Соёлын яамны дэргэдэх Соёл урлагийг дэмжих сангаас санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтад өнгөрсөн гуравдугаар сарын турш материал хүлээж авахад 722 төсөл ирүүлжээ. Энэ нь 1995 онд байгуулсан тус сангийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт аж. Сүүлийн гурван жилд нийт 365 төслийн санал ирүүлсэнтэй харьцуулахад энэ нь хэд дахин илүү гэсэн үг. Ийм олон хүн, баг санал өгсний учир нь нэг талаас соёл урлагийн талбарт дотоод, гадаадад ажилладаг, амжилтад ч хүрдэг уран бүтээлчид урьдын адил, магадгүй түүнээс илүү идэвхтэй, хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг илтгэнэ. Үүний сацуу цар тахлын үед бүтээх, туурвих гэсэн ч санхүүгийн гачаалд орсон нь илт.
Сонгон шалгаруулалтад бүтээл хүлээж авах хугацааны сүүлийн өдөр Соёлын яамны гадаа олон хүн дугаарлан зогсож байлаа. Ямар учиртайг нь тодруулахад төслийн уралдаанд материал өгөх гэсэн хүмүүс байсан юм. Бид аливаад цагийг нь тулгаж, сандардаг сул талтай. Энэ удаа ч мөн давтагджээ. Төрийн өмчит их, дээд сургуулиудад ажилладаг багш нар, судлаачид тэнд байлаа. Олон жил үйл ажиллагаа явуулж буй, яамтай хамтран ажиллаж, засгийн ачааллыг хөнгөлж ирсэн мэргэжлийн холбоодын төлөөлөл ч урт дарааллын дунд торойж харагдсан. Дуу бичлэгийн том, жижиг студийнхэн, дэлгэцийн хөдөлгөөнт бүтээлээр гаршсан мэргэжилтнүүд, хэвлэн нийтлэгчид, залуу зохиолч, яруу найрагчид гээд олон чиглэлд өөр өөрийн ажил үйлс, амжилт бүтээлтэй байгууллага, хамт олны нэрийн хуудас болсон уран бүтээлчид, хувь хүн ч байсан юм. Тэдний заримтай ярилцахад хувиараа хөдөлмөр эрхлэгч уран бүтээлчид цар тахлын үед орлого, ашиггүй нам сууж буйгаа хэлсэн. Амьдрал үргэлжилж байдаг. Өөрөөр хэлбэл, өрхийн тэргүүлэгчид гэр бүлээ урьдын адил авч явах шаардлагатай. Хоол хүнс, эм, тариа худалдаж авахаас эхлүүлээд айлд юу хэрэг болдог билээ, бүгд хэвээр. Гэтэл аав, ээж, ах, эгч болсон энэ хүмүүс ажил, орлого байхгүйн улмаас санхүүгийн гачаалд орсон тул ядаж энэ шалгаруулалтад ч болов оролцоод үзэхээр ирсэн аж.
Энэ жил тус сангаас соёл урлагийн хөгжилд тустай сайн төслүүдэд нэг тэрбум гаруй төгрөг зарцуулахаар тусгасан юм билээ. Байгууллага, хамт олны зөв зүйтэй санаачилга, үр дүн нь Монголын нийгэм, иргэдийн хөгжилд тустай гэж үзэх төслүүдэд олгох мөнгөний дээд хязгаар 80, харин хувь уран бүтээлчид, соёлын зүтгэлтнүүдэд олгох дээд хэмжээ 30 сая төгрөг. Бүгдэд нь мөнгөний дүнд тултал олгохгүй гэж бодсон ч тэрбум төгрөгийг цөөн хэдэн төсөлд л зориулахаар байгаа юм. Тэгэхээр байгаа бага мөнгийг хэд хувааж, хэнд олгох вэ гэдэг шийдэл хүлээсэн асуулт тулгамдаж байна. Төсөл бэлтгэсэн хүн, байгууллага бүр өөрсдийнхийгөө сайн гэж үзнэ. Тэгэхээр сонгон шалгаруулалтыг шударга бөгөөд шалгуур сайтай явуулах ч шаардлага тулгарч байна.
Үүний зэрэгцээ соёл урлагийн хөгжилд тустай шилдэг төслүүд хайж, шалгаруулж санхүүжүүлэх бодлогынхоо зэрэгцээ энэ удаа чөлөөт уран бүтээлчдийг дэмжих дэд бодлого хэрэгжүүлэх зорилгоор Соёлын яам төсвийг нэмүүлэх хүсэлтийг Засгийн газар, Сангийн яаманд илгээн, шийдвэрлүүлж болох юм биш үү гэсэн санааг хэд хэдэн туршлагатай уран бүтээлч хэлсэн. Нэг биш, хоёр, магадгүй гурван тэрбумыг төсөвлөж, төсөл бичсэн уран бүтээлчдэд олгох нь цар тахлын үеийн мэргэн бодлого, оновчтой шийдвэр болох болов уу.
Соёл урлагийнхнаас төрд алба хашдаг нь цалингаа авч байна. Энэ нь 5000 гаруй ажилтан, албан хаагч юм. Засгаас жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ажлын байрыг хадгал хэмээн гурван хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Тухайн цаг үед банкнаас зээл аваагүй байсныхаа төлөө өдгөө төрөөс нэг сая төгрөг авахаар “алга нь загатнаж” суугаа ахмадууд байна. Халамжийн олон хэлбэр байх бөгөөд бага ч болов мөнгө дагалддаг. Гагцхүү энд дурдаж буй чөлөөт уран бүтээлчдэд мөнгө ер олддоггүй. 1990 оноос хойш ийм байсан бөгөөд явцын дунд хөгжимчид, дуучид, дүрслэх урлагийнхан, загвар зохион бүтээгчид гээд хэн шинээр сэтгэж, бүтээдэг вэ, тэдний олонх нь зам, мөрөө олсон. Чадаагүй нь өөр чиглэл рүү хазайсан. Хоёр зууны заагт Соросын сангаас Төв Европ, ОХУ-ын уран бүтээлчдийг дэмжиж, төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн шигээ манай улсад ч тусалсан. Тэр үед орчин үеийн бүжиг, балет, дүрслэх урлагийн өвөрмөц бүтээлүүд төрж, тэр хэрээр уран бүтээлчдийн, үзэгч, сонсогчдын ч үзэл бодолд эерэг өөрчлөлт гарсан юм. Тэр энерциэр өөрийгөө олсон авьяастнууд бүтээн туурвиж, Монголын урлаг олон эх сурвалж, өнгөтэй гэдгийг өөрийн улсад төдийгүй гадаад ертөнцөд таниулсаар ирлээ. Тэдний амжилт өндөр түвшнээр хэмжигдэнэ. Тухайлбал, Венецийн биенналь хэмээх айхавтар шалгууртай томоохон хэмжээний үзэсгэлэнд манай зураачдын бүтээл, туурвил хүндтэй байр эзлэх болсныг дурдаж болно.
Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацын хэлтсийн дарга Н.Мөнхзул тус сангаас олон зуун төсөл санхүүжүүлж ирсэн нь соёл урлагийн хөгжилд хувь нэмэр болсон тухай хэлсэн. Сүүлийн жилүүдэд олон улсын тавцанд амжилт олсон олон төслийг нэрлэж болох аж. Жишээ нь, “Хү” хамтлаг, Бусаны 18 дахь удаагийн олон улсын кино наадмын “Шинэ давлагаа” уралдааны тэргүүн шагналт “Алсын удирдлага”, Каннын олон улсын кино наадамд сонгогдсон “Хэвтрийн хүн” зэргийг дурдаж болно. Азийн ардын урлагийн их наадам зохион байгуулах, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засварлах, соёлын өвийн улсын тооллого зохион байгуулах, шилдэг бүтээл туурвил хэвлүүлэх зэрэг нь ч санаачлагч, уран бүтээлчдэд, хүртэгч олон нийтэд ч үр өгөөж өгснийг тэрбээр онцолсон.
Энэ удаагийн сонгон шалгаруулалтад найман төрөл, сэдвээр төсөл хүлээн авчээ. Тухайлбал, соёлын өвийг хадгалж, хамгаалах, сурталчлах, түүх, соёлын дурсгалыг соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, шинэ уран бүтээл туурвих, соёл урлагийг гадаадад болон өөрийн оронд сурталчлах дуу авиа бүхий дүрс бичлэг хийх, бүх нийтийн соёл урлагийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах, соёлын бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээнд шинэ санаа нэвтрүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэх, судлаач эрдэмтдийн шилдэг бүтээлийг хэвлүүлэх, сурталчлах чиглэлд 722 төсөл цуглаад байна. Шалгаруулалтын багийн сонголтоос тэдгээрийн “хувь заяа” шийдэгдэнэ.
