Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Рио тинто” компанитай Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах хэлэлцээр байгуулах багийн гишүүн Б.Солонгоотой ярилцлаа.
-“Оюутолгой”-н хэлэлцээрийг байгуулах “Рио тинто” болон Монголын багийн нүүр тулсан уулзалт эхэллээ. Эхний уулзалтад хоёр тал харилцан байр сууриа илэрхийлсэн болов уу гэж бодож байна. Монголын тал хэлэлцээний эхний уулзалтаар ямар байр суурь илэрхийлсэн бэ?
-УИХ-аас 2019 онд баталсан Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн “Рио тинто” компанийн төлөөлөлтэй 2020 оны дөрөвдүгээр сараас цахим уулзалт хийж эхэлсэн юм. Тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга байсан Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийг ахалж байлаа. УИХ-ын 92 дугаар тогтоол бол маш өргөн цар хүрээтэй. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын ажлын хэсэг нэлээд бэлтгэл хангасан. Дэлхий дахинд 2020 оны эхээр цар тахал гарсан учир “Рио тинто”- гийн төлөөлөлтэй биечилж уулзах боломж гарахгүй байлаа. Тэдний төлөөлөл болох “Рио тинто”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд тэргүүтэй хүмүүс Монгол Улсад ирээд “Ковид-19”-өөс сэргийлэх тусгаарлалтын 14 хоногоо дуусгасны дараа буюу энэ сарын 12-нд эхний нүүр тулсан уулзалт хийлээ. Засгийн газрын ажлын хэсэгт УИХ-ын есөн гишүүн багтсан. Тэд тус тусын байр сууриа илэрхийллээ.
УИХ-аас 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих түр хороог байгуулсан. Тус түр хорооны дарга Ц.Даваасүрэн түр хорооноос гаргасан чиглэл, удирдамжийг хэлэлцээ хийх талуудад танилцууллаа. “Рио тинто” компанийн төлөөлөл ч тодорхой байр суурь илэрхийлсэн. Тэд энэ төслийг аль болох харилцан ашигтай хэрэгжүүлэх, Засгийн газрыг сонсоход бэлэн байгаагаа мэдэгдлээ. Дараагийн уулзалтыг энэ долоо хоногт багтаан хийх болов уу гэсэн хүлээлт байна. Манай ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүд “Оюутолгой” төсөлтэй холбоотой тодорхой асуултууд тавьсан. “Рио тинто”-гийн төлөөлөл гишүүдийн асуултад дэлгэрэнгүй хариулт бэлтгэж өгөх даалгавар авсан.
-Тэгэхээр хэлэлцээ дөнгөж мэдээлэл солилцох шатандаа явж байна гэж ойлгож болох уу?
-Хэлэлцээ дөнгөж эхэлж байна. Бид энэ хэлэлцээг өргөн цар хүрээтэй байх болов уу гэж харж байгаа. “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлахаас гадна хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчийн гэрээг эргэж харах шаардлага бий. Хөрөнгө оруулалтын гэрээнээс болж үүсэж буй татварын маргаан гэх мэт асуудалд хоёр тал нэгдмэл байр суурьтай болох хэрэгтэй. УИХ-ын 92 дугаар тогтоолд Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчийн гэрээний хэрэгжилтийг Монгол Улсад өдгөө мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах шаардлагатай гэж үзсэн. Тэгэхээр бид яалт ч үгүй дээрх хоёр гэрээг сайжруулах асуудлыг хөндөж тавина. Бид зөвхөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу “Дубайн гэрээ”-г цуцалснаар асуудал шийдэгдэнэ гэж харахгүй байгаа. Энэ төслийг цогцоор нь, суурь асуудлаас нь хөндөж хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ. Тэгэхээр хэлэлцээ тийм ч амархан шийдэгдэхгүй, нэлээд цаг авсан ажил болох байх. Яарвал даарна гэдэг. Ямар ч хэлэлцээнд амжилт гаргах суурь нь сайн бэлтгэл байдаг. Хэлэлцээнд сайн бэлтгэлтэй орохын тулд бид тасралтгүй ажилласаар байна. Яриа хэлэлцээнд үр дүнд хүрэхийн тулд маш зарчимтай, үндэслэлтэй, хэрэгжиж болохуйц саналуудыг тавих хэрэгтэй. Бид холбогдох саналуудаа тавьсан.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хэлэлцээр байгуулах юм байна гэсэн хүлээлт бий. Гэтэл та хэлэлцээ хийхэд урт хугацаа зарцуулна гэж ярьж байна. Өмнө нь хоёр тал ойлголцохгүй хоёр жил хэлэлцсэний эцэст “Дубайн гэрээ”-г байгуулж, төслийг үргэлжлүүлсэн. Хэлэлцээ үүн шиг сунжрахгүй биз дээ?
