Батлан хамгаалахын яамны удирдлага Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс болон Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багуудын бие бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд БНӨСУ-д явагдаж буй НҮБ- ын “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийн захирагч нар ажиллагааны газар орны цагийн байдлын талаар мэдээлэл өгсөн байна. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Юуны өмнө дэлхий нийт “Ковид-19” цар тахалтай тэмцэж байгаа амаргүй цаг үед Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид төр, засгийнхаа шийдвэрээр дэлхийн энх тайвны үйл хэрэгт хувь нэмрээ оруулан үүргээ нэр төртэй гүйцэтгэж буйд Батлан хамгаалахын сайдын хувьд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье. Ажиллагааны газар оронд үүсэж байгаа нөхцөл байдалд маш мэдрэмжтэй хандаж, өдөр тутмын мэдээллүүдийг нэгтгэн цэргийн алба хаагчдаа цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг зохион байгуулалтын өндөр түвшинд авч хэрэгжүүлэх хэрэгтэй” гээд цэргийн багуудын захирагч, удирдлагын бүрэлдэхүүнд албан даалгавар, үүрэг чиглэл өглөө.