Мөнх цаст сүрлэг уулс, ян сарьдаг бүхий шовх оргилууд, гүн цэнхэр нуур, хөвч тайга, гол, мөрний өргөн хөндийгөөр хүрээлүүлсэн хоймор нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй Э.Амарзаяаг “Байгальд ээлтэй хүн”-ээр онцоллоо. Хүдэр чийрэг эрс ч хүнд хүчрээс нь дайжиж, халгадаг байгаль хамгаалагчийн ажил түүний хувьд экстрим аялал шиг санагддаг гэсэн. Тэрбээр “Ажил үүргээ гүйцэтгэхдээ хүн, байгалийн хүйн холбоог жинхэнэ утгаар нь мэдэрдэг” хэмээн ярьсан юм.
-Хөвсгөлд хаваржилт сайхан болж байна уу. Та бүхний ажил үйлс тавлаг уу?
-Сайхан хаваржиж байна. Бусад аймагт хүчтэй салхи шуурга дэгдэж, аюулт үзэгдлүүд ойрхон давтамжтай болоод байх шиг. Манайх уулархаг бүс учраас их нөмөртэй. Говь, тал нутаг шиг элс, шороогоор шуурах нь харьцангуй бага. Хааяа цасан шамарга болно. Өдийд ихэнх нутагт хаврын урь орж, дулаардаг бол Хөвсгөлд өвлөөрөө л байна. Гэхдээ дүн өвлийн үетэй харьцуулахад хүйтний эрч нэлээд уярсан.
-Байгаль хамгаалагчдад хавар хэр онцгой улирал бэ. Байгаль дэлхий сэрж, хамаг бүхэн дэлгэрэхийн зэрэгцээ их ажил ундарч, аюул, эрсдэл нэмэгддэг юм шиг ээ?
-Хавар эрсдэлтэй үед тооцогддог. Хуурайшилт өндөр учраас түймэр гарах эрсдэлтэй.Тиймээс байгаль хамгаалагчид маш сэрэмжтэй ажилладаг. “Хөх сувд” мөсний баяртай холбоотойгоор өмнөх жилүүдэд нэлээд ачаалалтай ажилладаг байлаа. Гадаад, дотоодын олон мянган жуулчныг хүлээн авч, зохицуулна, байгалиа хамгаална. Мөсөн дээр осол гарах вий гэж онцгой байдлын алба хаагчдаас дутахгүй “гүйнэ”. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил мөсний баярыг өнжөөсөн учир ачаалал харьцангуй бага, нам гүм байна. Усны шувуудыг тоолж, бүртгэх зэрэг судалгааны ажлуудаа түлхүү хийж буй. Мөн нуурын энд тэнд “өрх” үүссэн учир засаг захиргаатайгаа хамтраад, иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл түгээж эхэлсэн. Хууль бусаар мод бэлтгэх, амьтан агнах зөрчил өдийд ихэсдэг тул хяналт, шалгалтаа идэвхжүүлсэн.
-Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа хэдэн байгаль хамгаалагчтай, хэчнээн га талбайг хариуцдаг вэ?
-Хөвсгөл нуурын ай савыг 1992 онд улсын тусгай хамгаалалтад авсан. Тухайн үед 838 000 га газрыг хамруулсан бол одоо усан мандлаа оруулаад 1 172 000 га-г хариуцаж байна. Тодруулбал, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар болон Даян дээрхийн байгалийн дурсгалт газарт харьяалагддаг ийм хэмжээний талбайг хариуцан ажилладаг. Энэ нь Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Уул, Ренчинлхүмбэ, Ханх, Хатгал гэсэн зургаан сумыг хамардаг.
Манай захиргаа орон тооны 25, гэрээгээр ажиллуулдаг таван байгаль хамгаалагчтай. 30 хүн 1 172 000 га талбайг хариуцдаг гэсэн үг. Тухайн бүс нутгийн онцлогоос хамаараад байгаль хамгаалагчийн хариуцах талбай харилцан адилгүй. Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар өндөр уулын бүсэд хамаардаг учир нэг байгаль хамгаалагчид 100 000 га-г хариуцуулдаг. Холбогдох хуульдаа ингээд тусгачихсан. Энэ үзүүлэлтээр байгаль хамгаалагчдын тоо газар нутгийнхаа хэмжээнд дүйж буй мэт боловч бодит байдалд ахадсан оноолт. Хөвсгөл бол аялал жуулчлалын идэвхтэй, амралтын газар, жуулчны бааз олонтой, хөл хөдөлгөөн ихтэй бүс. Дээрээс нь өндөр уул, хөвч тайгатай учраас зорчиход нэн бэрх. 100 000 га талбайг нэг хүн дангаараа хариуцаж, хүрч ажиллана гэдэг үнэхээр хүндрэлтэй.
-Шантрах үе бий биз?
-Байлгүй яах вэ. Тусгай хамгаалалттай бүс рүү аялагчдыг нэвтрүүлдэг хяналтын цэгт 2018 оноос хойш зун бүр ажиллалаа. Жилд дунджаар 30-40 мянган хүн хүлээж авдаг гэж тооцвол энэ хугацаанд 100-120 мянган аялагчтай нүүр тулсан байна. Ирсэн хүн бүрт тусгай хамгаалалттай газарт мөрдөх дэглэмийг танилцуулж, зөвлөмж өгөх, тасалбар түгээх, хогийн уут тараах, отоглох цэгт хуваарилах гээд ажил мундахгүй. Зав зайгаараа ойр орчмынхоо хогийг түүж, ариун цэврийн байгууламжуудаа угааж, цэвэрлэдэг. Жуулчид хотынх шиг түгжрээ үүсгэж, дугаарлах нь бий. Байгаль хамгаалагчид ийм үед нойргүй хонох нь энүүхэнд. Энэ бүхнээс болоод заримдаа шантардаг. “Юун төрийн алба” гэж бодогдоно. Гэхдээ мэргэжилдээ хайртай учраас өнөөдөр хэдий ядарч, шантарсан ч маргааш нь ажлаа эрч хүчтэйгээр эхлүүлдэг.
-Хөвсгөлийн экосистемийн асуудал хурцаар хөндөгдөх болсонтой холбоотойгоор сүүлийн жилүүдэд байгаль хамгааллын цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хамгийн сүүлд гэхэд нуурын эрэгт ариун цэврийн байгууламж шинээр барьсан. Ер нь эдгээр ажил нүдээ олсон уу. Одоо ямар асуудал тулгамдаж байна вэ?
-Хүмүүсийн хийсэн ажлыг ийм тийм гэж шүүмжлэх нь зохимжгүй болов уу. Ариун цэврийн байгууламж барьснаар нөхцөл байдал бага ч болов сайжирсан. Одоо нэн түрүүнд тулгамдаж буй асуудал бол нуурын эрэг дагуух гэр буудлуудыг цэгцлэх. Ялангуяа буудлуудын нүхэн жорлонг шинэчлэх, стандартад нийцүүлэх, үйл ажиллагаа хариуцсан хүмүүсийг нь сургалтад хамруулж, мэдээлэлтэй болгох шаардлагатай. Үйл ажиллагааг нь хориглоё, зогсооё гэхээсээ илүү сайжруулах, стандарт мөрдүүлэх хэрэгтэй. Цаашлаад тусгай хамгаалалттай газрын отоглох, түр өнжих цэг, төвлөрөл бүхий хэсгүүдэд хогийн савыг хүртээмжтэй болговол үр дүнтэй мэт санагддаг.
-Энэ мэргэжлийг сонгоход танд юу нөлөөлсөн бэ?