-Далд уурхайн бүтээн байгуулалт чухал үедээ ирсэн. Нийт бүтээн байгуулалтын ажлын 90 хувийг хийсэн. Ирэх зургадугаар сард далд уурхайн хүдрийн биетийн улны түвшнээс дээших хэсгийг олборлож эхлэх шийдвэр гаргах ёстой. Үүнийг улаар огтлох гэж нэрлээд байгаа. Технологийн хувьд улаар огтолсны дараа уурхайн олборлолтыг зогсоож болохгүй. Хэрэв зогсоовол төслийн үнэ цэн алдагдана. “Рио тинто” компанийн хөрөнгө оруулагчдын зүгээс ч далд уурхайн олборлолтыг эхлүүлэх хүлээлт үүссэн. Тэд төслөө хурдан урагшлуулаач, даруй ашиглалтад оруулаач, зэсийн үнэ өсөж буй таатай нөхцөлийг ашиглаач гэж шахаж байна. Нөгөөтээгүүр, “Рио тинто”-д ч төслөө хурдан ашиглалтад оруулах сонирхол бий. Тиймээс “Рио тинто” компани Засгийн газартай аль болох ойлголцъё, төслөө урагшлуулъя гэсэн эрмэлзэлтэй байна. Үүнийгээ ч илэрхийлсэн. Гэсэн ч Монгол Улсын Засгийн газар яриа хэлэлцээг маш ул суурьтай хийх ёстой. Бид далд уурхайн бүтээн байгуулалтын зардал яагаад нэмэгдсэн, ашиглалтад оруулах хугацаа яагаад хойшилсон бэ гэдэгт дүн шинжилгээ хийлгэх саналыг 2020 оны арваннэгдүгээр сард тавиад, хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн. Одоо хөндлөнгийн шинжээчид томилогдоод ажиллаж байна. Зургадугаар сарын сүүлчээр тайлан нь эхний байдлаар гарах байх. Цар тахлаас үүдээд, “Туркойз хилл ресурс” компанийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөнөөс болоод хөндлөнгийн шинжээч томилох ажил хойшилсон. Үүнтэй холбоотойгоор тайлан гарах хугацаа нь ч хойшиллоо. Хөндлөнгийн шинжээчид дүгнэлт гаргасны дараа зарим асуудал тодорхой болох болов уу.
Бид шинжээчдийн дүгнэлтийг хүлээнэ. Яагаад бид үүнийг хүлээх вэ гэхээр “Рио тинто” компани 2015 онд Монгол Улсын Засгийн газарт далд уурхайн бүтээн байгуулалтын нийт төсөвт өртөг 5.3 тэрбум ам.доллар байна, далд уурхайн олборлолтыг 2021 оны нэгдүгээр сард эхлүүлнэ гэсэн амлалт өгсөн. Гэтэл энэ хугацаа 2022 оны аравдугаар сар болж 22 сараар хойшилсон. Хөрөнгө оруулалтын зардал даруй 30 хувиар буюу 1.4 тэрбум ам.доллароор нэмэгдлээ. Хугацаа хойшилж, зардал нэмэгдсэнийг “Рио тинто” компани геотехникийн буюу геологийн тогтоц, чулуулгийн нөхцөлөөс болсон гэж тайлбарладаг. Гэтэл өнгөрсөн онд үүнтэй зөрчилдсөн мэдээлэл олон гарсан. Ялангуяа “Оюутолгой” төсөлд өмнө нь ажиллаж байсан хүмүүс энэ бол чулуулгийн нөхцөл байдлаас шалтгаалаагүй, “Рио тинто” компанийн төслийн менежмент, худалдан авалтын алдаанаас болсон гэсэн асуудлыг нэлээд хөндсөн. “Туркойз хилл ресурс”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид тус компанийг 20-иод хоногийн өмнө Нью-Йоркийн шүүхэд өгсөн. Шинэчилсэн нэхэмжлэлийн 160 хуудас бүхий материалд маш ноцтой асуудал тусгасан байна лээ. Зардал нэмэгдсэн шалтгааныг “Рио тинто” компани нуун дарагдуулсан байж болзошгүй асуудал бий. Хэрэв энэ үнэн бол тус компани хөрөнгө оруулагчдаа төдийгүй Монгол Улсын Засгийн газрыг төөрөгдүүлсэн байж болзошгүй. Тиймээс энэ асуудлыг бид сайн судлах хэрэгтэй. Эргэлзээтэй асуудалд хөндлөнгийн шинжээч дүгнэлт гаргасны дараа “Рио тинто”-той тодорхой асуудлыг ярилцах боломж бүрдэнэ. Тэгэхээр сонгуулийн өмнө гэж асуудлыг яарч шийдвэрлэхгүй. Бид яарахгүй. Харин яараад байгаа тал нь “Рио тинто”. Тэднийхэн улаар огтлох шийдвэрийг аль болох хурдан гаргуулах, далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрүүлэх ашиг сонирхолтой байгаа. Далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал 1.4 тэрбум ам.доллароор нэмэгдсэнийг “Рио тинто” болон “Туркойз хилл ресурс” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) баталсан. Харин “Оюутолгой” компанийн ТУЗ хараахан батлаагүй байна. Хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэнийг “Оюутолгой”-н ТУЗ хүлээн зөвшөөрч байж асуудал шийдэгдэнэ гэсэн байр суурийг “Рио тинто”-гийнхон илэрхийлдэг. Бид хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн шалтгааныг судалж, хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарсны дараа энэ асуудлыг авч хэлэлцье гэсэн байр суурь илэрхийлсэн.
-Ямар компани хөндлөнгийн дүгнэлт гаргах шинжилгээ хийж байгаа вэ?
