Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхантай Хоршооны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаар ярилцлаа.
-УИХ Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Эл хуулийг 1998 оноос хойш шинэчлэн найруулаагүй. Тиймээс орчин цагийн нийгэм, эдийн засгийн нөхцөлд тохируулсан шинэчлэл нэлээд хийх болов уу гэж төсөөлж байгаа. Зохицуулалтын ямар шинэ заалтуудыг уг хуулийн төсөлд тусгасан бэ?
-Хоршооны тухай хуулийг 1998 онд баталснаас хойш хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ хуулийг 2019 онд Н.Энхболд нарын гурван гишүүн өргөн барьсан байдаг. Эдийн засгийн байнгын хороо төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд УИХ-ын гишүүн С.Чинзоригоор ахлуулан гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Дэд ажлын хэсгийн ахлагчаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Хоршоологчдын нэгдсэн холбоо, түүний салбарууд, Хадгаламж зээлийн хоршоологчдын холбоо зэрэг төрийн бус байгууллага, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагын төлөөлөл оролцон хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсрууллаа. Нийт найман бүлэг, 56 зүйлтэй байхаар боловсруулж, онцлог зохицуулалтуудыг тусгасан. Шинэчилсэн хуулийн төсөл НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтод тусгасан ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг арилгах, ажлын байрыг нэмэгдүүлэх, өлсгөлөнгүй байх зэрэг зорилтыг хангахад чиглэснээрээ онцлог юм. Хуулийг баталснаар нэлээд үр дүн гарна гэж үзэж байгаа. Орон нутгийн иргэд хөдөлмөрөө хоршоод, хөрөнгөө нийлүүлээд өөрсдийн асуудлыг шийдэх буюу ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих боломжтой болох юм. Заавал төр, засгаас дэмжиж, туслаач гэхээсээ илүү өөрсдөө асуудлаа шийддэг байх зохицуулалтыг олон улсын жишгийн дагуу хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр хоршооны гишүүд зах зээлд түүхий эдээ үнэтэй борлуулна. Мөн үндэсний үйлдвэрүүд хямд түүхий эдээр хангагдана. Үүнээс гадна хоршоонд үйлчилж буй татварын системийг тэгш болгох, хоршоо Хөдөө аж ахуйн биржийн гол оролцогч болох, хот суурин газрын иргэд гарал үүсэл нь тодорхой, чанартай бүтээгдэхүүнээр хангагдах зэрэг ач холбогдолтой.
-УИХ-ын гишүүд хуулийн зүйл заалт, хамрах хүрээний асуудалд тусгаж авмаар санал хэлэв үү?
-Олонх гишүүн уг хуулийг орон нутгийн хөгжил, иргэдийн амьдрал ахуйг сайжруулах, ядуурлыг бууруулах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэх үүднээс дэмжсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар хоршооны салбарт бодит санхүүгийн дэмжлэг үзүүлэх, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд хоршоог хөгжүүлэх хөрөнгө тусгаж дэмжих асуудлыг УИХ-ын тогтоолын төсөлд оруулж, Засгийн газарт хэрэгжүүлэхийг үүрэг болгох санал гаргаад байгаа. Түүнчлэн Ц.Мөнх-Оргил гишүүн хоршооны гишүүний нөхөх хариуцлагыг тодруулах, Д.Тогтохсүрэн бүх хоршоод аль нэг хоршоодын холбооны гишүүнчлэлтэй байх, бүх гишүүний хурлыг зарлан хуралдуулах нөхцөл шаардлагыг нэмж тусгах зэрэг шаардлагатай гэсэн санал гаргасан.
-Малчид, тариаланч, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээс энэ чиглэлд хэрэгтэй санал зөвлөмж өгч байна уу. Хоршоологчдын байр суурийг тусгасан уу. Тэднээс ямар санал гарч байна вэ?
