Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өчигдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр зарим барилгын ажил болон газрын маргаантай холбоотой асуудлыг яаралтай шийдэх чиглэл өглөө. Тухайлбал, Сэлбэ голын хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Эко констракшн”-ыг хууль дүрмийн хүрээнд ажиллуулахыг Хотын дарга үүрэг болгосон. Тэрбээр “Эко констракшн”-ы гаргаж байгаа зохисгүй үйлдлийг яаралтай засаж, залруулж, хууль, журмын хүрээнд ажиллуулах хэрэгтэй. Шаардлагатай бол “Эко констракшн”-ы захирал С.Нямдаваагаар иргэдээс уучлалт гуйлга. Газар дээр нь дагуулж очоод танилцуул, тэр газрыг буцаагаад хэвийн байдалд нь оруулах арга хэмжээ ав. Норм, дүрэм, журмаа барьж ажиллах ёстой. Цаашид дахин хууль зөрчвөл сануулаад, болохгүй бол газрын эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ ав” хэмээсэн. “Эко констракшн”-ынхан Туул голын ногоон бүсэд хууль бусаар барилга барьж, бохироо гол руу цутгаж, иргэдийг бухимдуулж байсан удаатай.
Мөн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд үүссэн асуудлаар холбогдох аж ахуйн нэгжүүд рүү албан бичиг явуулж, шаардлагатай бол цуцлах үүрэг өгсөн юм.