-Дүгнэлт нь гараагүй байхад ажил хийж буй хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Далд уурхайн чиглэлээр мэргэшсэн, дэлхийн хэмжээний томоохон мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн. “Оюутолгой” компанийн ТУЗ-өөс тусгай хороо байгуулсан. Энэ тусгай хороонд Монголыг төлөөлсөн хоёр, “Туркойз хилл ресурс”-ийг төлөөлсөн хоёр гишүүнийг оруулсан. “Рио тинто”-гийн төлөөллийг оруулаагүй. Яагаад гэвэл төслийн менежментийг хэрэгжүүлж байгаа компани учраас ашиг сонирхлын зөрчил гаргаж магадгүй. Хөндлөнгийн шинжээчдэд судалгаа хийхэд шаардлагатай мэдээллийг нэн даруй гаргаж өгөх, хамтарч ажиллах шаардлагыг “Рио тинто” компанид тавиад байна.
-Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт зургадугаар сарын сүүлчээр гарах нь. Тэгэхээр хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн нь бодитой юу, геотехникийн нөхцөлөөр шалтаглаж төөрөгдүүлсэн үү гэдэг нь тодорхой болно. Зардал хэтэрсэн нь бодитой байвал хэлэлцээ эрчимтэй үргэлжлэх байх. Харин төөрөгдүүлсэн байвал хэлэлцээ хаашаа эргэх бол?
-Ямартай ч яриа хэлэлцээ үргэлжилнэ. Энэ төслийн далд уурхайг ашиглалтад оруулснаар Монгол Улсад ч, хөрөнгө оруулагч талд ч ашигтай. Төслийг зогсоох нь хэнд ч ашиггүй. Засгийн газар төслийг зогсооно гэж хэлээгүй. Аль болох ойлголцъё, төслийг Монгол Улсад үр ашигтай болгоё гэж ажиллаж байна. Бид зорилгодоо хүрэх бүрэн боломжтой. Хамгийн гол нь Монгол Улсын Засгийн газар, УИХ нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй. Нэгдмэл байр суурьтай байж бид хэлэлцээнд амжилт олно. Нөгөө талаар Оюутолгой бол дэлхийд томд тооцогдох орд. Далд уурхайгаа ашиглалтад оруулснаар олборлосон бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд 3-4 дүгээрт орох компани болно. Манай эдийн засагт тодорхой үр өгөөж өгөх нь мэдээж. Гэхдээ Монгол Улсад, иргэдэд боломжит үр өгөөжөө өгдөг байх хэрэгтэй. Дэлхийн хэмжээний уурхай ашиглалтад оруулсан атлаа ногдол ашиг бүү хэл, татвараа бүрэн авч чадахгүй байвал харамсалтай. Бид энэ төслийг Монгол Улсад ашигтай болгохоор ажиллаж байна. Хугацаа авч магадгүй. Гэхдээ далд уурхайг ашиглалтад оруулах хугацааг аль болох хойшлуулахгүйгээр асуудлаа ярилцаж шийдвэрлэх боломжтой гэж хардаг. Монгол Улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэхээр яагаад ашиггүй гэрээнүүд байгуулсан юм бэ гэсэн асуудал үүсдэг. Тухайн үед улс орны нөхцөл байдал, төсөв, эдийн засгийн байдал ямар байсныг би мэдэхгүй. Гэхдээ бид энэ удаад маш сайн бэлтгэж, өөрсдийн шаардлагуудыг тусгасан баримт бичгүүдийг “Рио тинто” компанид өгнө. “Оюутолгой”-н өгөөжийг нэмэгдүүлэх гэрээний эхний төслийг манай тал гаргах ёстой гэсэн байр суурьтай байна.
-“Дубайн гэрээ”-г цуцлах байр сууриа Засгийн газар тууштай илэрхийлж байна. Яагаад гэсэн асуултад дэлгэрэнгүй хариулт өгөөч. Бас хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг өөрчлөх шалтгаан нь юу вэ?
-Бид далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг яагаад цуцалъя гээд байна вэ гэвэл анх байгуулагдахдаа процессын алдаа гаргасан гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Тухайн үед далд уурхайн төлөвлөгөөг байгуулахдаа Засгийн газрын тогтоол гаргаж, УИХ-д танилцуулаагүй. Мөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй юм билээ. Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг захирамж гаргаж, төлөвлөгөөг батлах эрх олгоод явчихсан байдаг. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Энэ нь Засгийн газар танхимаараа шийдвэр гаргана гэсэн үндсэн зарчмыг зөрчсөн” гэсэн шийдвэрийг 2019 оны арваннэгдүгээр сард гаргасан. Нөгөө талаар далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд татвартай холбоотой зөрчилдөөн бий.
Татварыг өөрчлөх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Хэрэв татварын асуудлаар тодорхой тохиролцоо хийх гэж байгаа бол УИХ-аас зөвшөөрөл авах ёстой байсан. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд тусгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэрхэн тооцож төлөх вэ гэдэг асуудал маргаан дагуулж буй. Уг нь хөрөнгө оруулалтын гэрээнд Ашигт малтмалын тухай хууль дээрх заалтыг тэр чигээр нь тавьчихсан байдаг. Гэтэл төлөвлөгөө байгуулахдаа хөрөнгө оруулагч талын саналаар асуудлыг шийдвэрлэсэн гэж харагдаж байгаа. Үүнийг гэрээ байгуулах замаар шийдвэрлэх асуудал биш гэж үздэг. Эхнээсээ процессын асуудалтай байсан төлөвлөгөөг бид хууль зүйн хувьд нэмэлт, өөрчлөлт оруулан сайжруулах боломжгүй гэж үзсэн. Сая дурдсан, төлөвлөгөөнд тусгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг яаж тооцох вэ гэдэг асуудал татварын маргааны нэг хэсэг болсон. Манай Татварын ерөнхий газраас уг төлөвлөгөөний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэрхэн тооцож төлөх вэ гэсэн зургадугаар зүйл хүчингүй гэж үзэж, татварын актаа гаргасан байдаг. Тэгэхээр процессын болон агуулгын алдаатай төлөвлөгөөг цуцалж байж урагшаа явна. “Рио тинто” компанийнхан бол төлөвлөгөөг цуцлахгүй, нэмэлт, өөрчлөлт оруулъя гэсэн байр суурьтай байсан. Одоо бол цуцлах боломжтой гэж хэлж байна.
