ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга С.Миронов өчигдөр нутаг буцахынхаа өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ази Номхон далайн бүсийн Парламентын XIX чуулганд оролцохоор эх орноо төлөөлж ирсэн тэрбээр уржигдархан төлөөлөгчидтэй хамт “Улс төр аюулгүй байдал” сэдвийн хүрээнд терроризм, үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхины эсрэг тэмцэх талаар санал бодлоо солилцсон билээ.
Гэтэл энэ арга хэмжээ болсноос хэдхэн цагийн дараа ОХУ-ын нийслэл Москвагийн Домодедово онгоцны буудалд террористууд бөмбөг дэлбэлж олон хүний амийг хөнөөсөн хэрэг гарав. Тэрбээр мэдээлэл хийгээд нутаг буцахаар анхнаасаа төлөвлөсөн байсан ч болсон явдалтай холбогдуулан нисэх цагаа яаравчилжээ. “Кемпинский” зочид буудалд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ ноён С.Миронов олны анхааралд байгаа энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.
“Терроризмын үзүүр ОХУ руу чиглэж байна. Нисэх буудалд бөмбөг дэлбэлсэн нь санаандгүй хэрэг биш. Олон улсын онгоц буудаг учраас тэр газрыг зориуд сонгосон. Террористуудын халдлагад өртөн амь үрэгдсэн иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Терроризм бол нэг үндэстний шинж чанартай хэрэг биш.
Тиймээс үүний эсрэг бид хамтдаа тэмцэх ёстой. АНДПын XIX чуулганаар энэ асуудлыг хэлэлцсэн, тогтоол шийдвэр гарна” гэлээ. Москвад үүссэн асуудалтай холбогдуулан тус улсын Засгийн газрын тэргүүн В.Путин тээврийн болон дотоод хэргийн яамандаа аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авахыг үүрэг болгосон гэнэ.
ОХУ терроризмын эсрэг хатуу арга хэмжээ авна хэмээн тэрбээр мэдэгдсэн. Мөн ОХУ олон үндэстэн, олон шашин шүтдэг хүмүүсээс бүрддэг учир зөрчил, мөргөлдөөн гардаг. Тиймээс үндэстний эв нэгдлийг хангах талаас ч анхаарна гэдгээ хэлэв. Сэтгүүлчдэд мэдээлэл хийхийнх нь өмнө түүнийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нар хүлээн авч уулзсан юм.
Тэд Москвад террористууд халдсанд эмгэнэж буйгаа түүнд илэрхийлжээ. Мөн тэрбээр Ерөнхий сайдыг энэ оны есдүгээр сарын 12- 13-нд Эрхүү хотод болох Байгалийн эдийн засгийн чуулга уулзалтад эх орноо төлөөлөн оролцохыг, есдүгээр сарын 11-нд болох Эрхүү хот байгуулагдсаны 350 жилийн ойд хүрэлцэн очихыг урьсан байна. Манай уул уурхайн томоохон ордыг ашиглахад ОХУ оролцох сонирхолтой ч уламжилсан аж.