-Малчид, тариаланчид, хоршоологчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодын саналыг тусгасан. Хоршоо гишүүдийнхээ түүхий эдийг зуучлан борлуулсныхаа төлөө нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөг, харин хувь хүн төлдөггүй. Хоршоологчид түүхий эдээ борлуулсныхаа төлөө НӨАТ төлөхгүй байх санал гаргасан. Тиймээс гишүүддээ үйлчилдэг хоршооны зуучлалын үйлчилгээнээс НӨАТ авахгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлээд байна. Жишээ нь, ноолуурыг ченж гэж нэрлэгдэх хувь хүн малчдаас авч зарахаар татвар авдаггүй, хоршоо аваад зуучлаад үйлдвэрт борлуулахаар дамжуулан борлуулалт гэж тооцоод НӨАТ авдаг асуудал бий. Өөрөөр хэлбэл, хоршооны гишүүдийн бэлтгэсэн түүхий эдийг зуучлан борлуулсан тохиолдолд нэмүү өртөг шингээгүй гэж үзэн түүхий эдийн өртгийг НӨАТ-аас чөлөөлөх зохицуулалт оруулсан гэсэн үг. Гэхдээ хоршоо иргэдэд үйлчилгээ үзүүлэх, өөрийнхөө дэлгүүр, цайны газраар үйлчилж олсон орлогоос аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлнө. Энэ нь компанитай адилхан байна.
-Монголд хэдэн хоршоо ажиллаж байна вэ. Тэдний үйл ажиллагааны далайц хэр том бэ. Хоршоологчдын ашиг орлогын хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгөөч?
-Үндэсний статистикийн хорооноос хамгийн сүүлд гаргасан тоон мэдээгээр Монгол Улсад 4580 хоршоо бүртгэлтэй байна. Өнөөдрийн байдлаар тэдгээрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 4300 нь анхан шатных, 200 гаруй нь дундын хоршоо юм. Анхан шатны 4300 хоршооноос 261 нь хадгаламж, зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хадгаламж, зээлийн хоршооны асуудлыг тусгайлсан хуулиар зохицуулж байгаа. Хоршоодын дийлэнх нь хөдөө аж ахуй болон худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг. Мөн тоог нь авч үзвэл 147 гишүүнтэй хоршоо хамгийн томд тооцогдож байна. Харин хамгийн бага нь есөн гишүүнтэй. Хоршоологчдын ашиг, орлого сайнгүй байгаа. Тийм ч учраас хоршоо хөгждөггүй. Үүний нэг гол шалтгаан нь санхүүгийн байгууллагаас зээл авч чадахгүй байх явдал юм. Хоршоо өөрийн хөрөнгөтэй байх боломжгүй нь ийм байдалд хүргэдэг. Хуулийн шинэчилсэн найруулгад үүнийг засаж сайжруулах заалт тусгасан. Ерөнхийдөө хуулийн шинэчилсэн найруулгад хоршоог үүсгэн байгуулахаас эхлээд татан буулгах хүртэл бүхий л зохицуулалтыг тусгалаа. Тэр дундаа дүрэмдээ ямар зохицуулалт заавал тусгах ёстой вэ гэдгийг зааж өгсөн. Мөн энэ хуулиар хоршоо, компани хоорондын ялгаа юу вэ гэдгийг тодорхойллоо. Хоршоо төрийн бус байгууллагатай сайн дураараа эвлэлдэн нэгдэх шинжээрээ адилхан. Эвлэлдэн нэгдсэн хүмүүс бизнесийн үйл ажиллагаа явуулаад, тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж болно. Ийм шинжээрээ компанитай төстэй. Энэ ч утгаараа хоршоо бол завсрын байгууллага. Олон улсад хоршоог яг ийм утгаар нь авч үздэг. Тэр хоршооны сонгодог загвар луу оруулж ирэхэд энэ хуулийн гол ач холбогдол оршиж байгаа юм.
-Монгол бол хөгжиж буй зах зээлтэй улс. Тиймээс аливаа эрх зүйн баримт бичгийг батлахдаа зах зээлийг хөгжүүлэх механизмыг сайтар тусгаж өгөөсэй гэж боддог. Хоршооны тухай хуульд хоршоологчдыг хөгжүүлэх ямар заалтууд тусгасан бэ?
-Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж ахуйн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог хоршоогоор дамжуулан хөгжүүлэх талаар тусгаад буй. Мөн загвар хоршоо хөгжүүлэхийг даалгасан. Ийм ч учраас хоршооны асуудлыг ярьж, хуулийн төслийг хэлэлцэж байгаа нь том дэвшил юм. Мөн хоршооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу одоогийн ХХААХҮЯ-ны бүрэн эрх, орон нутгийн ИТХ, Засаг дарга хоршоог яаж дэмжих вэ зэрэг асуудлыг хуульд тусгасан. Хоршооллын хөдөлгөөнийг идэвхжүүлэх, хоршоологчдыг хөгжүүлэх чиглэлээр салбарын холбоодын үйл ажиллагааны чиглэл, эрх хэмжээ, чиг үүргийг тодорхой болгон, үүнд чиглэсэн сургалт, судалгаа, хөгжлийн үнэлгээ хийх заалтуудыг ч хуульд орхигдуулаагүй. Одоо бол малчны түүхий эд, бараа, бүтээгдэхүүнийг хувь хүн хямдхан худалдаж аваад үндэсний үйлдвэрүүдэд үнэ нэмж зардаг. Ийм тогтолцоог аажимдаа халах ёстой гэж үзсэн. Хоршоог хөгжүүлснээр малчин, тариаланчид түүгээрээ буюу өөрийнхөө төлөөллөөр дамжуулан үйлдвэрлэгчдэд бараа, бүтээгдэхүүнээ шууд нийлүүлнэ. Ингэснээр малчин бүтээгдэхүүнээ өндөр үнэтэй зарах, үндэсний үйлдвэрлэгчид дундын зуучлагчгүйгээр газар дээрээс нь хямдхан худалдаж авах боломж бүрдүүлэх юм. Энэ нь малчин, үйлдвэрлэгч хоёрт хоёуланд нь ашигтай. Ийм зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгаад байна.
-Хоршоологчдод үйл ажиллагаагаа тэлье гэхээр санхүүжилт дутдаг. Банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгө байдаггүй. Хоршоог хөгжүүлэхийн тулд санхүүгийн ямар дэмжлэг үзүүлэх бодлого баримтлах вэ?
-Одоо мөрдөж буй хуулиар гишүүдийн оруулсан хөрөнгө тухайн гишүүдийнх нь нэр дээр бүртгэлтэй байдаг учраас хоршоо өөрийн гэсэн хөрөнгөгүй явж ирсэн. Ингэснээр хоршоод арилжааны банкуудаас зээл авч чаддаггүй. Хуулийн төсөлд хоршоо өөрийн хөрөнгөтэй байна гэж орууллаа. Гишүүдийнхээ оруулсан хөрөнгө, үйл ажиллагааны орлогоор хоршоо хөрөнгөтэй болоод нэр дээр нь түүнийг нь бүртгэдэг болъё гэсэн санал гаргасан гэсэн үг. Ингэснээр хоршоо өөрийн нэрээр арилжааны банкуудаас зээл авах боломжтой болно. Иймд дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд хоршооны өөрийн хөрөнгө, гишүүний хөрөнгийг ялгаж зохицуулсан. Олон улсад хоршоодыг дэмжих зорилгоор хоршооны банк, сан байдгаас үлгэр авч, Монгол Улсын 330 сумын “Сум хөгжүүлэх сан”-г хоршоог санхүүжүүлдэг болгохоор ажиллаж байна. Хоршоог хөгжүүлэх чиглэлээр энэ санг өөрчлөн зохион байгуулах зохицуулалтыг хуулийн төсөлд оруулсан. Мөн хоршооны үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор гишүүн бус этгээдээс хөрөнгө оруулалт авч болохоор зохицууллаа. Хоршоо компанитай нэгдээд, хамтарсан үйл ажиллагаа явуулбал илүү чадавхжих юм. Олон улсад ийм жишиг байдаг. Үүнийг хуулиар нээж өгөх гэж байгаа хэрэг.