Гэхдээ шинэ гэрээ байгуулъя гэсэн. Яагаад далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд төвлөрөөд байна вэ гэвэл энэ төлөвлөгөөг анх байгуулах үед өгч байсан санхүүгийн тооцоолол, техник, эдийн засгийн үндэслэл өнөөдөр огт өөр болсон. Үйл ажиллагаа болон урсгал хөрөнгө оруулалтын зардал 1.4 тэрбум ам.доллароор нэмэгдээд байгааг түрүүн дурдсан. Үүнээс болж тухайн үед Монгол Улсад амлаж байсан үр өгөөж, ашиг их хэмжээгээр буурлаа. “Рио тинто” 2020 оны арванхоёрдугаар сард далд уурхайн нарийвчилсан санхүүгийн тооцооллыг зарласан. Энэ тооцооллоор манай улс 2051 онд 22 тэрбумын өртэй хоцрох нь харагдсан. Бид ийм санхүүгийн тооцооллыг хүлээн зөвшөөрч болохгүй. Тодорхой арга хэмжээ авч, шаардлага тавих ёстой. Энэ санхүүгийн тооцооллоо эргэж харж, Монгол Улсад өгөх үр өгөөжөө нэмэгдүүл гэсэн шаардлага хөрөнгө оруулагч талд тавиад байна. Нөгөөтээгүүр, бид хувь нийлүүлэгчид болон хөрөнгө оруулалтын гэрээгээ эргэж харъя гэж байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэлцээр байгуулах ажлын хэсгийг ахалж байхдаа буюу 2020 оны арваннэгдүгээр сард “Рио тинто” компанид “Оюутолгой” төсөлтэй холбоотой байгуулсан бүх гэрээний хэрэгжилтийг дүгнэе. Хэрэгжилтийг дүгнэснээр үл ойлголцолд хүргэдэг, маргаан үүсгэдэг асуудлуудаа нэг тийш болгоё. Тэгж байж төслөө амжилттай үргэлжлүүлье” гэсэн шаардлага хүргүүлсэн. “Рио тинто” энэ саналыг зөвшөөрч, “Тэгье” гэсэн хариу өгсөн. Гэхдээ үйлдэл хийхгүй байна. Хэлэх нэг хэрэг, хийх өөр хэрэг. Бидэнд шахах хэрэг гарч байх шиг байна.
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулахад далд уурхайн бүтээн байгуулалтад зориулж, 4.4 тэрбум ам.доллар зээлсэн олон улсын санхүүгийн байгууллагуудаас зөвшөөрөл авна гэж ойлгосон. Энэ талаар Засгийн газар ямар нэг ажил хийж байгаа юу?
-Олон улсын санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк тэргүүтэй 15 орчим санхүүгийн байгууллагаас зээл авсан. Энэ санхүүжилтийн баримт бичигт далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг төслийн үндсэн баримт бичиг гэж тусгаагүй. Харин хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг тусгасан. Хэрэв энэ хоёр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах бол “Оюутолгой” компани зээлдүүлэгчдээс зөвшөөрөл авах шаардлага үүссэн. Бид эхний ээлжид далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг хүчингүй болгож, яриа хэлэлцээг үргэлжлүүлж болно. Ингэхэд зээл авсан банкуудаас зөвшөөрөл авах шаардлагагүй. Яриа хэлэлцээ үргэлжлэх явцад хөрөнгө оруулагчдын болон хувь нийлүүлэгчдийн гэрээнд ямар өөрчлөлт оруулахаа ярилцаж болно. Зээл авсан банкуудтай Засгийн газар харилцаж байгаа. Ерөнхийдөө энэ төслийн оролцогч бүх талтай холбоо, харилцаа үүсгэсэн. Тэдэнд тодорхой мэдээлэл өгч, Засгийн газрын байр суурийг илэрхийлж байна. Зөвшилцлийн замаар асуудлаа шийдвэрлэх нь аль аль талдаа ашигтай.
-Өнгөрсөн хугацаанд монголчууд “Оюутолгой” төсөлтэй холбоотой гэрээ хэлэлцээрийн талаар нэлээд мэдлэг, мэдээлэл цуглуулж, алдаа, оноогоо цэгнэсэн дүгнэлттэй болж хэрсүүжсэн гэж бодож байна. Манайханд “Рио тинто” компанитай хэлэлцээ хийх, угтуулан тавих нөхцөлүүд бэлэн байгаа юу?
