Бидний дотны анд, дайчин нөхөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цэргийн штабын дарга, Хурандаа Жамъянсүрэнгийн Даваарагчаа нь цар тахлын хүнд үед ард иргэдийнхээ төлөө албан үүргээ гүйцэтгэж яваад өвчний улмаас таалал төгсөж, бидэнд харамсаж, нөхөж баршгүй гунигт явдал тохиолоо. Тэрээр 2010 онд Чад болон Төв Африкийн Бүгд Найрамдах Улсуудад явагдсан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсаас томилогдсон цэргийн багийн сургалт, соёл хүмүүжил эрхэлсэн орлогчоор үүрэг гүйцэтгэж, Африк тив дэх Чад болон Төв Африкийн Бүгд Найрамдах Улсуудын газар нутаг Абаче хот, Ириба суурин дахь НҮБ-ын ажилтан алба хаагчид, орон нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын Бирао мужийн иргэдийг зэвсэгт бүлэглэлийн халдлагаас хамгаалах, тухайн бүс нутаг дахь НҮБ-ын цэргийн хүч хэрэгслийг шат дараатай татан гаргах зэрэг олон үүргүүдийг дайчин нөхөдтэйгээ хамтран гүйцэтгэсэн Монгол цэргийн шилдэг офицер, дарга, нөхдийнхөө дотны анд, сайн ах нь байсан юм.
Хурандаа Ж.Даваарагчаа нь бие бүрэлдэхүүний ажиллагааны өмнөх бэлтгэлийн сургалт, дадлагыг төлөвлөж, биечлэн оролцож ажиллагааны явцад бие бүрэлдэхүүний харуул, хүчлэн хамгаалалт, хол ойрын газрын эргүүл, агаарын туршуул, эргүүлийн бүрэлдэхүүн, НҮБ-ын энгийн ажилчид, хүч хэрэгсэл болон хүмүүнлэгийн цувааны хамгаалалтын бүрэлдэхүүний бэлтгэлийг тухай бүрд нь сургалт, дадлагаар хангуулах, үүрэг гүйцэтгэх үеийн сэтгэл зүйн бэлтгэлийг хангах зэрэг үндсэн үүргүүдээс гадна НҮБ-ын цэргийн болон энгийн албан хаагчидын дунд Монгол Улсынхаа цэргийн багийн үйл ажиллагаа, эх орон, өв соёлоо сурталчлах, эерэг хандлагыг бий болгох, Африк тив дэхь орон нутгийн иргэдийн дунд иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх ажлууд, түүний дотор өөрсдийн нөөц бололцоогоор Ириба сууринд хүүхдийн сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбай байгуулах зэрэг олон ажлыг санаачлан зохион байгуулж цэргийн багийнхаа бие бүрэлдэхүүнд ирж болзошгүй эрсдлийг бууруулах, аюулгүй байдлаа хангах олон ажилд хамт олноо манлайлан оролцож байлаа. Түүнчлэн ажиллагааны дараа эх орондоо эргэн ирээд Монгол Улсын Зэвсэгт хүчин, энхийг сахиулах үйл ажиллагааг сурталчлах, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо /Өлзийт хороолол/-ны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 59 дүгээр ахлах сургуульд хамт үүрэг гүйцэтгэсэн нөхдийнхөө хамтаар иж бүрэн “Мэдээлэл зүйн танхим”-ыг тохижуулан хүлээлгэн өгч, Энхийг сахиулагч Монгол цэргийн гавьяаг залуу хойч үедээ таниулан сурталчлах ажлуудад идэвхи санаачилгатай оролцож байсан шилдэг офицер төдийгүй хамт олныхоо хүндлэлийг хүлээсэн эрхэм байлаа.
Түүний энэхүү улс, эх орондоо төдийгүй дэлхийн энх тайвны үйлсэд оруулсан гавьяаг үнэлэн НҮБ-ийн Энхийг сахиулах ажиллагааны төв штабаас НҮБ-ын медалиуд, Монгол Улсын Төр засаг болон БХЯ-наас Цэргийн гавьяаны одон, Африкт Энхийн төлөө медалиудаар шагнасан юм. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, үлгэрлэх зан чанар, нөхөрсөг харилцаагаараа хамт олондоо хүндлэгдэн үлдсэн таны гэгээн дүр дайчин нөхөд бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдлээ.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
2010 ОНД ЧАД болон ТАБНУ-дад МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ХАМТ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ЦЭРГИЙН БАГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН