Арабын ертөнцийг донсолгоод авсан Тунисийн хувьсгал өөр үндэстнүүдэд үлгэр дуурайл болно гэх таамаглалыг улс төр судлаачид дэвшүүлэв. Египетийн нийслэл Каирт Парламентын байрны өмнө нэгэн хүн өөрийгөө шатаажээ. Зоогийн газрын эзэн, 49 настай тэрбээр нийгмийн тулгамдсан асуудлыг цаг тухайд нь шийдэхгүй, шийдэхийг хичээх ч үгүй байгаа эрх баригчдыг эсэргүүцсэн аж.
Түлэгдэж гэмтсэн түүнийг түргэн тусламж дуудан эмнэлэгт хүргэсэн ч биеийн байдал нь хүнд байгаа гэнэ. Египетийн Засгийн газрыг авлигад автсан, эрх баригчид нь албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэдэг гэж шүүмжлэх нь цөөнгүй. Хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн хэдэн сард огцом өссөн нь Тунисийн байдлыг санагдууллаа гэж ажиглагчид онцолж байна.
Хэдий ардчилсан улс гэгддэг ч ард түмний дуу хоолойг Засгийн газарт хүргэхэд улам бэрхшээлтэй болж буй аж. Энэ нь өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон парламентын сонгуулийн дүнд эрх баригч нам дангаараа шахуу төр удирдаж эхэлсэнтэй холбоотой. Гучин жил Ерөнхийлөгчийн алба хашсан Хосни Мубарак энэ зун болох сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдсэн.
“Тунисчүүд эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэж байгаа нь үнэхээр сайн хэрэг. Тэднээс суралцах зүйл их бий. Манай улсад өөрчлөлт шинэчлэл хэрэгтэй. Дан ганц улс төрийн ч бус, нийгмийн, сэтгэлгээний өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай” хэмээн Каирийн оршин суугчид үзэж байна.
Харин ямар нэг жагсаал, цуглаан хийж, тэр тусмаа бослого үймээн гаргах нөхцөл бүрдээгүй тухай сөрөг хүчнийхэн мэдэгджээ.
Каир дахь Тунисийн дипломат төлөөлөгчийн газрын үүдэнд сөрөг хүчний намуудын төлөөлөл цуглаж, Хосни Мубаракийг огцрохыг шаардсаныг эс тооцвол одоогоор Египетэд байдал харьцангуй тайван байна хэмээн эрх баригчид онцолж буй.
Х.Одончимэг