БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотын ойролцоо шүлхий өвчин гарч, Ардын армийн цэргүүд ариутгалын ажил хийж байна хэмээн БНСУ-ын албаны хүн мэдээллээ хэмээн БНСУын сонин хэвлэлээр шуугиж байна. Харин Хойд Солонгос энэ талар албан ёсны мэдээлэл хийхгүй байгаа нь үнэн байдлыг нууж буй хэрэг хэмээн тэд үзэж байна.
Мөн БНСУ-ын хэвлэлээр хэдийгээр цэргүүд гол замуудад эргүүл гарган, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа ч шүлхийн халдварыг зогсоох эм тан, багаж хэрэгсэл дутмагаас хангалттай арга хэмжээ авч чадахгүй байна гэж бичжээ. БНАСАУ 1995 оноос Хөдөө аж ахуйн хөгжлийн төслөөр фермерийн аж ахуй, бэлчээр 70, мах боловсруулах үйлдвэр 380-ыг шинээр бариад байгаа билээ.
Одоогийн байдлаар шүлхий өөр бүс нутагт тархсан эсэх талаар мэдээ байхгүй ч хэрэв үнэн бол шүлхийд нэрвүүлж байгаа Өмнөд Солонгосоос чилүү хохирол амсах нь гарцаагүй. БНСУ хойд хөршөө шүлхий өвчин гарснаа хүлээн зөвшөөрч, гадаад улс орнуудаас тусламж, дэмжлэг авбал улс орноо аварна шүү хэмээн уриалжээ.
БНАСАУ 2003 онд SARS ханиад дэлгэрэх үед нисэх буудлаа хаан, гадаад ерөнцөөс гурван сар тусгаарлаж байв. Үүнээс хоёр жилийн дараа гарсан шувууны ханиадыг БНСУ-ын тусламжтай дарж байсан юм.
М.СУГАРАА