“Интермед” бусад эмнэлгийн коронавирусийн түргэвчилсэн шинжилгээний хариуг үндэслэж үйлчлэхгүй гэх хүнд суртал гаргажээ. Тодруулбал, Иргэн О-ийн хөх нь өвдөж “Интермед” эмнэлэгт үзүүлж, тусламж авахаар очсон боловч “бусад эмнэлгийн коронавирусийн шинжилгээг үндэслэж бид үйлчилгээ үзүүлэхгүй, заавал манай эмнэлэгт шинжилгээ өгсөн байх ёстой” гэх шаардлагыг тавьсан гэж эх сурвалж мэдээллээ. Тухайн иргэн “Номун” гэх эмнэлэгт шүлснээс коронавирусийн шинжилгээ өгч хариу нь сөрөг гарсан байна. Өмнө нь дөрөвдүгээр сарын 11-нд “Интермед” эмнэлэгт 33000 төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгч эмчид үзүүлээд , өнөөдөр өглөө 09.30 цагт эмчид үзүүлэх цаг авсан боловч ийнхүү үйлчилгээ авч чадалгүй буцжээ.
Энэ асуудлын талаар тухайн иргэний нөхрөөс тодрууллаа. Тэрбээр “Манай эхнэрийн хөх нь буглаж, идээлээд тусламж авахаар “Интермед” эмнэлэгт үзүүлэхээр дөрөвдүгээр 11-нд түргэвчилсэн шинжилгээг 33000 төгрөгөөр өгөөд 12-нд эмчид үзүүлсэн. Эмч үзээд дахиад өнөөдөр үзүүл гэж бидэнд зөвлөсөн. Гэтэл үзүүлэхээр иртэл “заавал манай эмнэлэгт шинжилгээ өгсөн хүнд үйлчилнэ” гэх шаардлага тавьж буй. Өөрөөр хэлбэл, өвчнөөр далимдуулж энэ эмнэлэг бизнес хийж, бусад эмнэлгийн шинжилгээг үгүйсгэж байна. Үүнд үнэхээр бухимдалтай, гомдолтой байгаа юм. Яагаад өөр эмнэлгийн шинжилгээг үгүйсгээд байгаа талаар захирал болон бусад хүмүүсээс асуух гэсэн болов ч хэн нь ч хариу өгөөгүй. Эмч нь эргэж ирээрэй гэсэн болохоор бид очсон юм. Эмнэлгийн тусламж авахаар тус эмнэлэгт очсон бид эмнэлгийн үйлчилгээ авч чадалгүй үүднээс нь хөөгдөөд буцсан. Тус эмнэлгийн гадаа маш олон иргэд машин дотроосоо шинжилгээ өгч, оочер их харагдаж байна лээ. “Интэрмед” гэх хүнд сурталтай эмнэлэг эдийн засаг хүнд байдалтай байхад өвчнөөр далимдуулж иргэдийн халаасыг иймэрхүү бусармаг аргаар хоосолж байна. Бидэнтэй адил маш олон иргэд эмнэлгийн тусламж авч чадалгүй үүднээс нь буцаж харагдсан” гэж хэлэв.
Уг нь хөдөө орон нутаг руу зорчихоос бусад тохиолдолд 72 цагийн хүчинтэй PCR шинжилгээ шаардах ёсгүй гэдгийг ЭМЯ-наас чиглэл болгосон. Гэтэл “Интермед” эмнэлэг 72 цагийн шинжилгээг үндэслэж иргэдэд үйлчилж байгаа аж. Мөн "өөрийн эмнэлэгт коронавирусийн шинжилгээг өгсөн иргэдэд л үйлчилгээ үзүүлнэ" гэх хатуу шаардлагыг тавьж байгаа гэнэ.