-Хоршоо орон нутагт ажлын байр бий болгодог онцлогтой. Монголын хөдөө аж ахуйн салбарт хоршоог хөгжүүлэх малчид, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх боломж бүрэн бий. Хоршооллыг хөгжүүлэх, сурталчлан таниулах хөшүүрэг уг хуулийн төсөлд тусгалаа олж байгаа болов уу?
-ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хөдөө аж ахуйг цахимжуулах бодлогоо танилцуулсан. Энэхүү цахим хөдөө аж ахуй буюу хөдөө аж ахуйн бүх үйл ажиллагааг цахимжуулах, мөрдөн мөшгөх тогтолцоонд оролцох нь хоршооны үүрэг. Үүнд нэлээд ач холбогдол өгч, хуулийн төсөлд маш сайн тодруулж өгсөн заалтууд тусгасан. Тиймээс орон нутагт, ялангуяа малчид, тариаланчдын хоршоо бий болоход маш сайн дэмжлэг болно гэж тооцож байгаа. Өөрөөр хэлбэл, хоршооллын хөдөлгөөнийг идэвхжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх бодлоготой нийцүүлэн хоршоог дэмжих юм. Хуульд заасан зорилго, зарчимд нийцсэн хоршоо байгуулах, улсын бүртгэлд бүртгэх, хариуцлага, дотоод хяналтыг нь сайжруулах, удирдлагын менежментийг нь сайжруулах, гишүүдийнхээ өмнө хүлээх хариуцлагыг тодорхой болгох, амьдралд нь бодит өсөлт, дэвшил гаргах, хуримтлал үүсгэх боломжийг нээхтэй холбоотой зохицуулалтыг ч тусгасан. Ийм ач холбогдолтой хуулийн төсөл хэлэлцүүлж байна.
-Хуулийн төслийг баталсны дараа ямар үр дүнд хүрч, ямар ололт амжилт гарна гэж төсөөлж байгаа вэ?
-Хөдөө аж ахуйн салбарын хувьд мал аж ахуйн гаралтай, үнэгүйдээд буй түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нийлүүлэх, бэлтгэлийн тогтолцоо бий болгох, малчид, газар тариалан эрхлэгчдийн аж амьдралыг сайжруулах боломж бүрдэнэ гэж харж байна. Хүн ам цөөнтэй, өргөн уудам газар нутагтай, мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэл зонхилсон манай орны хувьд жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, ажлын байр бий болгох, орон нутгийн хөгжлийг хангах аж ахуй эрхлэх гол хэлбэр нь хамтын хөдөлмөр оролцоонд тулгуурласан хоршооны бүтэц гэж үзэж, төрөөс ихээхэн ач холбогдол өгдөг. Хуулийг баталснаар хоршоологчдын залуу үеийг бэлтгэх, үр өгөөж, ач холбогдлыг нь ойлгуулахад ихээхэн өөрчлөлт гарна.
-Хоршоог хөгжүүлж, ажлыг байраа нэмэгдүүлсэн олон орон байдаг. Энэ чиглэлээр туршлага судлав уу?
-Хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэх шатанд 30 гаруй орны хоршооны хууль, эрх зүйн орчныг судалсан. Азийн хөгжлийн банкны судалгааг ч ашиглалаа. Олон улсын хоршоологчдын холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллага зэргийн судлаач, шинжээчидтэй уулзалт хийж, саналыг нь хуулийн төсөлд тусгасан. Бидний сайн мэдэх Япон, Өмнөд Солонгос, Хятад, Турк, Энэтхэг, Тайланд зэрэг орон хоршоогоо дэмжиж хөгжүүлснээр иргэд нь орон нутагтаа сэтгэл хангалуун, боломжийн орлоготой амьдрах болсон. Тэдний сайн туршлагыг Монголд нэвтрүүлэхийг зорьж байна.