-Бидэнд хэлэлцээний тодорхой төсөөлөл, хувилбарууд бий. Үүнийг олон нийтэд хэлэх боломжгүй. Хэлэлцээ хийх бүх хөзрөө дэлгээд тавьчихаж болохгүй. Тодорхой санал, шаардлагаа ямар үе шаттай, яаж гаргах вэ гэдэг төлөвлөгөө, стратеги байх ёстой. Би арав гаруй жил бизнесийн зөвлөх үйлчилгээ хийсэн, мэргэшсэн хуульчийн хувьд ямар ч яриа хэлэлцээнд давуу тал авахын тулд гэрээний эхний төслийг өгч байх ёстой гэж үздэг. Нэгэнт Монгол Улсын нутаг дэвсгэрт ажиллахаар ирж байгаа хөрөнгө оруулагчид баялгаа хэрхэн ашиглуулах вэ гэдгийг ярьж буй учраас гэрээний эхний төслийг бид өгөх ёстой. Тэгж байж яриа хэлэлцээг өөртөө ашигтайгаар эргүүлнэ. Яриа хэлэлцээний явцад гэрээний эхний төслийг манай ажлын хэсгээс өгнө гэсэн бэлтгэлтэй ажиллаж байна. Өмнөх гэрээнүүдийг харахад “Рио тинто”-гийн гаргасан, эсвэл хөлсөлсөн зөвлөх компани, хуульчийн боловсруулсан төслийг хэлэлцэж байсан юм билээ. Ингээд “Рио тинто” компанид давуу тал олгоод байсан гэж хардаг. Би үүнд хэн нэгнийг буруутгах нь чухал биш. Харин өөрсдөө бэлтгэлтэй байх ёстой гэж боддог. Бодитой үр дүнд хурдан хүрээсэй гэсэн хүлээлт хүмүүст байгаа болов уу. Тэдэнд бидний ажил тодорхойгүй байгаа мэт сэтгэгдэл төрж байж магадгүй. Засгийн газар “Оюутолгой” компанийн одоогийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүйгээр, төслийг Монгол Улсад үр ашигтай болгохын төлөө ажиллаж байна.
-Олон нийтийн дунд хэлэлцээ хийхдээ манайхны туршлага, чадвар дутаад, муу гэрээ байгуулаад дахиад хоорондоо хэрэлдээд хоцрох вий гэсэн айдас бий.
-Бид яриа хэлэлцээнд мэргэжлийн, зарчимтай хандах ёстой. Шаардлагатай мэргэжлийн зөвлөх үйлчилгээнүүдийг авч, ажиллаж байна. Хуулийн, санхүүгийн, техникийн зөвлөх үйлчилгээг мэргэжлийн түвшинд авна. Засгийн газраас тодорхой хэмжээгээр асуудлуудыг мэргэжлийн түвшинд судалж, хамгийн гол нь үндэслэлтэй, хэрэгжүүлэх боломжтой санал тавих ёстой гэж үзэж байгаа. Хэлэлцээндээ үндэслэлтэй, зарчимтай хандвал үр дүнд хүрнэ. Үүн дээр туршлага дутна гэж би бодохгүй байна. Манай ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх хууль зүйн, санхүүгийн, техникийн гэсэн ажлын гурван дэд хэсэг бий. Эдгээр ажлын дэд хэсэгт холбогдох яамд, төрийн байгууллагын мэргэжлийн хүмүүс багтсан. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд манай төрийн албан хаагчид олон улсын гэрээний талаарх мэдлэгээ тэлж хэрсүүжсэн нь үнэн. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол манай улсын уул уурхайн анхны томоохон төслийн баримт бичиг.
Тиймээс хөрөнгө оруулагч талтай яаж харилцан тохиролцож гэрээ хийх вэ гэдгийн эхний жишээ болсон. Гэрээг анх байгуулахад туршлага дутсан байж болно. Одоо бидэнд туршлага дутлаа гэж хэлэх нүүр байхгүй. Ингэвэл хариуцлагагүй үйлдэл болно. Бид шаардлагатай бүхий л мэргжилтнүүдийн зөвлөгөө, дүгнэлтийг авч, яриа хэлэлцээг мэргэжлийн, зарчимтай үргэлжлүүлнэ. Засгийн газрын хувьд ч шаардлагатай хөрөнгө мөнгийг гаргаж, дэлхийн хэмжээний томоохон зөвлөх компаниудтай хамтран ажиллахад бэлэн байна. Бид өөрсдийгөө чамлахаас илүү нэгдмэл байр суурьтай болох нь чухал. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий гэж хүмүүс болгоомжилж байж магадгүй. Тэгэхээр иргэд үүнд хүлээцтэй хандаасай гэж бодож байна. Зарим хүний хүлээж буй хурдаар ажиллахгүй байж магадгүй. Гэхдээ бодитой үр дүнд хүрнэ л гэж итгэж байна.
-Засгийн газар АНУ-ын “Акип гамп” фирмээс хууль зүйн, Германы “Фихтнер” компаниас геотехник, усны асуудлаар зөвлөгөө авч байгаа гэсэн. Санхүүгийн зөвлөхөө сонгон шалгаруулсан уу?
-Шалгаруулалт зарласан. Хариу нь энэ сарын сүүлчээр гарах байх. Бидний яриа хэлэлцээнд санхүүгийн сайн зөвлөх чухал. Тодорхой, хамгийн боломжит хувилбаруудыг гаргахад тусална. Жишээ нь, олон нийтийн дунд “Оюутолгой”-н хувьцааны 34 хувиасаа татгалзаад, төслийн өгөөжийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр ч юм уу, бүтээгдэхүүн хуваах гэрээний хувилбараар хүртэх нь үр дүнтэй гэсэн яриа гардаг.
