ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад хувиараа бизнес эрхлэгч Б.Бат-Энх 1300 ширхэг ном өнөөдөр хандивлалаа. Тэрбээр тус газрын хорих ангиудын номын санг баяжуулах, хүмүүжигч нарыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор хувиасаа дээрх номыг цуглуулан, хүлээлгэн өгчээ. Есөн сая төгрөгийн үнэ бүхий эдгээр номд түүх, уран зохиол, хувь хүний хөгжил, намтарчилсан зэрэг бичлэгийн бүх төрлөөс бүрдсэн номыг багтаажээ. Б.Бат-Энх “Хорих ангиудад хандивлаж буй 1300 ширхэг номд гэмт хэргийн сэдэвтэй зохиол, бүтээл байхгүй. Хүмүүжигч нарт чөлөөт цаг хангалттай байдаг учраас тэднийг ном уншиж, өөрсдийгөө хөгжүүлээсэй гэж хүсдэг. Хорих ангиуд гэмт хэрэгтнийг шийтгэн цээрлүүлэх биш, тэднийг өөрчлөн хөгжүүлж, нийгэмшүүлэн, илүү сайн хүн болгон хүмүүжүүлэх газар болох ёстой. Үүнд хүрэх арга замын эхлэл нь ном юм. Ном бол ертөнцийг харах цонх гэдэг шүү дээ. Хүмүүжигч нарт дараа нь үлдэцтэй, үр шимээ урт хугацаанд өгөх тул тэд нарт ном бэлэглэхээр шийдсэн нь энэ” гэж ярилаа. Тэрбээр дээрх 1300 номыг ШШГЕГ-ын Сургалт, нийгэм сэтгэл зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Цэнгэлбаярт хүлээлгэн өгсөн байна. Ч.Цэнгэлбаяр түүний энэхүү халуун сэтгэлд талархлаа илэрхийлээд, номуудыг улсын хэмжээний хорих ангиудад тэгш хүртээнэ гэв.