Авьяастай, бүтээлч, мэргэжлийн өндөр түвшний ажилтнууд цаашид ч туурвисаар байх болно. Зохиолч, судлаачид, гэрэл зурагчид ч ялгаагүй. Бичсээр, буулгасаар, уншуулсаар, харуулсаар байх биз ээ. Манай улсад чөлөөт уран бүтээлчдийн ийм том арми байдаг. Жагсаалын цэргээс авхуулаад генерал нь ч байна. Монголын энэ цаг үеийн өнгийг илтгэж, хөгжлийг тодорхойлдог тэд цар тахлын энэ үед ч төр, засагт хандаж үг хэлсэнгүй, амнаасаа ганц ч үг унагаагүй. Гагцхүү Соёл урлагийг дэмжих сангаас зарласан төслийн уралдаанд шударгаар өрсөлдье гээд ирэв. Тэдний гарт төсөл боловсруулсан цаас харагдах ч үнэн хэрэгтээ Монголоо хөгжүүлэх хөшүүрэг бариад зогсож байгаа хэмээн үнэлж ч болох юм.
Гадаадын орнуудад цар тахлын үед чөлөөт уран бүтээлчдээ зөнд нь орхичихсон юм уу, эсвэл ямар нэг арга хэмжээ авч байгаа юу гэдгийг судлахад лав ХБНГУ-д урлаг соёлынхон, тэр дундаа чөлөөт уран бүтээлчдэд санхүүгийн дэмжлэг илүүтэй үзүүлсэн байх аж. Соёл урлагийн салбарт бүтээн туурвидаг хүн бүрт буцалтгүй мөнгөн тусламж олгосон байна. Тухайн үед санхүүжилт нь бага, бас чирэгдэл ихтэй гэж шүүмжилж байсан ч уг дэмжлэг олон уран бүтээч, тэдний ар гэрт цар тахлын үеийн стрессийг даван туулахад нь хэрэг болжээ. Төслөө барин, дугаарлан зогссон чөлөөт уран бүтээлчидтэй ярилцахад “Хөгжингүй орнуудад энэ талаар чухлаар авч хэлэлцдэг юм билээ. Британийн ВВС телевизээр “Ковид-19”-ийн үед чөлөөт уран бүтээлчдийн эрх ашиг, тэдэнд туслах сан, хөрөнгийн талаар хэд хэдэн удаа хөндөж ярьсан. Манайд улсад бол дэмжих тухай ярихыг сонсоогүй. Мөнгөн тусламж олгож дэмжих нь бүү хэл, хэдэн хүн энэ талбарт бие даан ажилладаг талаарх судалгаа, мэдээлэл байдаг юм уу” гэж ярьсан нь ч бий.“Чөлөөтүүд” хэзээд чөлөөтэй оршиж, сэтгэж, бүтээдэг хүмүүс. Гагцхүү цар тахлын онцгой нөхцөл байдлын үед тэдний “сэлэх” орчин хумигджээ. Өөрөөр хэлбэл, ажлын захиалга гэх юмгүй, хийсэн ч үзэх, хүртэх, худалдан авах хүмүүс нь гэртээ суугаад гарахгүй болохоор бүтээл, бүтээгдэхүүн нь эргэлтэд орохгүйгээс орлого, ашгаар таг суугаад, гэр бүлээ авч явахад хүндрэл үүсжээ.
Төслийн нэг удаагийн уралдаан, сонгон шалгаруулалтаар тэдний хүсэл эрмэлзэл хязгаарлагдахгүй. Тэд хэний ч заавар, зөвлөгөө, удирдамж, эсвэл цалин хөлсний хүч, “үнэр”-ээр бус, харин дотоодоосоо, сэтгэл, сэтгэхүйгээсээ бүтээл төрүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг оюуны их хүч билээ. Ийм хүчирхэг армиа хүнд цаг үед мартахгүй байхыг, бичсэн төслүүдийн хагасыг нь ч болов санхүүжүүлэн дэмжиж, урам зориг өгөхийн зэрэгцээ цаашид бүтээн туурвих их хүслийг нь бадраах асуудал тулгамдаж байна.