-Энэ нөхцөлийг судлахыг УИХ-ын 92 дугаар тогтоолд тусгасан.
-Тийм. Далд уурхайн бүтээн байгуулалт дуусаагүй эгзэгтэй үед 34 хувиа худалдах нь үнэ цэнгүй, ашиггүй байж мэднэ. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ тогтвортой өсөөд, таатай нөхцөл үргэлжлээд байвал 34 хувиа зарчихвал бидэнд ашиггүй. Тэгэхээр бид энэ асуудалд судалгаатай, ул суурьтай хандах хэрэгтэй. Яарч шийдэж болохгүй. “Оюутолгой” компанийн хувьцааны 34 хувийг эзэмшсэнээрээ ТУЗ-д нь хүмүүсээ ажиллуулж, мэдээлэл авч байна. 34 хувийн хувьцаа эзэмшсэн нь тэр чигтээ муу, буруу зүйл биш. Хамгийн гол нь ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Бид 34 хувьд ногдох ногдол ашгийг авах хугацааг аль болох урагшлуулах нөхцөл боломжийг судалж байна. Ер нь төслийн татварын орлого, ногдол ашигт анхаарах биш, үр өгөөжийг аль болох цогцоор нь сайжруулах талаар судалж байгаа. Одоогоор энэ төслийн хэрэгжилт чамлахаар байна. Санхүүгийн зөвлөх сонгон шалгаруулж, төслийн үр өгөөжийг хэрхэн сайжруулах зөвлөгөө авах нь зайлшгүй хийх ажил.
-Хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэж, уурхайгаа нээх хугацаа хойшлох тусам төслийн өгөөж буурч байгаа. Монгол Улс төслийн нийт өгөөжийн 53 хувийг хүртэх үндсэн тохиролцоотой. Хөрөнгө оруулалтын зардал өссөнтэй холбоотойгоор энэ тохиролцоо, манай хүртэх өгөөжийн хувь хэмжээ алдагдсан уу?
-Далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдсэн, хугацаа хойшилсноос үүдээд компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Нэмэлт санхүүжилтийн хэрэгцээ, шаардлага бий боллоо. Төслийн зээлийн санхүүжилтийн эргэн төлөх хугацааг хойшлуулах нөхцөл үүссэн. Учир нь 2021 оны нэгдүгээр сард далд уурхайн олборлолт эхэлж, компанийн орлого хэд дахин нэмэгдэх байсан ч хойшилсон. Одоо хөрөнгө оруулалт яаж босгох вэ гэдэг асуудал үүснэ. Эдгээрээс үүдээд манайх төслийн нийт өгөөжийн 53 хувийг, хөрөнгө оруулагч 47 хувийг хүртэх харьцаа алдагдсан. Тийм тооцоонууд гарч байна. Ямар ч байсан 53 хувийн үр өгөөжийг Монгол Улс хүртэх ёстой. Өгөөжийн 53 хувийг хүртэх санхүүгийн тооцооллыг хийж байгаа. “Оюутолгой” компани өнгөрсөн онд 1.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олсон.
Сүүлийн 3-4 жилд борлуулалтын орлого нь нэг тэрбум ам.доллароос дээш гарлаа. Үүний 70-80 сая ам.долларыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж Монгол Улсад төлдөг. Тэгвэл “Рио тинто”-гийнхон жил бүр 80 орчим сая ам.долларыг төслийн санхүүжилтийн баталгааны шимтгэл гэж авдаг. Мөн 180 орчим сая ам.долларыг менежментийн төлбөрт авдаг. “Рио тинто” болон түүний харилцан хамааралтай этгээдүүд төслөөс жил бүр 260 орчим сая ам.доллар авч байна. Эндээс мөнгөн урсгал ямар байдлаар хуваарилагдаж байгаа нь тодорхой харагдана. “Рио тинто”-гийн авч буй мөнгө Монгол Улсад төлж буй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс ч өндөр. Үүнийг бид хөндөх хэрэгтэй. Нөгөөтээгүүр, “Оюутолгой” компанийн зээлийн дарамт маш өндөр. Нийт 11 тэрбум ам.долларын өртэй. Энэ өрийн зээлийн хүүд өдөрт 1.8 сая ам.доллар төлдөг. Жилд 650 орчим сая ам.доллар төлдөг гэсэн үг. Нийт борлуулалтын орлогынхоо талаас илүүг зээлийн хүүд өгч байгаа нь энэ компанийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын бүтэц асуудалтайг харуулдаг. Үүнийг “Рио тинто”-гийнхонтой ярихаас өөр аргагүй.
-“Рио тинто”-гийнхон “Та нар бидний авч буй мөнгийг “Оюутолгой”-гоос хурааж буй нийт татвартайгаа харьцуул” гэж хэлэх байх. Төслөөс хүртэх өгөөжөө нэмэгдүүлэхийн тулд хувь нийлүүлэгчийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах санал тавихаар яригдаж байсан. Хөрөнгө оруулагч талд ийм санал тавьсан уу?
