МУИС-ийн багш, доктор Б.Эрдэнэдалайтай улс төрийн намын төлөвшил, санхүүжилтийн талаар ярилцлаа.
-Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам бий. Бүгд сонгуульд оролцдоггүй. Тэгэхээр бүгдийг нь улс төрийн нам гэж тодорхойлох нь учир дутагдалтай ч юм шиг.
-Иргэд эвлэлдэн нэгдэх эрхтэй. Тиймээс улс төрийн хэдэн ч нам үйл ажиллагаа явуулж болно. Гэхдээ тэд өрсөлдөн, засгийн эрхийг авахын төлөө сонгуульд идэвхтэй оролцож чадаж байна уу гэдэг нь маш чухал. Өнгөрсөн хугацаанд болсон сонгуулиудад манай улс төрийн намууд тусдаа буюу бие даан оролцсон тохиолдол олон. Мөн эвсэж сонгуульд оролцсон нь ч цөөнгүй. Эвсэл байгуулах замаар нэгдэн, улс төрийн нэг нам болсон тохиолдол ч бий. Парламентад суудал авахын төлөө тууштай өрсөлддөг үү, сонгогчдын дэмжлэгийг хэрхэн авч байна вэ гэсэн шалгуурыг хангаж буй нам хэр их байгаа талаас нь судлаачид судалдаг. Нөгөөтээгүүр, гишүүд, дэмжигчдийнхээ үзэл бодлыг хамгаалах, парламентад суудалтай намуудын бодлогод шүүмжлэлтэй хандах, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх, санал, хүсэлтээ уламжлах, хуваалцах хэлбэрээр улс төрийн намууд үйл ажиллагаагаа явуулж болно гэж судлаачид үздэг.
-Монгол Улсад ганцхан нам бий, АН бол нам биш, клубийн зохион байгуулалттай гэж гадаадын судлаач дүгнэсэн гэдэг. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Монголын улс төрд нөлөөлж байгаа гол зүйл нь сонгуулийн тогтолцоо. Мажоритар системээр сонгуулиа зохион байгуулах тусам улс төрд нөлөө бүхий нэг, эсвэл 1-2 нам л парламентад олон суудалтай болно гэсэн “хууль” үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, парламентад нэг нам үнэмлэхүй олонх болох, заримдаа 1-2 нам зонхилох үзэгдэл нь сонгуулиа холимог (мажоритар, пропорционал хосолсон) тогтолцоогоор явуулахгүй байгаатай шууд холбоотой. Эрх баригчид ийм тогтолцоог сонгох сонирхолгүй учраас нэг нам төрийн эрх барьдаг, парламентад цөөн улс төрийн хүчин суудалтай үлддэг хэвээр байна. Хэрэв сонгуулийн тогтолцоогоо өөрчлөн, олон улсын сайн туршлага нэвтрүүлбэл сонгогчдыг жигд төлөөлдөг парламент бүрэлдэж, олон ургалч үзлийн индэр болно.
Олон нам нэгдэж, АН-ыг байгуулсан түүхтэй. Улс төрийн олон эрх ашгийг ингэж нэгтгэсэн нь одоо өрнөөд буй үйл явдалтай нь холбоотой гэж судлаачид дүгнэж байна. Тэгэхээр АН-д өрнөж буй үйл явдал нэгдмэл эрх ашигтай бус, дотроо фракц болж, зөрчилддөгийг нь харуулж буй юм. Сөрөг хүчний хувьд хүчтэй байх ёстой АН дотооддоо зөрчилтэй, төлөвшил муутай байгаагаас, мөн сонгуулийн тогтолцооноос шалтгаалан МАН сүүлийн хоёр ч сонгуулийн дүнд парламентад үнэмлэхүй олонх болж, Засгийн газрыг дангаараа бүрдүүллээ. Нөгөө талаасаа МАН улс орныг, иргэдийг хамарсан суурь сайтай байна. Тодруулбал, засаг захиргааны анхан шатны нэгжүүдэд намын бүтэцтэй, олон тооны гишүүн, дэмжигчтэй, хөрөнгө санхүүгийн хувьд ч бололцоотой. Үүнээс гадна кампанит ажилд асар их хөрөнгө зарцуулдаг болсон. Ийм нөхцөлд парламентад суудалгүй намууд санхүүжилтээ босгох, хүний нөөц, чадавхаа бэхжүүлэх боломж хомс тул хүчтэй өрсөлдөгч байж чадахгүй гэж үзэж болох юм. Гэхдээ улс төрийн намууд эвсэж, сонгуульд оролцох нь нээлттэй. Харин институцийн хувьд сул, төлөвшөөгүй намуудын тухайд судалгаа хийж, хэрхэн сайжруулах, бэхжүүлэх чиглэлээр дүгнэлт, зөвлөмж гаргаж болно.
