Коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо өдөрт 100-гаас буухаа больж, хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүнийг гэрт нь тусгаарлан эмчлэх дээрээ тулаад байна. Нийслэлээс гадна цөөнгүй аймагт халдвар бүртгэгдэв. Иймд хөл хорио тогтоолгүйгээр гамшгийн үеийн түвшнийг ахиулж, цаашид шаардлагатай гэж үзвэл спортын төвүүдэд ор дэлгэж, резидент эмч нарыг дайчлах бололтой. Гэвч дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэхдээ замхруулдаг, хариуцлага алддаг, иргэдийг чирэгдүүлдэг, цар тахлыг мөнгө олох арга хэрэгсэл болгочихсон хувь хүн, албан тушаалтан байсаар л буй. Тухайлбал, өглөө сэрэхдээ хороогоороо, 30 мянгуулаа хоригдох шийдвэртэй иргэд энэ Засгийн газрын үед нүүр тулав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ салбар бүрийнхэнтэй хийж буй өглөөний уулзалтаа мэдээллийн технологийнхонтой ярилцаж эхлүүлсэн. Засгийн газраа байгуулаад 10 ч хоноогүй байхдаа хийсэн эл уулзалтын мөрөөр тус салбарынхнаас олон улсын зах зээлд гарах боломжтой зарим компанийн удирдлагыг тэрбээр дахин хүлээн авч уулзсан юм. Цар тахлыг цахим шилжилтийг урагшлуулах хөшүүрэг гэж харан, эл салбарыг шинэчилж, өөрчлөхөө мэдэгдсэн Ерөнхий сайдаас мэдээллийн технологийн хөгжлийг шинэ шатанд гаргахын тулд гадаад, дотоодын хамтын ажиллагаа, дэд бүтэц, хууль, эрх зүйн орчныг сайжруулахад төрөөс дэмжихийг захирлууд хүссэн. Ерөнхий сайд тэднийг дэмжин, энэ чиглэлийн тусгай сан байгуулах боломжийг судлахаа илэрхийлсэн билээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр бүх аймгийн Засаг дарга нийслэлд цугларч, энгэрийн тэмдэг, үнэмлэх батламжаа Ерөнхий сайдаас хүлээж авлаа. Хоёр өдөр үргэлжилсэн уулзалтад оролцсон орон нутгийн удирдлагын зарим нь энэ долоо хоногийн эхэн гэхэд Төрийн ордонд эргэлдэж л байсан юм. Цар тахал дэгдсэн энэ үед орон нутагтаа Онцгой комиссын даргын үүрэг гүйцэтгэдэг тэднийг заавал нийслэлд дуудах хэрэг байсан уу гэж асуух хүн ч олон байлаа. Харамсалтай нь, зарим Засаг даргыг харьж амжаагүй байхад улс даяар цаг агаарын байдал эрс муудаж, цөөнгүй хүн амиа алдав.
Мөн эхний 100 хоногтоо багтаан төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийхээ Ерөнхий сайд мэдэгдэж, холбогдох сайд нарт үүрэг, чиглэл өгөөд байна. Үе үеийн Засгийн газраас байнга нэхэж, шаардаж ирсэн ч өнөөдрийг хүртэл ужгирсан эл асуудлыг шийдэж, цэгцэлж чадвал Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн танхимын гавьяа болох биз.