-“Рио тинто” компани зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах боломжтой гэж хэлсэн. Бас л үйлдэл хийгээгүй байна. Дахин дурдахад, хэлэх нэг хэрэг, хийх нь өөр хэрэг. Бид менежментийн төлбөрийг зардлаас шууд хувь тооцож авдагт шүүмжлэлтэй ханддаг. “Оюутолгой” төслийн нийт хөрөнгө оруулалтын зардлын гурав, үйл ажиллагааны болон урсгал хөрөнгө оруулалтын зардлын зургаан хувийг менежментийн төлбөрт авдаг. Үйл ажиллагааны зардлаас хувь тооцоод менежментийн төлбөр авдаг юм байж. Тэгвэл тэдэнд үйл ажиллагааны гүйцэтгэл байна уу. Үйл ажилллагаа нь сайн байгаа юм бол далд уурхайг яагаад хугацаанд нь ашиглалтад оруулж чадахгүй байна вэ. Та нар сайн ажиллаж чадаж байна уу, ингэж ажиллах хөшүүрэг бий юү гэж асуумаар байдаг. Иймээс Засгийн газар менежментийн төлбөрийг гүйцэтгэлтэй нь уялдуулъя гэсэн шаардлага тавьсан. Ингэснээр бид тэднийг сайн ажиллуулах нөхцөл, хөшүүрэгтэй болно. Ингэвэл “Оюутолгой” зардлаас хувь тооцохгүйгээр гүйцэтгэл дээр суурилсан менежментийн төлбөр төлнө. Төслийн хөрөнгө оруулалтын зардал хоёр удаа өслөө, хугацаа нь 22 сараар хойшилж байна.
Муу ажиллаж байгаа учраас менемжентийн төлбөрийг ер нь бууруулах хэрэгтэй. Үр ашигтай ажиллаж, нэг тонн хүдрийн биетийг хамгийн бага зардлаар олборлох нь уул уурхайн компанийн зорилго байдаг. Хийх ёстой ажлаа чадаж байна уу гэдэгт нь хяналт тавих хэрэгтэй юм болов уу гэж харж байгаа. Та “Рио тинто” компанийн төслөөс авч байгаа мөнгийг “Оюутолгой”-н төлж буй нийт татвартай харьцуулах талаар хөндсөн учраас хэдэн зүйл хэлье. Төслийн өгөөжийг хүртэхэд татварын орлого чухал. “Оюутолгой” компани ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс гадна ажилчдынхаа хувь хүний орлогын албан татварыг төлдөг. Өөрсдийнх нь тайлагнаснаар төлж байгаа дийлэнх татвар нь импортын, нэмэгдсэн өртгийн албан татвар байдаг. Энэ компани алдагдалтай ажиллаж байгаа. Тиймээс аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлдөггүй. Хөрөнгө оруулалтын гэрээний одоогийн нөхцөл байдлыг харахаар энэ компани ашигтай ажилласан ч Монгол Улсад 11 жилийн турш ашгийн буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхгүй байх нөхцөл бүрдүүлсэн юм байна лээ. 2009 онд хийсэн хөрөнгө оруулалтын гэрээгээр гурван жилийн хугацаанд ашиглах татварын хөнгөлөлт авсан. Энэ хөнгөлөлтөө эдэлж дууссаны дараа алдагдлыг ирээдүйд шилжүүлэх байдлаар, найман жилийн турш төлөх татвараас алдагдлаа 100 хувь суутгаад татвар төлөхгүй байх нөхцөл үүсгэсэн. Тэгэхээр далд уурхайг ашиглалтад оруулж, компани ашигтай ажиллаж эхэлсэн ч Монгол Улс 11 жилийн турш ашгийн татвар авч чадахгүй байна гэдэг харамсалтай. Бид татварыг бодитой төлүүлэх чиглэлээр ажиллана. Нэмэгдсэн өртгийн албан татвар бол “Оюутолгой” компанийн төлж байгаа татвар биш. Тэр бол “Оюутолгой” компанийн хийсэн худалдан авалтад тухайн бараа, үйлчилгээг нийлүүлж буй компаниудын төлж байгаа татвар. “Рио тинто” компани бидний төлсөн татвар гэж жил бүр тайлан гаргадаг. Энэ гаргасан тайланд дурдсан, Монгол Улсад төлсөн татварын үнийн дүнтэй нь манай Сангийн яамныхан санал нийлдэггүй. Тэднийхэнд төлсөн татвараа ихэсгэж тайлагнадаг асуудал бий. Тайланг нь анхааралтай харахаар “Оюутолгой” компанийн хэрэгжүүлж буй татварын бодлого, “Рио тинто”-гийн олон нийтэд гаргаж мэдээлсэн бодлоготой зөрчилдөхүйц байдаг. Люксембургт үүсгэн байгуулсан “Мовели” компаниар дамжуулаад хувь нийлүүлэгчдийн зээлийг “Туркойз хилл ресурс” компанид өгдөг, тэр нь “Оюутолгой”-д өгдөг байсан. Люксембург, Нидерландад үүсгэн байгуулсан компаниудаар дамжуулж, хувь нийлүүлэгчдийн зээл өгч байгаа зорилго нь татвараа бууруулахын тулд байдаг. Бид татварын маргаан үүсгэхдээ энэ асуудлыг хөндөж тавьсан.
-Оффшор компани ашиглаж байна гэсэн үг үү?