-Би 2014 онд ХААИС-ийг экологи, байгаль хамгааллын чиглэлээр төгссөн. Энэ чиглэлээр сурч, мэргэжил эзэмшихэд аав минь гол нөлөө үзүүлсэн. Миний аавыг Энхтайван гэдэг. 2002 оноос хойш байгаль орчны салбарт зүтгэж буй. Энэ онд гавьяаныхаа амралтыг авна.
Намайг багад аав минь ажлаар хөдөө хээр олон хоног явдаг байв. Тэр болгонд их санана, “Хэзээ ирэх бол” гэж харуулдан хүлээнэ. Өвөл танигдахын аргагүй болтлоо цан хүүрэг татуулсаар ирдэг байж билээ. Зарим зун аавыгаа дагаж ойр зуур явдаг байлаа. Тэр үеэс л байгаль хамгаалагчийн ажлын сайхныг ойлгож, мэдэрсэн. Ер нь би нэгэн хэвийн ажилд дургүй. Их уйдамтгай. Өдөр бүхэн давтагдашгүй, адал явдлаар дүүрэн, экстрим байвал сонирхолтой санагддаг. Энэ хүсэлдээ хөтлөгдөн мэргэжлээ сонгосон.
-Байгаль хамгаалагчаар ажиллахаар шийдэхэд аав нь хэрхэн хүлээж авсан бол?
-Нэг их юм хэлээгүй. “Миний охин сайн бодоорой” л гэсэн. Харин ээж минь нэлээд дургүйлхсэн. Элсэлтийн шалгалтаа хими, биологийн хичээлээр өгсөн учраас анагаахын сургуульд орох боломж байсан. Тиймээс ээж “Сувилагчаар суралц” гэж ятгасан. Дотуур байрны багшаар олон жил ажилласан болоод ч тэр үү, надад мэргэжлээ өвлүүлэх гэж хүртэл оролдсон. Гэвч би зөрүүдэлсээр байгаад өөрийнхөөрөө шийдсэн юм. Экологич мэргэжил тухайн үед нийгэмд тийм ч сайн танигдаагүй байв. Экологи гэдэг нэршил нь ч тэр. Харин надад дотно, сайхан санагдсан. Биднийг одоогийн энэ сайхан цаг үетэй золгуулахын тулд залуу нас, сэтгэл зүрхээ зориулсан ахмад байгаль хамгаалагчдынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, залгамж халааг нь тасалдуулахгүй юм сан гэж чин зүрхнээсээ хүсэж, хичээдэг.
-Байгаль хамгаалагчдыг хүнд нөхцөлд ажилладаг гэж олон улсад үздэг. Тэр хэрээр хөдөлмөрийн үнэлэмж нь өндөр байдаг. Харин Монголд байгаль хамгаалагчид хөдөлмөрийн хөлсний дунджаас хоёр дахин бага цалин авдаг. Хамгийн чухал ажлыг хамгийн бага цалингаар хийж байгаа нь танд чамлалттай санагддаг уу?
-Монголд байгаль хамгаалагчдын нийгмийн асуудал төрийн бодлогын гадна орхигдсон гэхэд буруудахгүй болов уу. Сумынхыг оролцуулахгүй зөвхөн тусгай хамгаалалттай газрынхыг тооцвол улсын хэмжээнд 750-иад байгаль хамгаалагч бий. Эдгээрийн ажилласан хугацаанаас хамаараад таван жил тутамд цалингийн шатлалыг нь ахиулдаг. Ингэхдээ цалинг нь 50-60 мянган төгрөгөөр нэмдэг. Зарим нь “Ийм бага цалинтай гэж бодсонгүй. Хэдхэн төгрөгийн төлөө юун их ажил хийдэг юм” гэж гайхдаг. Бодит байдал үнэхээр ийм байгаа. Байгаль хамгаалагчдын ажлыг төр, засаг хэр хэмжээнд үнэлж байгаагийн илрэл нь энэ шүү дээ.
