Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас тодорхой ажлуудыг төлөвлөжээ. Тухайлбал, Төв талбайд морь цаг буюу 11.40 цагт ёслолын буудлага хийлээ. Батлан хамгаалах яамныхан Монгол Улсын Зэвсэгт хүчнийг 2050 он гэхэд цэргийн мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүн, шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан орчин үеийн зэвсэглэл, цэргийн техник бүхий чадварлаг болгоно хэмээн тодорхойлоод байгаа билээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн энхийг сахиулах ажиллагаа буюу НҮБ-ын мандаттай энхийн сахиулах ажиллагаанд дэлхийн 100 гаруй орон цэргээ илгээж энх тайвны үйл хэрэгт оролцож буй НҮБ-ын тогтоосон үнэлгээгээр Монгол Улс 22-т жагсдаг аж.