Шадар сайд С.Амарсайхан өөрийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, хүү А.Эрдэнэхүслэнгээ БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийн 27166 ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлд хамруулсан байж болзошгүй гэх хардлага олон нийтийн дунд байна. Учир нь Боловсролын зээлийн сангийнхан уг зээлийнх нь санхүүжилтийг С.Амарсайханыг Шадар сайд болсноос нь ердөө 17 дахь хоногт буюу 2021.02.16-ны өдөр олгосон байгаа юм.
Тодруулбал, БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангаас Шадар сайдын хүү А.Эрдэнэхүслэн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс буюу Английн Бристолын Их Сургуульд сурах сургалтын төлбөр хэмээн 27166 ам.доллар буюу 77,423,100 /далан долоон сая дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуун/ төгрөгийн зээлийг авсан нь баримтаар батлагдсан.
Энэ талаар Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатараас тодруулахад “Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн нь дүрэм, журмынхаа дагуу БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийн нэн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Уг зээлд оны өмнө хамрагдах байсан боловч санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар оны дараагаар шийдэгдсэн асуудал. Үүнд ямар нэгэн эрх мэдлээ ашигласан зүйл огтоос байхгүй” гэх тайлбар мэдээллийг өглөө.