-Ер нь улс төрийн намын төлөвшил ямар хугацаанд явагддаг юм бол. Тэгэхээр АН-д өрнөөд буй үйл явдал тус намыг төлөвшөөгүй гэдгийг илүү тод харуулж байгаа юм биш үү?
-Намын төлөвшлийн тухайд судлаачид өөр өөр байр суурьтай байдаг. Аливаа нам төлөвшихөд тухайн орны улс төрийн нөхцөл болон ардчиллын үнэт зүйлсийг хэр хэмжээнд хамгаалж буй, дотоод ардчилал, институцийн хувьд хэрхэн бэхэжсэн, нөгөө талаас иргэдийн сонгууль, улс төрийн оролцооны түвшин ямар байгаа зэрэг хүчин зүйлийг холбож үздэг. Тэгэхээр улс төрийн нам 10 жилийн хугацаанд төлөвшинө гэж хэлэх боломжгүй. Гэхдээ намыг төлөвшөөгүй гэж дүгнэхэд амархан. Харин үүнд гадаад, дотоод ямар хүчин зүйлс нөлөөлж байна гэдгийг олон талаас нь судлах хэрэгтэй.
-АН-ыг ардчилсан үнэт зүйлсийг хамгаалагч, хүчтэй сөрөг хүчин гэж үздэг. Гэтэл одоо талцал хуваагдалтай байгаа нь нийгмийн үнэт зүйлсэд нөлөөлөх үү?
-АН хүчтэй сөрөг хүчин байх бүрэн боломжтой. Өнгөрсөн хугацаанд хүчтэй сөрөг хүчин байж ч ирсэн. Гэхдээ тууштай, тогтвортой байж чадаагүй. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам байгаа боловч АН улс төрийн амьдралд, улс төрийн бодлогыг тодорхойлоход түүчээлж оролцох ёстой хүчин. Гэтэл дотоод асуудлаа шийдэж чадахгүй, сонгогчдын итгэлийг алдсаар байна. Парламентад үнэмлэхүй олонх болсон МАН-ын явуулж байгаа бодлогод АН дүн шинжилгээ хийж, зөв гарц, шийдэл дэвшүүлэн, бүтээлчээр шүүмжлэх ёстой.
АН-ыг ардчиллын үнэт зүйлсийг хадгалагч, хамгаалагч гэж үздэг нь үнэн. Гэхдээ ганц намыг ардчиллыг хадгалагч гэж хэлж болохгүй. Улс төрийн бүх нам, түүний гишүүд ардчиллын үнэт зүйл, зарчмыг хэрэгжүүлдэг, хамгаалагч байх л ёстой. Уг нь АН болон бусад намд парламентад суудалтай болох, улсын бодлого тодорхойлох боломж нээлттэй. Үүнийг сонгуулиар олгодог. Харин сонгуулийн тогтолцоо, кампанит ажлын санхүүжилт зэрэг нь энэ боломжийг зарим талаар хязгаарлаад байна.
-Улс төрийн намын тухай хуульд намууд үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг тусгаж өгсөн. Гэтэл ил тод байх, гишүүддээ намын удирдах байгууллагын төлөөлөлд багтах, сонгуульд нэр дэвших, сонгогдоход нь адил тэгш боломж олгох гэсэн зарчмыг хэрэгжүүлдэггүй.
-Гишүүдээ ямар нэг байдлаар ялгаварлахгүйгээр намаас нэр дэвших буюу сонгогдох эрхийг олгох ёстой. Гэтэл манай улс төрийн том намуудад энэ зарчим үйлчилдэггүй. Жишээлбэл, аль нэг хүйсийн хувьд 20 хувиас доошгүй байх зарчмыг ханган, нэр дэвшигчдээ тодруулах ёстой. Үүнийг зөвхөн эмэгтэйчүүдийн квот гэж үзээд, энэ хүйсийн төлөөллийг 20 хувьд хүргэсэн бол хангалттай гэж ойлгодог. Уг нь эрэгтэйчүүдийн төлөөлөл ч 20 хувь байж болно шүү дээ. Түүнчлэн эрхэлж буй ажил, албан тушаал, хөрөнгө мөнгөөр ялгаварлаж байгаа нь нэр дэвшигчдээс дэнчин, янз бүрийн амлалт авах зэргээс харагддаг. Энэ бол тухайн намын бүх гишүүнд гарааны тэгш байдлыг олгох гэсэн үндсэн зарчмаас ухарч буй алхам.
