
-Бүтэн жилийн хөдөлмөр. Бүжгийн санаагаа гаргах, ая сонгох, хувцасны загвар гээд төслийн хэмжээнд багаар ажилладаг. Бүжигчид гарааны бүрэлдэхүүнд бүжиглэхийн тулд хувийн ур чадвараа дээшлүүлж, хоорондоо өрсөлдөнө. Нэгдсэн бэлтгэлээ базааж, дүүргийн болон нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд, цаашлаад Улсын аварга шалгаруулах тэмцээнээс эхний хоёр байрт шалгарснаар олон улсын тэмцээнд өрсөлдөх эрх авна. Энэ хооронд бэлтгэлээ цалгардуулахгүй. Бүжгийн спортын багийн төрөлд нийт найман хос буюу 16 бүжигчин оролцдог. Бүжгийн тавилт, зохиолын дагуу техникийн ур чадвараа нэг хүн мэт үзүүлж байж шүүгчээс үнэлгээ авна. Хэдийгээр гадаадын тамирчид шиг улсын дэмжлэг, цалин хангамжгүй ч бид бэлтгэл, сургуулилалтаа өндөр хэмжээнд хийдэг.
-Та олон улсын уралдаанд дахин оролцохоор төлөвлөсөн үү?
-Мэдээж төлөвлөлгүй яах вэ. Цар тахалтай холбоотойгоор 2020 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс хойш оролцоогүй. Гэсэн ч хамтлагаараа бэлтгэл, сургуулилалтаа үргэлжлүүлж байгаа. Мөн хамтрагчтайгаа хосын төрөлд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна.
-Бүжигчин богино настай мэргэжил гэдэгтэй санал нийлдэг үү?
-Үгүй дээ. Харин ч эсрэгээрээ. Бүжиг бол урт настай мэргэжил шүү. Бүжиг нь хүний бие махбод, сэтгэхүйг залуужуулдаг. Тиймээс хөл, гар минь хөдөлж л байвал бүжиглэхээ зогсохгүй. Хүсэл мөрөөдөл байгаа цагт нас чухал биш шүү дээ.
-Бүжиглэж байхдаа юу мэдэрдэг вэ?
-Бүжиг бүрийн төрүүлдэг мэдрэмж нь тэс өөр л дөө. Учир нь бүжгийн төрөл, зохиол, хөгжим, орчны уур амьсгал зэргээс хамаараад тухайн дүрийн мэдрэмжийг тултал “авдаг”. Жишээлбэл, танго бүжгээс эрч хүч, удаан фокстрот бүжгээс асар их тайвшрал мэдэрнэ.
-Цэнгээнт бүжгийн бусдаас (үндэсний болон сонгодог төрлүүдээс) ялгарах онцлог юу бол?
-Үйлдэл бүрээ техникийн дагуу гүйцэтгэж, эрэгтэй, эмэгтэй хүн бие биедээ уусан, нэг хүн мэт бүжиглэх нь энэ бүжгийн онцлог гэж боддог.
-Та цэнгээнт бүжгийн хэчнээн төрлөөр бүжиглэдэг вэ?
-Цэнгээнт бүжиг, тэр дотроо 10 төрлөөр бүжиглэж байна. Латин америк бүжгийн төрөл болох ча ча ча, румба, самба, пасадобль, жайв, стандарт төрлийн удаан, хурдан фокстрот, танго, венийн болон удаан вальс бүжиглэдэг.
-Гадаадын аль бүжигчнийг биширдэг вэ?
-Сүүлийн жилүүдэд дэлхийд тогтмол аваргалж байгаа Дмитрий Жарков, Ольга Куликова гэж хосыг шүтдэг. Би гэлтгүй бүжгийн спортоор хичээллэдэг залуус бүгд л энэ хосоос үлгэрлэдэг байх.
-Дотоодоос үлгэр дуурайл авдаг бүжигчин бий юү?
-Мэдээж бий. ХБНГУ-ын “Грун голд” хамтлагт бүжиглэж, дэлхийн аваргын цомыг хоёр ч удаа өргөөд буй Н.Онондариар бахархаж явдаг. Мөн “Хатантуул” хамтлагийн багш, ахлагч, дотнын найз Т.Лхагвасүрэн болон “Мастер данс” клубийн багш, дасгалжуулагч, Монгол Улсын таван удаагийн аварга Ч.Анхбаяр найзаараа бахархаж, үлгэр дуурайл авдаг.