Бусад мэргэжлийнхэнд ямар нэг үндэслэл, шалгуураар урамшуулал, тэтгэмж олгодог. Багш, эмч нарт тодорхой жилүүдийн давтамжтай тэтгэмж өгдөг бол урлагийн салбарынхныг орон нутагт ажилласан тохиолдолд нэмэгдэл олгох жишээтэй. Харин байгаль хамгаалагчид руу чиглэсэн урамшууллын ийм тогтолцоо, бодлого байдаггүй. Бүгдийнх нь цалинг нэмдэггүй юм гэхэд иймэрхүү уян хатан бодлогоор дэмжих хэрэгтэй шүү дээ.
Байгаль хамгаалагчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулах шаардлагатай гэсэн асуудлыг сүүлийн үед хүмүүс нэлээд хөндөх боллоо. Би үүнийг дэмждэг. Энэ талаар дуугарч эхэлсэнд олзуурхдаг. Ажил үүргээ гүйцэтгэхдээ гэмтэж бэртэх, даарч хөрснөөс үүдэлтэйгээр элдэв хууч, эмгэгтэй болдог учраас байгаль хамгаалагчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулах нь зүйтэй гэж боддог юм.
-Та судалгаанд оролцдог гэлээ. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юү?
-Бид амьтан, ургамлын тархцын судалгаа хийдэг. 7-14 хоног хөдөө явдаг. Жирэмсэн байхдаа хүртэл сарьдгууд руу явж байлаа. Хамгийн сүүлд вансэмбэрүүний дээж авахаар, мөн хандгай, цагаан сүүлт бүргэдийн судалгаагаар хөдөө явсан. Ахмад байгаль хамгаалагчдын үгийг сонсож, тэднээсээ суралцан, хөдөө хээр явах үнэхээр сайхан. Ус борооноос болгоомжлохдоо хамгийн том, саглагар хуш модыг бараадаж л унтдаг даа.
-Таны хань байгаль хамгаалагчийн ажлын онцлогийг хэр ойлгодог вэ?
-Миний хань гал сөнөөгчөөр ажилладаг. Аль аль нь ачаалалтай, цаг наргүй ажилтай учир бие биеэ маш сайн ойлгож, дэмжинэ. Ядарсан, шантарсан үед зоригжуулж, урамшуулдаг.
-Э.Амарзаяа мэргэжлээрээ ажилласнаасаа хойш юуг шинээр нээж, мэдэрч, ойлгосон бэ?
-Хэн хаана төрнө, хэргээ тэнд гаргах ёстой гэж боддог. Ухаан орсон цагаасаа л Хөвсгөл нуурын эрэгт тоглож, уснаас нь ундаалж өссөн. Одоо ч энэ нуурынхаа хөвөөнд ажиллаж, амьдарсаар. Экосистем, унаган төрхийг нь хамгаалахын төлөө чадлынхаа хэрээр хичээж явна. Хүн бүхэнд ийм завшаан, хүндтэй үүрэг ногдохгүй шүү дээ. Дуртай зүйлээ хийх шиг сайхан зүйл байдаггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд ойлгосон.
-Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газарт тулгамдаж буй бэрхшээл юу байна вэ?
-Хамгаалалтын захиргааны ажлыг урагшлуулдаг гол хүч нь байгаль хамгаалагчид. Судалгаа шинжилгээ, хяналт, шалгалт гээд бүх ажлыг тэд нугалдаг. Тиймээс ажил үүргээ аюулгүй, тайван гүйцэтгэх боломж нөхцөлөөр хангах нь чухал. Үүний тулд хөл залгуулах унаатай болгох, шаардлагатай хувцас, хэрэгслээр бүрэн хангах хэрэгтэй. Ядаж л богино долгионы станц, байршил тогтоогч, бие хамгаалах зэвсэг, хэрэгсэл зэрэг наад захын зүйлээр хангаж байж байгаль хамгаалагчдын бүтээмж, чадавх сайжирна шүү дээ. Ер нь аль ч хамгаалалтын захиргаанд техник хэрэгслийн хангамжтай холбоотой бэрхшээл тулгамддаг болов уу.