Цар тахлын нөхцөл байдлын үед цахим сургалт маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв иж бүрэн тохижуулсан Шалгалтын төв, цахим сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх Мультимедиа студитэй болжээ. Салбарын сайд А.Ариунзаяа уг шинэ төвийн нээлтэд оролцож Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд, мэргэжлийн зөвлөл, мэргэжлийн холбоод та бүхнийг салбарын хэмжээний Шалгалтын төв болон Мультимедиа студитэй хамтран ажиллахыг урьсан юм. Шалгалтын төвийг Азийн хөгжлийн банкны “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-өөс санхүүжүүлсэн бөгөөд иж бүрэн тохижуулж, компьютер, тоног төхөөрөмжөөр хангажээ. Тус төвд Мэргэшлийн түвшин тогтоох онолын үнэлгээг тестийн сан, онлайн шалгалтын систем ашиглан зохион байгуулна. Мөн мэргэжлийн сургалтын байгууллагын ижил мэргэжлээр төгсөгчдийн онолын мэдлэгийн үнэлгээ, иргэний мэргэшлийн түвшин тогтоох үнэлгээг графикийн дагуу зохион байгуулах юм. Шалгалтын төв нь сургалтын хоёр танхимтай бөгөөд Мэргэжлийн зөвлөл, холбоод ажил олгогч нар салбарын хүний нөөцийг чадавхжуулах сургалтуудыг чанар, хүртээмжтэй зохион байгуулах ая, тухтай орчин бүрдлээ.Харин ХБНГУ, Австрали, БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн дэмжлэгтэйгээр Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын Мультимедиа студийг байгуулав. Зөөврийн болон студийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон мултимедиа студи нь мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт чанартай цахим сургалтыг бий болгох нэн чухал дэд бүтэц нь болж буй. Мөн салбарын үйл ажиллагааг сурталчлах, хүүхэд залууст мэргэжлийн боловсролын онцлог, давуу тал, үнэ цэнэ, улс эх орны хөгжил, бүтээн байгуулалтад оруулах хувь нэмрийг таниулахад чиглэгдсэн контентуудыг мэргэжлийн зөвлөл, холбоодтой хамтран бүтээх юм байна.