-Тийм. Зөвхөн татвар бууруулах зорилгоор Люксембург, Нидерландад байгуулсан, цаасан дээрх компаниудыг ашиглах нь “Рио тинто”-гийн дэлхий дахинд зарласан бодлоготой нийцдэггүй. Ингэж мөнгө дамжуулдаг практикаа өөрчлөх шаардлагатай. “Мовели” гэж компаниа 2020 онд татан буулгасан гэж тайландаа дурдсан байна лээ. Манай улсын татварын хяналт шалгалтаар гаргаж тавьсан асуудлууд бодитой үр дүнд хүрч байгаагийн илэрхийлэл гэж харж байна. Манай татварын хяналт шалгалт сайжирсныг тэмдэглэн хэлэх хэрэгтэй. Ялангуяа үнэ шилжилтийн хяналт шалгалт хийдэг болсон нь тодорхой үр дүнд хүргэж байна. “Рио тинто” харилцан хамааралтай компаниудаараа дамжуулаад менежментийн төлбөр, зээлийн хүү зэрэг их хэмжээний мөнгөн урсгалыг “Оюутолгой” компаниас авдаг. Үүнд нь бид үнэ шилжилтийн хяналт тавих нь чухал. Өөрөөр хэлбэл, зардлаа зохиомлоор нэмэгдүүлж, татварын суурийг багасгахын эсрэг ажиллах хэрэгтэй гэсэн үг. Манай Засгийн газар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “БЭПС хөтөлбөр”-т хамрагдсан. Энэ хөтөлбөр нь үндэстэн дамнасан томоохон корпорацууд үйл ажиллагаа явуулж байгаа улсдаа татвараа шударгаар, бодитоор төлөх шаардлага тавьж, тухайн оронд дэмжлэг үзүүлдэг. Татварын суурийг багасгаж, ашиг шилжүүлэхийн эсрэг арга хэмжээ авдаг хөтөлбөр. Эл хөтөлбөрт нэгдсэнээр Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй “Оюутолгой” төсөлтэй холбогдуулж “Рио тинто” компани орлого, ашиг олж байгаа бол Монгол Улсад төлөх ёстой татвараа зохих хэмжээнд төл гэсэн шаардлага тавьж байна. “Оюутолгой” компани ажил, үйлчилгээний үнийн дүнгээ аффшор, оффшор гэж хоёр хуваачихаад байгаа. Энэ бол татварын маргаан үүсгэж буй нэг асуудал. Оффшор гэдэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үзүүлээгүй, гадаадын этгээдээс авсан ажил, үйлчилгээний төлбөрийг хэлнэ. Тэд ийм үйлчилгээ авчихаад татвар төлдөггүй. “Рио тинто” компани ч менежментийн үйлчилгээгээ бас ингэж хоёр хуваадаг. Стратегийн менежментийн үйлчилгээ гээд үүнийгээ Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадуур үзүүлсэн гэж шалтаглаад татвар төлдөггүй. Стратегийн менежментийн үйлчилгээнд дор хаяж 500 сая ам.долларыг “Рио тинто” ямар ч татвар өгөхгүйгээр “Оюутолгой” компаниас авсан. Энэ бол Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа төсөлтэй холбогдуулж үзүүлсэн үйлчилгээ. Тиймээс бид Монгол Улсаас эх үүсвэртэй төлбөрөөс зохих хэмжээний татварыг төл гэсэн шаардлага тавьсан.
-Та татварын маргааны талаар дэлгэрэнгүй хөндлөө. Хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах шалтгаан бол татварын асуудалтай холбоотой юм байна гэсэн төсөөлөл бууж байна. Татвараас гадна уг гэрээнүүдийг өөрчилж шийдэх асуудал байгаа юу?
-Хөрөнгө оруулалтын гэрээний тодорхой зүйл заалтыг яаж тайлбарлахаас татварын маргаан үүсэж байна. Түрүүн хэлсэнчлэн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудалтай холбоотой татварын маргаан ч бий. Хөрөнгө оруулалтын гэрээний англи, монгол хувилбарын хоорондох үгийн зөрүүтэй асуудлаас ч үүссэн маргаан байдаг. Гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр зөвхөн татварын асуудал шийдэхгүй. Засгийн газрын ажлын хэсгийн гол зорилго бол УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх. Энэ тогтоолд хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээний хэрэгжилтийг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах гэж заасан. Тэгэхээр өргөн хүрээтэй ойлголт. Бид хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээний хэрэгжилт ямар байна вэ гэдгийг өргөн хүрээнд дүгнэх хэрэгтэй. Тэгээд хангалтгүй хэрэгжиж байгаа асуудлыг нь эргэж харж, Монгол Улсад үр өгөөжтэй болгох ёстой. Ер нь энэ төсөлтэй холбогдуулаад ирээдүйд үүсэж болох асуудлыг харгалзаж үзсэний үндсэнд тодорхой нэмэлт, өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Яриа хэлэлцээндээ байгаль орчин, гүний усны ашиглалт, ажилтнуудын нийгмийн нөхцөл гээд цогц асуудлыг тусгаж ажиллана. Санхүүгийн үр өгөөжөөс гадна “Оюу толгой”-н усны хэрэглээ өнөөдөр ямар байна вэ, гүний усыг цаашид ашиглуулснаар байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх үү гэдэг асуудлыг ч харгалзах хэрэгтэй. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх нь Монгол Улсад ашигтай. Тиймээс бид аль болох ойлголцож, олон жил яригдсан асуудлуудыг нэг тийш нь цэгцэлж, яриа хэлэлцээг дуусгах болов уу гэж найдаж байна.