-Бүжигчин байх хэцүү, шантрах үе олон ч урлагт дуртай, мэргэжилдээ хайртай болохоор тэсэхээс өөр аргагүй гэдэг. Танд тийм шантрах үе олон тохиосон уу?
-Мэдээж тийм дардан байгаагүй. “Хатантуул” хамтлагтаа тэнцсэн ч шууд л гарааны бүжигчин болчихоогүй. Эхэн үедээ бэлтгэлийн туршид ая тавих, бүжигчдийн ус, ундааг нь дөхүүлдэг байлаа. Тэр үед хурдхан л гарааны бүжигчдийн тоонд багтмаар санагддаг байв. Гадаадад ажиллаж байхдаа бэлтгэлийн ачааллаа даалгүй шантрах үе ч байсан. Мөн санхүү, мөнгөний бэрхшээл ч тулгарна. Их сургуулийн сургалтын төлбөрөө төлөхийн зэрэгцээ бүжгийн спортын багш дасгалжуулагчийн, техникийн сургалтуудын төлбөр, тухайн оролцож байгаа тэмцээнүүдийн зардал гээд явж өгнө. Одооноос л бүжиглэхийнхээ хажуугаар бизнес эрхэлж, санхүүгийн асуудал цэгцэрч байна. Гэхдээ тайзан дээр гарч бүжиглэх бүртээ жаргал мэдэрдэг учраас шантарч, орхилгүй өдий хүрлээ.
-Шантрах, хүнд үе тохиолдвол өөрийгөө хэрхэн тайвшруулж тайзан дээр гардаг вэ. Сэтгэл тавгүй үед бүжиглэх амаргүй байх.
-Амьдралын хэв маягаа бүжигтэй хольж болохгүй гэсэн зарчмыг хатуу баримталдаг. Хүнд нөхцөл тулгарлаа ч тайзны ард бүх асуудлаа орхиж, инээгээд л гарах ёстой. Тийм ч амар биш л дээ.
-Зөвхөн урлаг хөөж, тэр дундаа бүжиглэж амьдрах боломж манайд байхгүй. Та бизнес эрхэлдэг гэлээ. Ямар ажил хийдэг юм бэ?
-Ээжтэйгээ хамтран компани байгуулж, үүнийхээ дэргэд эмийн сан нээсэн. Тэндээ нягтлан бодогчоор ажилладаг. Эмийн сангийнхаа салбарыг нээхээр ажиллаж байна. Мөн ахынхаа “Green show” продакшнд менежерээр, хамтрагч нөхөдтэйгөө бүжгийн студи, сургалтын төв ажиллуулдаг.
-Урлаг хүнийг хүмүүжүүлдэг гэдэг. Бүжиг танд ямар зөв дадал суулгав?
-Миний амьдралын хэвшил, хэв маяг, харилцаа, тэсвэр тэвчээр, хатуужил бүгд л бүжигтэй уялдаатай. Тэр ч байтугай хөлийн майга, нурууны бөгтөр, алхаа гишгээ ч засарсан. Зөв дасгал хөдөлгөөн хүний биеийг эрүүлжүүлдэг.
-“Монгол HD” телевизийн албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Ододтой бүжиглэе” шоунд та оролцлоо. Эл шоуны талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-“Ододтой бүжиглэе” шоуг BBC телевизийн албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж буй 60 дахь улс нь Монгол. Энэ шоуг Монголд хийхээр болсон тухай сонсоод л их баярлаж, өөрийгөө оролцож буйгаар төсөөлж байлаа. Нээлттэй шалгаруулалт явуулснаар олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцдог хамтлаг, клубүүдийн 17 бүжигчин тэнцсэн. Бүжгийн спорт болон урлагийг үзэгчдэд таниулж, соёл түгээж, соён гэгээрүүлэх зорилготой шоу болж байна.
-Одоо ямар уран бүтээл үзэгчдэд хүргэхээр бэлтгэл сургуулилалтаа базааж байна вэ?
-Одоогоор бүжгийн богино хэмжээний дүрс бичлэгүүд хийхээр төлөвлөж байна. Дэлгэрэнгүйг нууц хэвээр үлдээсэн нь дээр байх.