Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд 7-12 насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг 2020 оны тавдугаар сарын 27-нд гарсан. Дэнжийн мянга Цагаан байрны орчим амьдардаг, өсвөр насны дөрвөн хүү ойр орчимд нь тоглох газаргүйгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очсон гэдэг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн, харуул хамгаалалт, аюулгүй байдлыг нь хариуцах учиртай дээрх хэсэгт хүүхдүүд тоглож байгаад ухсан нүхэнд тогтсон усанд живж, харамсалтайгаар амиа алдсан юм. Нас барагсдын хоёр нь нэг айлын хүүхдүүд. Ийнхүү гурван гэр бүлийнхэн үрсээсээ хагацаж, амьдын хагацалд унасан гэхэд болно. Уг хэрэг явдлын улмаас хууль, хяналтын байгууллагынхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, "Хан талст" компанийнхныг хариуцлагагүй хандсан хэмээн Зөрчлийн тухай хуулийн дагуу торгосон удаатай. Гэвч эрүүгийн хэрэг үүсгэх явцад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлага хэргээс сэм мултарсан бололтой юм. Уг хэрэгт яллагдагч, шүүгдэгчээр зөвхөн "Хан талст" компанийн захирал Ш.Бат-Энх татагджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Ш.Бат-Энхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт /Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон.../ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр (2021.03.29) товлосон байсан. 14.00 цагт эхэлсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, яллагдагчийн өмгөөлөгч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дах хэсгийн 6.13 /нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн/, 6.14 /хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан/-т зааснаар гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаасан байна.
Хохирогчдын ар гэрийнхэн шүүх хурал, удаа дараа хойшилж, цаг алдаж байгаад санаа зовж буйгаа илэрхийлсэн. Цаашлаад хэргийг хэрэг биш болгож, хэрэгсэхгүй болгох вий хэмээн хардаж байгаагаа ч нуугаагүй.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2021 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, яллагдагчийн өмгөөлөгч нарын зүгээс гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2021 оны гуравдугаар сарын 2-ны өдөр товлосон боловч Баянзүрх дүүргийн Прокурорын газраас уг хэргийн хяналтын прокурор сургалттай тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн албан бичиг ирүүлсэн тул шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Улмаар 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд яллагдагч Ш.Бат-Энх шинээр өмгөөлөгчийг авсан тул өмгөөлөгч Ш.Төгсгэрэл хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг мөн л хойшлуулсан байдаг.
2021 оны гуравдугаар сарын 18-нд гурав дахь удаагаа талууд шүүх хурлын танхимд цугласан. Гэвч шүүх хуралд яллагдагчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд өөрийн биеэр орно, одоогоор хөл хорионд орсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт шүүхэд ирүүлсэн тул шүүх хуралдааныг хойшлуулсан. Шүүх хурлыг энэ мэтээр удаа дараа хойшлуулж, улмаар илэрхий баримттай хэргийг мөрдөн байцаалтад буцаасанд ар гэрийнхэн нь гомдолтой байгаагаа ахин дахин илэрхийлж, биднийг өнчрөл хагацал туулж, хохирсон дээр нь хохироож, сэтгэл санаагаар туйлдуулж байна хэмээсэн юм.