2020 онд томсгосон тойргоор сонгуулиа явуулахад анх удаа нэр дэвшиж байгаа хүмүүс, залуучууд, эмэгтэйчүүдэд их хэмжээний зардал гаргах эрсдэл үүссэн. Тэгэхээр намаас нэр дэвших эрхээ тэгш шударгаар олж авсан ч гэсэн кампанит ажилд их хэмжээний хөрөнгө зарцуулах шаардлага үүссэн нь сонгогдох боломж, эрхийг нь хязгаарлаж буй том асуудал. Харин цөөн гишүүнтэй намын хувьд сонгуульд нэр дэвших эрхийг нээлттэй олгодог.
-Үндсэн хуульд нийцүүлж Улс төрийн намын тухай хуулийг удахгүй шинэчилнэ. Энэ хуулийг баталснаар намууд хэрхэн өөрчлөгдөх вэ?
-Одоогийн хуульд улс төрийн намууд үйл ажиллагаагаа нээлттэй явуулан, хяналт тавьж, хариуцлага тооцдог зохицуулалт бий. Гэхдээ Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх нь нам тойрсон олон асуудлыг шийдэхэд тус дөхөм болно гэж найдаж байна. Олон талыг хамруулсан хэлэлцүүлэг хийж, болохгүй зүйлсийг нь шийдэх хувилбарыг тусган, уг хуулийн төслийг боловсруулсан. Гэхдээ энэ хуулийг батлах, эсэх нь маш эргэлзээтэй. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын чуулган бүрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаадаг ч уг төслийг хойшлуулсаар ирсэн. Намын санхүүжилтийн асуудлыг зохицуулах, ил тод байдлыг нь хангах, иргэд, сонгогчид тайлантай нь танилцах, хариуцлага тооцох боломжтой байхаар дээрх төсөлд тусгасан юм. Уг нь энэ хуулийг батлах нь зүйтэй.
Манайд нэг буруу хандлага байдаг. Улс төрийн намуудыг их муугаар төсөөлж, иргэд хяналт тавьж, хариуцлага тооцох ёстой гэж нэг талаас нь ойлгодог. Тиймээс нээлттэй, ил тод байхыг намууд манлайлан, үлгэрлэж харуулах, алдаагаа засаж, бодлогын сайн шийдэл дэвшүүлдэг болох шаардлага зүй ёсоор тулгарч байна. Намууд болохгүй, бүтэхгүй бүх зүйлийг хийдэг гэх хандлагыг өөрчлөхийн тулд тэд хичээх л хэрэгтэй шүү дээ.
-Зарим намыг улсын төсвөөс санхүүжүүлдэг ч үйл ажиллагаа нь төдийлөн нээлттэй биш байна. Ингэж санхүүжүүлэх нь зөв үү. Хэрэв зөв бол намуудад ямар шаардлага тавих хэрэгтэй вэ?
-Улс төрийн намыг төсвөөс санхүүжүүлдэг. Гэхдээ парламент дахь суудлынхаа тоогоор тухайн нам санхүүжилт авдаг. Мөн дэмжлэг авсан хүчинтэй саналын тоогоор нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлдэг. Олон улсын туршлагаас харахад улс төрийн намыг төсвөөс санхүүжүүлэх нь зөв гэсэн хандлагатай байна. Гэхдээ хариуцлагыг нь чангатгаж, татан буулгах хүртэлх арга хэмжээ авдаг жишиг бий.
-Сонгуулийн насны иргэдийн нэг хувиас доошгүй (ойролцоогоор 22 мянгаас дээш) тооны гишүүнчлэлтэй бол нам гэж бүртгэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан. Үүнийг иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг боогдуулсан заалт гэх шүүмжлэл бий.
-Үндсэн хуулийн энэ заалт нь хоёр талтай. Хэн нэгэн этгээдийн эрх ашигт үйлчилдэг, шантаажилдаг улс төрийн нам байх ёсгүй гэх үүднээс тодорхой шалгуур тавьсан гэж тайлбарлаж болно. Намууд засгийн эрхийг авах, улсын бодлогыг тодорхойлохын төлөө ажиллах ёстой гэдэг зарчмын хувьд үүнийг бас зөвтгөж болох юм. Харин нөгөө талаас энэ нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлаж байна. Бусад улсад ч гэсэн манайх шиг олон тооны нам үйл ажиллагаа явуулж л байдаг.