Их Британийн вант улсын хунтайж Харри телевизийн хөтлөгч Опра Уинфрид өгсөн дуулиант ярилцлагынхаа дараа ах Уильям, аав Чарльз нартай ярилцсан боловч "үр дүн муутай" болсон гэж CBS News мэдээлэв. Тус телевизийн мэдээлснээр яриа үр дүнтэй болоогүй ч хааны гэр бүлтэй хэлэлцээ эхэлж байгаад баяртай байгаагаа Харри болон түүний эхнэр Меган Маркл нар тэмдэглэжээ. Мөн хааны гэр бүл Меган Марклтай өөртэй нь хараахан холбоо бариагүй байгааг телевизийн сэтгүүлч онцлов.
Америкийн алдарт телевизийн хөтлөгч Опра Уинфрид өгсөн ярилцлагадаа Сассексийн гүн, гүнгийн авхай нар хааны гэр бүл, Их Британийн хаант улсын нэр төрд толбо болохоор хэд хэдэн шуугиант мэдэгдэл хийсэн юм. Тодруулбал хааны гэр бүлийн нэг гишүүн Марклын хэвлий дэх хүүхдийнх нь арьсны өнгөнд санаа зовж байгаагаа илэрхийлсэн, мөн Сассексийн гүнгийн авхай амиа хорлох бодол төрж байсан, түүнд энэ талаар ямар нэгэн тусламж үзүүлэхээс татгалзсан тухай Маркл өгүүлсэн билээ. Тэрбээр мөн Харригийн ахын эхнэр Кембрижийн гүнгийн авхай Кейт өөрийг нь гомдоож байсныг ярьсан юм. Дээрх ярилцлага АНУ-д цацагдсанаас хойш хоёр хоногийн дараа Их Британийн хааны гэр бүл хунтайж Харри, Меган Маркл нарын арьс өнгөөр ялгаварлах үзлийн талаар хэлсэн үгэнд “нухадагуда хандаж” байгаагаа мэдэгдэхийн сацуу "зарим дурсамжууд хоорондоо зөрж магадгүй" гэдгийг тэмдэглэжээ. Букингемийн ордон ярилцлагад хөндөгдсөн бүх асуудлыг, ялангуяа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудлыг хувийн журмаар шийдвэрлэхээ амласан билээ.