Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт дөрөвдүгээр сарын 9-15-ны хооронд иргэдээс 2980 дуудлага иржээ. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа зарим асуултад хариулт өглөө.
-Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийг ямар зохион байгуулалттайгаар замын хөдөлгөөнд оролцуулж байгаа вэ?
-Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд төрийн байгууллагын албан хаагчид 10 хуваарь ажиллаж, албан хаагчдын тээврийн хэрэгслийг Тээврийн цагдаагийн албаны нэгдсэн системд оруулсан. Өглөөний 08.30 цагаас өмнө, орой 17.00 цагаас хойш гэр, ажлын хооронд явах чиглэлд хөдөлгөөнд оролцуулж байна. Хүнсний ачаа тээвэр, ковидын үед ажиллах эмч, эмнэлгийн ажилтны тээврийн хэрэгслийг улсын, хувийн гэж ялгалгүй, хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 чиглэлийн ажилтан, албан хаагчдын тээврийн хэрэгслийг хуанлийн өдрөөр автомашины дугаарын тэгш, сондгой тоогоор төгссөнөөр замын хөдөлгөөнд оролцуулж байна. Иргэд эрүүл мэндээ дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор нэг дор таваас олон хүн цуглахгүйгээр оршин суугаа газрын ойролцоо агаар салхинд гарах боломжтой.
-Иргэд ПСР шинжилгээнд хэрхэн хамрагдах вэ?
-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэлх хугацаанд eruul.gerege.mn сайтаас цаг авсан иргэдийн цагийг цуцалсан.
-Гэрийн тусгаарлалтын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Ойрын хавьтал болсон иргэдээс ПСР шинжилгээг гурав болон найм дахь хоногт дүүргийн хариу арга хэмжээний тандалтын баг гэрээс нь очиж авч байна. Зайлшгүй шаардлага /Коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн, биеийн байдал муудсан/-тай нөхцөлд иргэд өрхийн эмчтэйгээ холбогдоно. Дуудлагын дагуу бэлтгэгдсэн баг гэрт нь очиж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Бүх дүүрэгт зөвлөх эмч нарын баг байгуулсан бөгөөд өрхийн эмч нарт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.
-Дархлаажуулалтын ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд 60-аас дээш насны /эрүүл мэндийн 4, 5 дугаар бүлэг/ иргэдийг хамруулах ажлын хүрээнд дархлаажуулалтын есөн суурин цэг, 16 баг, 125 эмч, эмнэлгийн ажилтан, улаан загалмайн нийгэмлэгийн 36 ажилтан, 18 жолооч, нийт 179 албан хаагч, иргэдийг 18 автобусаар тээвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
-Хөл хорионы үед нийтийн тээвэр ямар маршрутаар ажиллаж байна вэ?
-Нийтийн тээврийн хөдөлгөөнийг тусгай горимд шилжүүлсэн. Өглөө 06.30-10.00, өдөр 12.00-15.00, орой 17.30-22.00 цагийн хооронд зөвхөн хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдыг халдвар, хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулж байна. Нийтийн тээврийн 98 чиглэлд 19 аж ахуйн нэгжийн 679 автобус үйлчилгээнд явж байгаа.